Мөнгөгүйн зовлонг мэдэрч эхэллээ, бид

079633362bdb88f5big
Монголд үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй 71.6 мянган аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжийн олонх нь мөнгөний хомсдолд орж, алдагдалтай ажиллаж байна. Тэд хэр удаан ингэж тэсэх, тэвчиж чадах эсэхийг мөнгө л шийднэ. Тэд мөнгөгүйн улмаас ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь өгч чадахгүй, зээлийн дарамтад орж, үйл ажиллагаа нь доголдож байгаа нь нууц биш.

Монголын эдийн засгийн чуулган өнгөрсөн долоо хоногт болж, оролцсон гурван хүн тутмын нэг нь мөнгөгүйн зовлонг тоочиж байсан. Ингэж хэлэх хүмүүсийн дийлэнх нь баялаг бүтээгч байв. Тэд өөрсдийн өмнө тулгарч буй бэрхшээлээ боломж олдсон зуур төр засагт хэлж, цаг зуурын саадыг хэрхэн гэтлэх талаар хоорондоо ярьж байсан. Монголдоо хамгийн мөнгөтэй баймаар эдгээр хүмүүс нэгнээсээ мөнгө сураглаж яваа нь нэг талын гайхмаар. Нөгөө талдаа тэд ингэж шалдаа буусан гэхээр бусад нь яах билээ гэж бодмоор. Зарим нь чуулга уулзалтад оролцох мөнгөгүйн улмаас энэ жилдээ “өнжсөн” гэх. Хэдий аргаа барсан хүний тайлбар мэт боловч бодит байдал ийм байна. Монголбанкнаас өнгөрсөн жилийн турш эдийн засагт гурван их наяд төгрөг нийлүүлээд ч зах зээлд тэнхээ сууж, бүтээмж төдийлэн эрс дээшилсэнгүй. Зөвхөн түр зуурын цангаа тайлсан бололтой.

Бараа, бүтээгдэхүүний худалдан авалт багаслаа, ресторан, уушийн газраар үйлчлүүлэгсдийн тоо цөөрлөө, захын лангууны барааны эргэлт удааширлаа гэх мэт үзэгдэл гарч байгаа үндсэн шалтгаан нь манай эдийн засагт мөнгө дутагдалтай байгааг, бизнесүүд, хувийн хэвшилд мөнгө хомсдолтой байгаа явдал юм. Эдийн засагт мөнгө ийнхүү дутагдах болсон нь өнөөх л экспорт олигтой сэргэж өгөхгүй, гадаадын хөрөнгө оруулалт огцом татарсан явдал билээ. Тэгвэл мөнгөний энэ их дутагдлыг нөхөх гэж Монголбанк эдийн засгийн бодит секторт мөнгөний нийлүүлэлт хийсэн гэдэг. Бодит байдал дээр одоо ч барааны борлуулалт муудаж, ресторан, зах, дэлгүүрээр үйлчлүүлэгсдийн тоо цөөрснөөс үзэх юм бол мөнгөний хомсдлыг нөхөх гэж Монголбанкны нийлүүлсэн мөнгө харин ч багадсан юм биш үү?

“Тунгалаг тамир” романы Итгэлтийн “дүр”-үүд өнөөдөр ачааны хүндийг үүрч яваа гэвэл дэгсдэхгүй. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт “үсэрсэн” монголчууд засгийг бус хувийн хэвшлээ харж амьдардаг гэвэл онох биз. Тэгвэл тэд одоогийн зах зээлдээ оршин тогтнож үлдэхийн тулд урсгал зардлаа багасгаж, хэмнэлт хийх талаар аль хэдийнэ бодоод эхэлж. Энэ нь нийгмийн амьдралд төдийлэн хүсээд байх зүйл биш юм. Тэр тусмаа ажлын байр хомс, ядуурал өндөр байгаа Монгол орны хувьд тун муу мэдээ.

Мөнгөгүйн зовлонд туйлдсан хувийн хэвшлийн салбар дорвитой томорч чадахгүй, одоо байгаа нь давжаарах тусам хөгжил удааширч, хүмүүсийн амьдрал доройтно. Цаашилбал, эдийн засгийн өсөлт царцаж, зах зээл хумигдаж эхэлнэ. Ингэснээр бидний төсөөлж буй хөгжил бүдгэрч, мөнгөний эргэлт саарна. Зээлийн хүү буурах бус олдоц нь багасч жижиг, дунд аж ахуйн нэгжийн хувьд маргааш улам хүнд болно гэсэн үг. Энэ нь жижгээс томд халдварлаж, чөлөөт зах зээл өрсөлдөөн үгүй болно. Хэрэглэгчийн сонголтод хүртэл хязгаар тогтож, эдийн засгийн нөхцөл байдал улам доройтох эрсдэлтэй аж. Үүнийг өгүүлэх эдийн засагч ямар ч тохиолдолд хувийн хэвшлээ төр дэмжих хэрэгтэй. Тэд л улс орноо хямралаас гаргаж бас аварч, хөгжилд хөтөлдөг хэмээн учирласан юм.

Монголд үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй 71.6 мянган аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжийн олонх нь мөнгөний хомсдолд орж, алдагдалтай ажиллаж байна. Тэд хэр удаан ингэж тэсэх, тэвчиж чадах эсэхийг мөнгө л шийднэ. Тэд мөнгөгүйн улмаас ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь өгч чадахгүй, зээлийн дарамтад орж, үйл ажиллагаа нь доголдож байгаа нь нууц биш. Зөвхөн өөрийн төлөө бус өрөөл бусдын амьдрал, тэдний ирээдүйг атгаж яваа эздийн хувьд мөнгө цагаан, нүд улаан гэгч болчихоод байгаа нь энэ.

Б.Алтай /Mongolianeconomy.mn/


URL:

Сэтгэгдэл бичих