Чуулган дээрх ”тэмцэл”
Ц.Нямдорж: Хараат бус шүүх хаа байна
С.Эрдэнэ: Эрх баригч намын шийдвэрээр шүүх ажиллаж байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудлыг авч хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор болон орлогч прокурор нарыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн явдал нь шүүх, прокурорын хараат бус байдалд нөлөөлсөн хэрэг болсон гэж сайд Ц.Нямдорж үзсэн юм.
Тэрбээр энэ тухай “Уг нь ардчилсан хэмээх тодотголтой ардчилсан Ерөнхийлөгч ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчимд зарчимд ингэж халдах ёсгүй байсан. Энэ үүд хаалга цаашдаа юунд хүргэх вэ гэхээр 2013 онд гарч ирэх Ерөнхийлөгч “Чи надад таалагдахгүй байна, чи ажлаа муу хийж байна, чи авлигатай тэмцэхгүй байна, чи шударга ёсыг тогтоохгүй байна” гээд одоогийн томилогдсон Д.Дорлигжавыг, одоо томилогдох гэж байгаа Ц.Бямбацогтыг шууд чөлөөлөх үүд хаалгыг бид нээлээ. Ийм юм болж байна. Хоёрдугаарт, сонин сонин юм сүүлийн үед хууль хяналтын байгууллагын хүрээнд харагдах боллоо. Тодорхой нэг хэргийг шийдвэрлэсэн нэг шүүгч, нэг прокурор, хоёр өмгөөлөгчид Ардчиллын 20 жилийн ойгоор алтан гадас одонгоор шагнахыг нүдээр үзлээ. Гавьяатаар шагнасныхаа дараа өргөдлийг нь аваад Б.Цэрэнбалтавыг явуулахыг би үзлээ. “Чи Ерөнхийлөгчийн үүргийг биелүүлсэнгүй” гэсэн бичиг өгсний дараа Дээд шүүхийн ерөнхий шүүгч цагаан туг барьж, ажлаа хугацаанаас нь өмнө өгч Үндсэн хуулиар хүлээсэн хууль шүүхийг манах ажлаасаа татгалзахыг нүдээрээ харлаа. Энэ юу болж байна аа, энэ улсын Үндсэн хууль хаана байна, энэ улсын зарчим хаана байна. Нөгөө хараат бус шүүх хаа байна. Энэ бүгд байхгүй болж байна. Энийг хатуу ч гэсэн хэлэхээс аргагүйд хүрээд би хэлж байна.
Цаашдаа энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, энд сууж байгаа УИХ-ын бүх гишүүд дээд зэргээр дотроо юм бодож энэ ардчилсан үндсэн хуулийнхаа суурь зарчимд битгий халдаачээ гэдэг юмыг л хэлэхийг хүсч байна. Энэ цаашдаа юунд хүргэх вэ. Хэлмэгдүүлэлт ийм жижигхэн юмнаас эхэлдэг. Буруу ажил, буруу явдал ийм юмнаас л эхэлдэг. Энэ хийгээд байгаа ажил ариун явдал мөн үү, Монголын төрд байх ёстой. Биш ш дээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн ч тэр, УИХ-ын дарга ч тэр, Ерөнхий сайд ч тэр, Ерөнхийлөгч тэр шүүх, прокурорт үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Тэр тусмаа Хууль зүйн сайд надад байдаггүй учраас бид Үндсэн хуулийг баталсан юм шүү дээ. Энэ асуудалд цаашдаа их бодолтой хандахгүй бол УИХ-ын гишүүн бичиг явуулаад Авлигатай тэмцэх газрын даргад эрүү үүсгүүлж байна, энэ хаашаа явж байна. Бид мөнх биш шүү дээ. Энэ төр мөнх биш. Бидний цаана үр хүүхэд үлдэнэ. Овлигогүй юмнууд төрд гарч ирээд улстөрийн шалтгаанаар энэ 2,7 сая ард түмнийг чинь хэлмэгдүүлээд эхэлбэл энэ улсууд хаашаа явах юм. Өнөөдөр Ардчилсан нам гарч ирээд нэг хэсгийг аваачиж хийдэг, маргааш Монгол Ардын намынхан гарч ирээд нэг хэсгийг аваачиж хийдэг, улстөрийн зорилгоор. Гяндангийн улс болох үүд хаалга тогшиж эхэлж байна ш дээ. Ийм юманд нухацтай хандахгүй бол цаашдаа хүнд байдалд орно шүү. Үнэн юм ярихаар дургүйцээд байдаг аа болиорой. Би үнэн л юм ярьж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшиж байгаа Ц.Бямбацогтын хувьд хэлэх юм алга. Олон жил прокурорт ажилласан, дадлага туршлага бас байна. Харин тэр хэлмэгдүүлэлтийн тод томруун жишээ 2008 онд гарсан шүү. Тавын таван хүнийг буудаж алчихаад, 700-800 хүнийг хэлмэгдүүлж шоронд хорьчихоод энэний төлөө хэн хариуцлага хүлээсэн юм. Өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй, хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй. Гэтэл манай Хууль зүй дотоод хэргийн сайд шударга имиж гаргаж, гоё сайхан юм яриад сууж байгаа. Энэ хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр Монголд аль хэзээний эхэлчихсэн ш дээ. Юун тэр шударга ёс, юун тэр шударга шүүхийн халдашгүй байдал. Ний нуугүй л яръя л даа. Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурорыг сольсноор улстөрч болоод хувирчихаж байгаа юм байна л даа Энийг хэн ч үгүйсгэхгүй. Нийгэмд өнөөдөр прокурорын байгууллагын яг бодит үнэнийг ярих юм бол иргэдээ хэлмэгдүүлдэг байгууллага л болоод байгаа. Монголд шударга шүүх, шударга прокурор, шударга цагдаагийн байгууллага хаана байгаа юм. Таны удирдаж байгаа цагдаагийн байгууллага өнөөдөр жинхэнэ авлига хээл хахуулийн үүр уурхай болж хувирсан. Монголд өнөөдөр хамгийн баян хүмүүсийг нэрлэ гэвэл би хувьдаа цагдаагийн хурандаа нарыг нэрлэнэ. Хамгийн үнэтэй жип унаж байна, хамгийн үнэтэй хауст амьдарч байна. Өнөөдөр цагдаагийн мөрдөн байцаагч нарын хувьд ярих юм бол жинхэнэ авлигалын үүр уурхай болж хувирсан. Захын иргэнээсээ очоод асуугаарай. Бодит үнэнийг л яръя.
Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурорыг сольсноор улстөрч болоод хувирчихаж байгаа юм байна л даа. Улстөржиж байгаа юм байна л даа. Үүнээс өмнөх бүх үйлдлийг эргээд харъя. Үүнээс өмнө ямар байсан бэ, хэн нь хэн байсан бэ. Би үнэнийг хэлэхээс айхгүй. Үнэндээ бол Монголын хуулийн байгууллага өнөөдөр дампуураад, дампуурлын цаад байдалд орсон ш дээ. Өнөөдөр цагдаа, хүчний байгууллага хэний талд үйлчилж байгаа вэ. Эрх мэдэлтний талд л үйлчилж байгаа ш дээ. Жирийн гомдол бариад очиж байгаа иргэний гомдлыг цагдаагийн байгууллага авдаг уу, авдаггүй.
Прокурорын байгууллага хэн нэгний захиалга аваад ялладаг байсан. Бодит жишээ би өөрөө сууж байна. Шагнал, урамшил ярих юм бол ёстой инээдтэй ш дээ. Монгол даяараа захиалгаар одон, өгдөг, захиалгаар гавьяат өгдөг байсан. Энэ танхим дотор ч өнөөдөр захиалгын гавьяатууд олон сууж байна. Өнөөдөр аливаа асуудал дээр нэг их шударга царайлаад, аливаа юмыг улстөржүүлдэгээ болъё. Өнөөдөр Монгол Улсад хууль дүрэм журам хаа байгаа юм. Хэн хууль дүрмийг биелүүлж, хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр дампуурлын дээд цэгтээ тулчихаад, хууль тогтоох байгууллага нь хүртэл дампуурчихаад сууж байгаа. Засгийн газраа хянаж чадахгүй, Засгийн газартаа дөрлүүлчихсэн бух шиг хөтлөгдөнө. Засгийн газраас гаргасан шийдвэрийг л УИХ-ын гишүүд кнопдчихоод сууж байгаа ш дээ”гэлээ.
Уг нь энэ хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшсэн Ц.Бямбацогттой холбоотой асуудлыг л түлхүү авч хэлэлцэх ёстой байсан ч, түүнээсээ хальсан нь энэ.
Г.Дарь
URL: