Хаус, гэр хоёрыг адилхан үнэлэх дахин төлөвлөлт юм биш биз
Өмч бол ардчилсан нийгмийн үнэт зүйл билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хашаа байшинд амьдардаг айлууд өөрсдийн өмчийг хэрхэн алдагдалгүйгээр, бас ашигтайгаар солилцох вэ гэдэгт ухаанаа уралдуулах хэрэгтэй болов. Нэгэнт эмх замбараанд нь оруулах зайлшгүй шаардлага тулгарсан нийслэл хотоо дахин төлөвлөж, утаанаас ангижрах томоохон төслийг хэрэгжүүлж байгаад удирдлагууддаа талархал илэрхийлэхээс аргагүй. Гагцхүү арга нь ямар байгаа вэ гэдэг нь өнөөдөр олон хүнийг уурлуулж, бухимдуулж, бас нөгөө талаар баярлуулж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эхний ээлжинд 12 байршилд 15 компани сонгогдож, тэдгээрээс одоогоор барилгын угсралтын ажлаа хийж байгаа таван компани байгааг албаныхан онцлов. Харин хоёрдугаар ээлжийн найман байршлыг энэ оны эхээр баталж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 11 компани тухайн байршлын иргэдтэй тохиролцоо хийж, хоёр талт гэрээгээ 75 хувьд хүргэхээр ажиллаж байна. Хэрэв тэд заасан хугацаандаа нийт өрхийн 75 хувьтай гэрээ хийж чадахгүй бол дараагийн компани орж ирэх бөгөөд бүх ажил эхнээсээ эхэлнэ.
Зарим байршилд хэдийнэ хоёр, гурав дахь компани нь орсон бөгөөд ажил нь урагшгүй байгаа учраас энэ удаа боломжийг алдвал дахин төлөвлөлтөд багтах эрхээ хэсэг хугацаанд хасуулах гээд байна гэх хорооны Засаг дарга ч тааралдлаа. Ерөнхийдөө эдгээр 11 компанийн эрхээ авах, өөрөөр хэлбэл энэ төсөлд оролцох уу үгүй юу гэдэг нь шийдэгдэх хугацаа энэ сарын сүүлчээр бүгд дуусах юм. Тэгэхээр үлдсэн энэ өдрүүд энэ компаниудын хувьд тун чухал хугацаа юм. Зарим нь хэдийнэ 70 хувьдаа хүрсэн байхад, 30-40 хувьтай гэх нь ч байна. Нэг талаас бизнесийн ашиг, нөгөө талаас өмчөө алдчих вий гэсэн сэрэмж энэхүү тохиролцоонд зөрүү болж гарч ирээд байгаа юм.
ТОХИРОЛЦОО
“Бид мэдээж энэ ажлыг хийхийн тулд бизнесийн ашгийг бодолцоно. Харин айлууд саналаа хэлнэ. Огтолцол нь зөрүүтэй гарчихаад байгаа юм. Манай компани аль болох зах зээлийн ханшаас давсан үнийг иргэдэд санал болгож байгаа. Тохиролцож чадахгүй цөөхөн тооны хүмүүс бол энэ төслийг яаж унагах уу, яаж эсэргүүцэх вэ гэж бодоод байна. Хэдийгээр бид өөрсдөд алдагдалтай санал тавьсан ч хүлээж авахгүй байна. Дээрээс нь ямар ч бичиг баримт, гэрчилгээгүй иргэд байна. Тэднийг ядаж кадастрын зургаа хийлгээд ир гэхэд л сараар алга болно. Бидний ажил хугацаатай шүү дээ” гэж Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны Б блокийг дахин төлөвлөхөөр иргэдийн дэмжлэгийг авч, хоёр талт гэрээгээ хийж буй “Стандарт капитал” компанийн менежер ярьсан юм.
Тохиролцож чадахгүй байгаа иргэдийн хувьд бас нэг шалтгаан нь тухайн газар дээрх обьект. Хашаандаа зүлэг мод тарьж, жижигхэн дэлгүүр ажиллуулахаар мөнгө гаргаад байшинг нь барьчихсан айлыг, ганцхан гэр модон жорлонтой айлтай адилхан хэмжээнд үнэлж байгааг эсэргүүцэж, шүүмжилсэн хүмүүс олон байна. Хэдийгээр ихэнх компаниуд обьектийг нь тодорхой хэмжээнд үнэлнэ гэдгээ хэлж байгаа ч хэдийнэ тохилог орчин бүрдүүлж, ирээдүйн бизнестээ зориулж багагүй хөрөнгө оруулалт хашаандаа хийчихсэн айлуудын хувьд чамлалттай санагдах нь мэдээж. Энэ мэтчилэн тохиролцоонд саад болох зүйлс мундахгүй байгаа юм.
25 ХУВИЙГ НЬ АЛБАДАН НҮҮЛГЭХ ҮҮ?
Компаниуд заасан хугацаанд хоёр талт гэрээгээ 75 хувьд хүргэж чадахгүй бол төслөөс хасагдана. Харин 75 хувьдаа хүргэчихвэл төслийг эхлүүлэх юм. Гэрээ байгуулахаас татгалзаж үлдсэн 25 хувийг нүүлгэхэд төр оролцож эхлэх ойлголт гэр хорооллынхонд байна. Өөрөөр хэлбэл манайхыг албадан нүүлгэж, өмчийг минь хүчээр авах нь гэсэн айдас хаа сайгүй. Компаниудын зүгээс энэхүү буруу ойлголт нь ажлын явцыг удаашруулж байгааг онцолж байлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооллын нутаг дэвсгэрт гэрээ хийж байгаа “Цэлмэг Ази” компанийн менежер “Бид нүүрэн талын хашаа, голын хашаа, хашаандаа ямар обьекттой гээд айл бүртэй өөр мөнгөн дүнтэй гэрээ байгуулж байгаа. Мэдээж тухайн өмчийн эзний сэтгэлд бүрэн нийцүүлж байж л харилцан тохиролцож байна. 75 хувьдаа хүрчихээд үлдсэн айлуудыг нь албадан нүүлгэнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Энэ 75 бол энэ компаниар хийлгэх үү, үгүй юу гэдгийг л шийдэж байгаа хэрэг. Нэг ч айл үлдээлгүй тохиролцож байж л үргэлжлүүлнэ” гэв. Харин албадан нүүлгэх тухай яриа хаанаас эхтэй вэ. Энэ төслийг гардан хэрэгжүүлж байгаа Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрынхны хэлж байгаагаар тийм үг үсэг журамд огт байхгүй гэнэ
. Тэгвэл УИХ-ын даргын “Дөрвөн уулын дундах гамшгийн менежмэнт” буюу утаанаас ангижрахын тулд албадлага хэрэглэхээс аргагүй гэсэн ярилцлага, Хот, суурин газрын хуулийн төсөл, утаагүй зуухаа хэрэглэхгүй айлыг албадан нүүлгэнэ гэсэн Хотын даргын үг энэ бүхэн дээрх хандлагыг гаргаад байгаа юм болов уу. Томчуудын том үг уг ажлыг гардан хийж байгаа барилгын компаниуд, газраа яаж өгөхөө шийдэж ядаж байгаа иргэдийн хооронд үл ойлголцол үүсгэж, нийтээрээ зориглон хөдөлсөн энэ төслийг удаашруулаад байна уу. Яах аргагүй л тийм бодол төрж байна. Тэгэхээр 75, 25 гэсэн хоёр тооны учрыг иргэдэд нээлттэйгээр, тэр тусмаа төрийн байр суурийг тодорхой харуулан тайлбарлах хэрэгтэй болжээ.
Б.ТӨГС
URL: