PC тоглоомын газарт 4000 төгрөгөөр хонуулж байна
Улаанбаатарт интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй байдаг. Энд ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд, залуус аллага хүчирхийлэлтэй тоглоомыг хэсэг бүлгээрээ олон цаг, хоногоор тоглож, архи тамхи хэрэглэн, садар самуун цахим хуудас үзэх зэрэг сөрөг үр дагавар гарч эцэг эхчүүд, багш нарын сэтгэлийг ихээр зовоодог.
Тэгвэл “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг Засгийн газраас гаргасан. Журамд цахим тоглоомын газрыг орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож байгаа юм. Мөн ажлын байрны дотор болон гадна орчинд камерын хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, сургуулийн насны хүүхдийг зуны улиралд 20:00 цаг, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх зэргийг журамласан.
Хүүхдүүдийн цаг нь дуусахаар гаргана. Угаасаа бүх тоглоомын газар л шөнө дунд хүртэл ажилладаг. Хүүхдүүдийн эрх чөлөөг хязгаарласан журам гаргах нь буруу. Мэдээллийн зуунд бүх хүн л интернэтээр мэдээллээ солилцож байна. Харин есөөс доош насны хүүхдийг тоглуулдаггүй
ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн тул дунд сургуулийн хүүхдүүд цахим тоглоомын газарт хонож байна. Манай хүүхэд хоёр, гурван хоног гэртээ ирсэнгүй гэх гомдол Засгийн газрын 1111 төвд нэлээдгүй бүртгэгджээ. Тиймээс бид бодит байдлыг сурвалжлахаар МУБИС-ийн ойролцоо болон гэр хорооллын хэд хэдэн цахим тоглоомын газраар 21:00 цагаас хойш явж үзсэн юм.
МУБИС-ийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газруудын ихэнх нь том өрөөнөөсөө цааш нуугдмал гэж хэлж болохоор багадаа дөрвөөс дээш зарим нь арван өрөөнд хүүхдүүдийг тоглуулж байна.
Тоглоомын газрын эзнээс 21:00 цагаас хойш яагаад дунд сургуулийн хүүхдийг тоглуулж байгааг асуухад “Хүүхдүүдийн цаг нь дуусахаар гаргана. Угаасаа бүх тоглоомын газар л шөнө дунд хүртэл ажилладаг. Хүүхдүүдийн эрх чөлөөг хязгаарласан журам гаргах нь буруу. Мэдээллийн зуунд бүх хүн л интернэтээр мэдээллээ солилцож байна. Харин есөөс доош насны хүүхдийг тоглуулдаггүй” гэсэн юм.
Цааш явж дүүгээ хайх нэрийдлээр өрөөнүүдээр шагайж үзвэл сурагчид олон байна. Гэтэл тоглоомын газрын эзэн “Ямар хүүхэд хайж байгаа юм. Зургийг нь утастайгаа үлдээчих. Дунд сургуулийн хүүхэд хонуулахаар эцэг эхчүүд хэл ам хийгээд байдаг юм. Сүүлийн үед хүүхдээ сурагласан хүмүүс оройн цагаар их ирэх болсон. Хүүхдэдээ хяналт тавьж чадахгүй мөнгөний хойноос явж байгаа эцэг эхэд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Бид бол орлогоо л бодно” гэв.
Тус тоглоомын газарт хүйтэн ундаа, бэлэн гоймон, хуушуур пирошки хүртэл худалдаалж байлаа. 22:00 цаг өнгөрч байхад хуушуур, пирошки, ундаа хангалттай харагдаж байна.
Шөнө нь идэх хүнс буюу бэлэн хоол, чихэр, ундаа торонд хийж барьсан хоёр хүүхэд орж ирлээ. Хонох үгүйг нь асуухад “Найзуудыгаа хүлээж байна. Хотын төвийн тоглоомын газрууд 4000 төгрөгөөр хонуулдаг юм. Орц, подвальд байдаг газрууд 1500-3500 төгрөгөөр хонуулдаг” гэлээ. Нэг нь найздаа танайд хононо гэж хэлсэн гээд инээлдэж байна.
Баянзүрх дүүргийн гэр хорооллын дунд байрлах цахим тоглоомын газарт очлоо. Бас л дунд сургуулийн болон оюутан залуус дүүрэн байна.
“Танайд манай дүү хоносон байсан. Хүүхдийг 20:00 цагаас хойш оруулахыг хориглосон биз дээ” гэхэд” “Бидний ид орлогын цаг 18:00 цагаас хойш байдаг. Тэгж ярих юм бол хонуулдаггүй тоглоомын газар гэж хаана ч байхгүй. Өөрөө яваад үз. Ер нь машин ачихын оронд хүүхдээ харахгүй байгаа эцэг эхчүүдэд торгуулийн хуудас явуулбал таарна. Өдөр нь хоёр цаг тоглочихоод хэдэн цагийн дараа эргээд орж ирж байгаа хүүхдийг бид танихгүй” хэмээн эзэн нь бухимдлаа.
Ихэнх тоглоомын газрууд дунджаар 100 компьютертэй байдаг бөгөөд өдрийн цэвэр ашиг нь дунджаар 300 орчим мянган төгрөг байдаг аж. Энэ орлогоосоо 20 мянган төгрөгөөр торгуулаад хүүхэд хонуулах юу ч биш юм шиг санагдлаа.
Садар самууныг сурталчилсан, мөрийтэй тоглоомын шинжтэй сайтууд руу нэвтрэхийг хориглосон программ суулгасан уу гэхэд сонсч байгаагүй гэлээ. Дээд зэрэглэлийн буюу бидний ярьдгаар VIP өрөөтэй, хоол, ундаа, тамхи, шар айраг худалдаалдаг газрууд хоногийн 5-7 мянган төгрөг, дундаж газрууд нь 3000, агааржуулалт муутай ариун цэврийн өрөөгүй тоглоомын газруудад хоновол 1500 төгрөгийн ханштай байдгийг тэнд тоглодог нэг залуугаас олж сонсов.
Цахим тоглоомын газруудад оройн цагаар цагдаа нар хааяа гэнэтийн шалгалт хийдэг байна. Тэгэхдээ сургуулийн хүүхдүүдийг гаргаж цаг хэтрүүлэн ажилласан буюу хүүхэд хонуулсан тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгодог гэнэ.
Ихэнх тоглоомын газрууд дунджаар 100 компьютертэй байдаг бөгөөд өдрийн цэвэр ашиг нь дунджаар 300 орчим мянган төгрөг байдаг аж. Энэ орлогоосоо 20 мянган төгрөгөөр торгуулаад хүүхэд хонуулах юу ч биш юм шиг санагдлаа.
Сурвалжлагаар явж байхад анхаарал татсан нэг зүйл бол PC тоглоомын газрыг нээж, ажиллуулахдаа Нийслэлийн Онцгой байдлын газраас галын дүгнэлт авч, дүүргийн цагдаа нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад л болдог гэнэ.
Чамгүй ашигтай энэхүү бизнес ид цэцэглэж бидний ирээдүй тэр дотор бойжиж байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн яг одоо хүүхдээ хаана юу хийж байгааг асуугаарай. Магадгүй таны хүүхэд найзындаа хононо гэж хэлээд цахим тоглоомын газар аллага хүчирхийлэлтэй тоглоом олон цагаар тоглож, найзуудтайгаа дарвин архи, тамхи хэрэглэж байгаа юм биш биз. Та нэг бодоод үзээрэй. Алаг үрээ нэг анзаараарай.
С.Уянга
Зууны мэдээ
URL: