“Орчлон констракшн”-ий шинэ барилгуудад цууралт үүсчээ
Хан-Уул дүүрэг дэх арьс ширний 27, 28 дугаар байрны барилгыг “Орчлон констракшн” ХХК барьж гүйцэтгэжээ. Хуучирч муудсан барилгыг буулгаж суурин дээр нь дахин төлөвлөлтөөр 13 давхар шинэ барилга барьж өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан байна. Гэвч ашиглалтад ороод удаагүй цэмбэгэр барилгын шал цөмөрч, хананд нь цууралт өгсөн гэх олон асуудлыг дагуулсан. Тиймээс бид нөхцөл байдлыг сурвалжлахаар очсон юм. Байрны оршин суугчид “Айлуудын хана цуурч, шал цөмөрсөн. Тэгээд “Орчлон констракшн”-д өргөдөл өгтөл шийдвэрлэж өгнө гээд удаж байна. Зарим хүн аргаа бараад хэвлэлийн хурал хийнэ гэж байсныг болиулсан юм байна лээ” гэв.
Арьс ширний 27А байранд 120 гаруй оршин суугч байдаг бөгөөд зарим айлын даацын хана, тааз нь цуурсан байлаа.
Бидний уулзсан нэгэн айлын эзэд цуурсан даацын хананы нүхэн дээр зурагтаа байрлуулж хаажээ. Цуурсан хэсгээр харвал хонгилын гараж харагдаж байна. Гэрийн эзэн “Манайх нялх хүүхэдтэй учраас цуурсан хэсгээр салхи нэвт үлээгээд хүндрэлтэй байдаг. Энэ өвөл бүр хэцүү байсан. Гомдол гаргахаар засварлаж өгнө л гэдэг. Хүүхдийн тоглоомын талбай дээр хайрга асгаад цементлээгүй учраас хүүхэд тоглох аргагүй. Мөн байрны засвар үйлчилгээ, халаалт, цэвэр ус, бохир усны мөнгийг СӨХ-ноос гадна “Жинст өргөө” гээд компани давхар хураадаг. “Орчлон констракшн”-ийн охин компани гэсэн.
Ямар учиртайг нь мэдэхгүй” гэв. Мөн дээд давхрын С гэдэг айлын шал цөмөрсөн гэсэн гэж байрны эгч хэлсэн юм.Гадна коридорын тааз бас л цуурчээ. Өвөл дулааны шугам нь хөлддөг учраас даавуугаар хэд давхарлан ороосон гэнэ. Энэ байрны голдуу 2-3 өрөө байранд орсон айлуудын шал цөмөрсөн гэдгийг иргэд хэлж байлаа. Биднийг айлуудаар ороход “Орчлон констракшн”-ийн барилга ашиглалтын албаны н.Янжин гэх эмэгтэй “Айлуудаар орох шаардлага байхгүй. Бид оршин суугчдын гомдлыг хүлээж авсан. Хана, тааз цуурах байдаг л асуудал” хэмээн байраа үзүүлэхээр гарч ирсэн иргэдийг буцаасан юм.
27А байрны замын эсрэг талын арьс ширний 28-дугаар байр мөн л ийм асуудалтай байгаа гэнэ. Энэ байрны оршин суугч эмэгтэй “Цахилгаан шат бусад байрныхыг бодвол их жижигхэн. 3-4 хүний багтаамжтай. Иргэдэд худалдахдаа бүрэн цутгамал гэж байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Анх метр.кв-ыг нь 1.2 саяар үнэлж байсан ч сүүлдээ иргэдэд 2.1 саяар өгсөн. Загварын гоё зургийг нь харж орсон иргэд хулхидуулсан. Хананд нь юм тогтоох аргагүй гээд тоочоод байвал асуудалтай зүйл их байна” гэсэн юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: