Ухаалаг шилэн дээлтэй бондын бонус
Хоршоо үгэнд манай дарга нар дуртай гэж жигтэйхэн. Нэг хоршоо үг бодож бодож олоод нөгөөхөө бүтэн жил “мөлжинө”.
“Солонгон эдийн засаг”
Өнгөрсөн жилийн Эдийн засгийн Форумаар “Солонгон эдийн засаг” гэдэг юм бодоод олчихсон ёстой “таанцлаж ”гарах нь тэр ээ. За хамаг юмаа солонгоруулаад бүх төрөлд хүч үзэх юм яриад байсан ч тэрүүхэн тэндээ пурхийгээд л өнгөрсөн. Иймэрхүү хоршоо үг олохоороо сүртэй зарлана гэж жигтэйхэн. Тууз хайчлаад л, эгнээд л, бүрээ бөмбөр болоод л, бүх хэвлэлийн микрофонуудыг урдаа овоолоод л, ардуураа муусайн сайд нарыг чинь эр эмээр нь эрийтэл нь өрж байгаад л ярьж өгнө дөө.
Түүнээс хойш “Солонгон эдийн засаг” маань яг юу болоод явсныг би ч олж харсангүй, та бүхэн ч олж хараагүй гэдэг нь тодорхой. Харин саяхнаас мөнх хөх тэнгэрээс мессэж ирж “888” хөтөлбөр гэдэг санаа чулуудсан тул бондын мөнгөөрөө түүнийг санхүүжүүлж эдийн засгийн хямралаас гарах юм яриад байгаа. Чацаргана тариад, хогны уут хийгээд, скочны цех ажиллуулаад хямралаас гараад явчихдаг бол сайхан л байна.
Ер нь мөнгө байгаад хямралаас гарчихдаг бол хямрах нь битгий хэл хөгжиж дэвжээд сүйд болчихоор үе Монголд бишгүй л байлаа. Одоогийнхоос хоёр дахин их мөнгөтэй байхдаа ч жижиг сажиг цех, үйлдвэрлэгчдээ дэмжээд дэмжээд яваагүй нь мөнгө биш бодлого дутаад байгаагийн илрэл юм.
“Шилэн данс”
Худлаа хоршоо үгнүүдийн нэг нь “Шилэн данс”. Алив тэгээд аль ч яамны сайт руу ороод зарцуулсан мөнгө, төсөвлөгдсөн мөнгийг нь, дарга нарынх нь гадаад дотоод зугаалгын зардлыг нь ороод харчих л даа. Ётой харагдана биз дээ. Бүүр зорьж очоод нийслэлийн аль нэг дүүргийн төрийн сангийн дарга даамал ня-богоос нэхвэл “Май” гэсэн хариу авна. Хотын үй түмэн орлогч дарга нарын гадаад зугаалгын зардлыг хаа нэг ёс төдий сонин дээрээс харвал дээдийн заяа. Шилэн биш ширэн данс нь хэвээрээ л байгаа. Хэзээ “шиллэх” юм байгаа юм, бүү мэд. Аливаа төсвийн ерөнхийлөн захирч байгаа дарга нарын идсэн уусныг харах ганц газар нь Аудит боловч тэднийхээс тоо олж харах нь ёстой өдрийн од олж харах анзааны л юм болно. “Шилэн дансанд” итгэсэн юм шиг байж, за яахав дээ “шилэн болсон юм гэнэ лээ” гэх яриа л үлдэх нь санаачилсан хүнд нь чухал юм.
“Бондын бонус”
Чингис өрийн бичгийн 1,5 тэрбум ам.доллар яг Монголд орж ирэхдээ дутуу ороод ирчихсэн гэдгийг хариуцсан нөхдүүд нь сайн нуулаа.
Төв банкны ерөнхийлөгч нь АН-аас томилогдсон. Уутны амаа Золоо хэмээх туршлагатай банкираар тас атгуулчихсан, төрийг нь барилцаад байж байгаа МАХН-ынхан том хүү Шугараараа давхар боолгочихсон тул энэ хавиас юу ч болж байсан хий гарахгүй нь мэдээж болсон юм. Бие биеэ хянаж байгаа царай нь энэ.
Ойролцоогоор 60 сая ам.доллар шанд нь хуваагаад хармаалчихсан нь улсууд шүү дээ. Ямар ч улс оронд их мөнгө босголцоод өр ширийн нарийн сүлжээний учиг зангилааг үдэлцсэн хүмүүст шан харамж бонус болгож мөнгө цаас өгөх нь хэвийн үзэгдэл бөгөөд Чингис өрийн бичгийг зуучлагч пүүсээр дамжуулан зуучилсны хөлс болгож 60 сая ам.доллар тэнд нь “тунгаасан” юм.
Сангийн саад энэ талаар маш туршлагатай бөгөөд Эдийн засгийн дэд саад энэ урлагт бараг л докторын зэрэг хамгаалсан нэгэн. Шугар том хүү бол ёстой ангайгаад тонгойгоод өнгөрсөн бөгөөд мэдээж сармагчин биш учраас сайн ойлгож ухаарч мэдэж авсан нь мэдээж юм.
Бусад фракц уурсаж эхэллээ. Ер нь бондын мөнгөний сургийг сонссоноос гартаа барьж үзээгүй сайд дарга нь бишгүй бий. Ёстой л дээгүүрээ хуваагаад өнгөрсөн дөө, хөөрхий. Чингис бонд үнэндээ хэдхээн хүний л гараар орсон бөгөөд МАХН-ын хувьд 60 саяын бонусан дээрээ под гээд л явчихсан. Мэдээж үүнээс МАХН-ын жирийн гишүүд ёстой үнэр нь ч хүрээгүй. Тэрүүхэн тэндээ л хэдэн хүний хармааг түнтийлгэсэн.
Одоо Самурай бондыг яах вэ?
Самурай бондын мөнгийг бас л зуучлалын пүүсээр дамжуулчихсан. Харин энэ удаад ёстой аймаар азаартсан. Орж ирсэн мөнгөнөөс нь 5.7 тэрбум иен сох дутуу байна. Хөгжилтэй банкны сандарсан захирал нь хүү, шимтгэл хамаг юмаа өгөх ёстой байсан юмаа гээд бүүр ч гал зурж орхив.
Ханаж цадахаа мэдэхээ байчихсан шимэгчдийн Засгийн газрын цөөхөн саадуудад бусад нь галзууртлаа уурлах нь тэр. Яахаараа АН, МАХН-ын хэдхэн саад бүүр УИХ-ын гишүүддээ ч хэлэлгүй хармаа хотоо “Бондын Бонус”-аар дүүргэж жирийн гишүүд нь турж үхэж, ард түмэн нь юу ч мэдэж мэдрэлгүй тэр өрийг нь бонустай нь төлөөд сууж байх ёстой юм бэ?
Ерөнхийлөгч зүгээр хараад суух юм гэжүү? УИХ-ын дарга ч гэсэн “Ардчилал ”гэсэн сайхан малгайн дор авсан суудалдаа ханаад дуугуй суугаад байх гэж үү?
“Дан дээл”
Бондын гэрээ, бонус, зарцуулалтууд хяналтаас гарч бусаддаа тайлагнахгүй байгаа нь “Давхар дээл”-ийг дан болгоход хүчтэй нөлөө үзүүлэх нь мэдээж. Чингис бондыг шимэгчдийн Засгийн газрынхан эд бадыг нь хийсэн бол Самурай бондыг “спикер”-ын засгийн газрынхан эд бадыг нь хийх нь шударга хуваарилалт болно.
Адилхан л идэж уухаас хойш ганцаараа идэж гахай шиг таргалах уу, “Олуулаа” ээлжилж огтоно шиг цадах уу гэдэг л болоод байна.
Эдийн засаг ч болрхоо байлаа. Энэ олон хоршоо үгтэй хоосон уриануудаас “Дан дээл”нь ажил болж, ухаалаг төр нь ажилдаа орж, шилэн дансаа үзүүлж, бондын бонусаас хэдийг авснаа шударгаар хэлээсэй.
Хурай Хурай.
URL: