Хурхирах нь альцгеймерийн өвчин үүсгэдэг
Хурхирах нь Альцгеймерийн өвчний хөгжлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Энэхүү аймшигт өвчин нь тархинд хүчилтөрөгч бага ирснээс болж үүсдэг учир хурхирдаг хүмүүс энэ өвчин тусах эрсдэлд улам их ордог байна.
Мөн зүрхний өвчин, тархинд цус хурах өвчинтэй хүмүүс ирээдүйд Альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдэл улам ихэсдгийг Лидсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа баталжээ. Гэмтэл, цохилтын дараа хүн бүрэн эмчилгээ хийлгэсэн ч өвчин нь хэдэн 10 жилийн дараа илрэх магадлалтай.
Анагаахын их сургуулийн профессор Крис Пирс судалгаа явуулсны эцэст “Бид ангина, эмфизем зэрэг байнгын хүчин зүйлс, зүрхний өвчин, тархинд цус хурах, тархи доргих зэрэг гэнэтийн хүчин зүйлсийн нөлөөгөөр хүчилтөрөгч хангапттай ирж чадахгүй байгаа үйл явцыг судалж байна. Өвчтөн авсан гэмтэл бэртлээ эмчлүүлсэн байсан ч бэртэл эсийн түвшинд нөхөн сэргээгддэггүй. Энэхүү асуудалтай хурхирдаг хүмүүс ч учирч болно. Тэднийг унтаж байх үед тархинд хүчилтөрөгч бага очдог. Хурхирах нь уушиг, зүрхний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаар тархинд сөрөг нөлөө үүсдэг” хэмээн мэдэгджээ.
Профессор Пирс тархины астроцит хэмээх эсийн бүлэгт хүчилтөрөгч бага очсоноос үүдэлтэй гэмтлийг судлан үзжээ. Тархи хэвийн ажиллаж байх үед синапсис явц үүсдэг. Өөрөөр хэлбэл химийн бодисын тусламжтайгаар нэг мэдрэлийн эсээс нөгөө мэдрэлийн эс рүүгээ мэдээлэл дамжуулдаг гэсэн үг. Дараа нь астроцит эсүүд тархинаас энэхүүхимийн бодисыг “цэвэрлэдэг” байна. Судалгаагаар астроцитад хүчилтөрөгч бага очвол тархинаас хуримтлагдсан химийн бодисыг “цэвэрлэх” чадвар нь буурдаг гэж гарчээ. Ингээд химийн бодис цаг мөч өнгөрөх бүр хуримтлагдсаар тархийг гэмтээж, Альцгеймерийн өвчний эх үүсвэрийг тавьдаг байна.
Альцгеймерийн өвчин бол үхэлд хүргэх аюултай, эмчилгээ авдаггүй тархины гэмтлийн явц бөгөөд хэдэн арван жилийн турш хөгждөг байна. 65 наснаас хойш энэ өвчин тусах эрсдэл таван жил тутамд хоёр дахин ихэсдэг гэнэ.
URL: