Хаврын чуулганы үеэр царцаасан барилгын санхүүжилтииг шииднэ гэв
Сангийн сайд Ч.Улаан өчигдөр 11-11 төвд ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаархи байр сууриа илэрхийллээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа житдрээгүй, мөн урьд жилүүдэд хэрэгжүүлж ирсэн алдаатай бодлогын уршгаар эдийн засагт хүндрэл үүсчээ. Энэ оны нэгдүгээр улирдлын байдлаар татварын орлого 20 хувиар тасарсан үзүүлэлттэй гарсан аж. Урьд жилүүдтэй харьцуулахад, татварын орлого төвлөрүүлэлтийг нэгдүгээр улиралд багаар тооцсон байсан. Гэвч татварын орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй нь анхааруулга өгч байна гэж Сангийн сайд тодотгосон юм. Мөн 2014 онд Монгол Улс бялхаж цалгиж чадахгуй нь нэгэнтээ тодорхой болсон тул тэвчиж болох зардлаа танах, олсноо үр ашигтай төсөлд зарцуулах, төсөв ерөнхийлөн захирагч нарт хяналт тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг энэ үеэр онцолсон юм.
Түүнчлэн тэрээр “Монгол Улсын өрийн хэмжээ хуулиар тогтоосон хязгаартаа байгаа. 2013 оны гүйцэтгэлээр ДНБ-ний 50 хувьдаа багтсан. Энэ нь сэрэмжлүүлэх төвшинд хүрсэн гэсэн үг биш. Харин энэ онд өрийг ДНБ-ний 40 хувь руу буулгах ёстой” гэсэн юм. Мөн царцаасан барилгын талаархи асуултад “Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 243 обьектын өртөг зардал нь өссөн байсан учраас УИХ-ын төвшинд “царцаасан”. Гэхдээ 2014 оны төсвийг УИХ-аар батлахдаа 139.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Сангийн сайдын багцад баталж егсөн, түүгээр тэргүүн ээлжийн обьектыг сонгон авч хэрэгжүүлнэ. Хаврын чуулган эхлэхээр УИХ энэ асуудлыг ул суурьтай хэлэлцэж царцаагдсан барилгын хөрөнгө оруулалтаас хэдэд нь санхүүжилт олгох вэ, хэдийг нь дараа жил шилжүүлэх вэ, мөн ямар обьектыг хувьчлах вэ гэдгийг нэг бүрчлэн шийднэ” гэсэн юм.
Иргэдийн зарим асуултад түүний хэрхэн хариулсныг хүргье.
-Тендер шалгаруулалт танил тал, дарга даамал дагаж яваад байна гэх юм. Үүнд Сангийн сайд хяналт тавих боломж байна уу?
-Тендер шалгаруулахад хууль журмаа чанга мөрддөггүй, танил тал хардаг, лоббинд автдагявдал байна. Тендерийн хуулийг шинэчлэн баталснаар Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан, тэнд тендер зарлагдаж байгаа. Мөн орон нутгууд тендер зарладаг. Өөрөөр хэлбэл, олон газар тендэр зарлаж байгаа нөхцөлд гажуудал үүсч байгааг үгүйсгэх аргагүй. Цаашдаа тендерийг цахимаар хүлээн авахаар бэлтгэгдэж байна. Бүх тендерийн материалыг цахимаар хүлээн авдаг болсон нөхцөлд маргаан арилна.
-Эдийн засаг хүндэрсэн тухай ярих боллоо. Юунаас болоод ийм байдал үүсчих вэ?
-Эдийн засагт амаргүй хүнд сорилтууд тулгараад байна. Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Бидний үйл ажиллагаатай холбоотой асуудал байна. Нөгөө талаар урьд явуулж байсан бодлогын үр дагавар. Эхний нэг улирал дууслаа, улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй. Энэ нь экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр үнэ нь буурсан нь эргээд гаалийн татвар дээр тасалдал үүсгэлээ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч чадаагүй байгаа нь мөн татварын орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнээсээ 20 орчим хувиар тасалдахад нөлөөлсөн. Гэхдээ 2014 оны төсвийг батлахдаа нэгдүгээр улиралд төвлөрүүлэх татварын орлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад багаар төлөвлөсөн байсан ч тасалдал үүссэн нь том дохио. Тэгэхээр 2014 оны төсөв бялхаж цалгихгүй болохоор танаж болох зардлаа танаж, зарлагаа багасгах, олсноо зөв зүйлд зарцуулах шаардлага байна гэсэн үг.
“Нийслэл Таймс”
URL: