УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчөөс өндөр цалинтай боллоо

-Гишүүдийн хутгасан шаварт Ерөнхийлөгч шигдсэнгүй-

Л.Гүндалай гишүүний хэлснээр УИХ-ын эрхэм гишүүдийн хутгасан шаварт Ерөнхийлөгч шигдсэнгүй. Монгол Улс төсвөө энэ онд багтааж баталж амжих, үгүйдээ тулчихаад байгаа энэ үед гишүүд Ерөнхийлөгчийн цалингийн нэмэгдлийг хэлэлцлээ. Хуульд зааснаар дээрх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээс аргагүй юм гэхэд эрхэм гишүүд өмнө нь өөрсдийнхөө цалинг нэмүүлэх кноп дараагүй юм шиг цалингаасаа ичиж цэцэрхэн цаг барсныг яана.

Ерөнхийлөгч сонгогдохдоо оюутнуудыг цалин, тэтгэлэгтэй болгохыг амласан. Амлалтаа биелүүлэхийн тулд Оюутан залуусын цалин, тэтгэлэг, тэтгэмжийн тухай хууль санаачилжээ. Харин уг төсөл Засгийн газарт гацчихаад байгаа аж.

Ерөнхийлөгч амлалтаа биелүүлээгүй байхад УИХ-ын тогтоолоор цалинг нь 30 хувь нэмчихэв. Иймээс “Оюутнуудыг орлоготой болгох асуудлыг миний цалин нэмэхээс урьтаж шийдэх учиртай” гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгч Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд хэсэгчлэн хориг тавьсан билээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооныхон “Ерөнхийлөгч бидэнтэй адил цалингаа нэмүүлэх ёстой” гэж үзээд хоригийг хүлээж аваагүй.

УИХ-ын чуулганаар хоригийг хэлэлцэх үеэр танхимд АН, МАН-ыи гишүүд талцан цэц булаацалдаж гарав. Гэхдээ гишүүд Төрийн өндөр албан тушаалтнууд эмч, багш нараас өндөр цалин авч байгаа нь шударга бус гэдэгт санал нэгдэж байлаа.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр эрхэм гишүүд “Манай тойргийн сонгогч тийм бага цалин авч байхад бид ийм өндөр цалинтай” гэж ирээд л өөрсдийнхөө баталсан тогтоолоо эсэргүүцэх дүр үзүүлцгээв.

Ж.Сүхбаатар гишүүн “Би Ерөнхийлөгч шиг цалингийнхаа нэмэгдлээс татгалзаж, хориг тавимаар байна. Даанч тийм эрхгүй. Нэг удаад ч гэсэн бид үлгэр дуурайл болмоор байна. Тэрбум төгрөг авахгүй гэх зоригтой гишүүн байх хэрэгтэй байна” гээд хоригийг дэмжихийг уриалав.

Л.Гүндалай гишүүн”Ерөнхийлөгч ёс суртахууны хувьд цалингаа нэмүүлмээргүй байна” гэж байхад хоёр байнгын хороо яагаад эсэргүүцээд байгаа юм. Олонхи гишүүд нь Ардын намынх болохоор зуурсан шавартаа Ерөнхийлөгчийг татаж оруулах гээд байгаа юм” гэж бухимдав.

Харин Д.Очирбат гишүүн “Энэ чуулганыг олон улсад шууд дамжуулж байгаа. Гэтэл хамгийн өндөр цалинтай Ерөнхийлөгч, хамгийн бага цалинтай ажилтан хоёрыг жишээд шившгээ дэлгээд байх ямар хэрэгтэй юм. Би л хувьдаа цалингаа нэмүүлмээр байна. Тэгвэл хэл аманд орооцолдохгүй ажлаа хийнэ” гэв.

Ардын намынх бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Төрд ажил хийж байгаа учраас Ерөнхийлөгч цалин авах үүрэгтэй. Зарим гишүүн цалингаа хэд болсныг мэдэхгүй байна. Нэмэгдээд 500 мянган төгрөг хавьд л байгаа” гэхэд Л.Гүндалай “Та өөрөө мэдэхгүй байна. 700 мянган төгрөг гарчихсан байна лээ” гэж сөргүүлэв.

Түүнийг дэмжсэн Г.Баярсайхан “Цалингаа авахад нэг сая гарчихсан байсан байх аа” гэж аядуухан хэлж байлаа. Ийн цалингийнхаа хэмжээг мэдэхгүй гишүүдийн дотор “Ерөнхийлөгчийг нэмэгдлээсээ татгалзвал Төрийн тэргүүний хувьд хамгийн өндөр цалинтай байхаа болино. Тэр хэмжээгээр хариуцлага нь суларна” ч гэж хэлэх нэгэн байсан.

Санал хураахад 25 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэсэн бол 24 нь эсэргүүцсэн юм. Ингэснээр Ерөнхийлөгч нэг сая 400 мянган төгрөг болсон цалингийнхаа нэмэгдлээс татгалзаж 980 гаруй мянган төгрөгийн цалин авахаар боллоо.

Цалингийнхаа хэмжээгээр түүний ард байдаг Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нэг сая 73 мянган төгрөгийн цалингаар төрийн өндөр албан тушаалтнууд дунд толгой цохиж байна.

Б.Цэцэгдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих