Хар салхинд өртсөн хүмүүст туслахын тулд тав хоног сагсан бөмбөг тогложээ

095eaf700afb6f8d62be34d3685e147b_LМАНИЛА. /ВВС/. Хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслах санхүүжилт босгож, дэлхийн дээд амжилт тогтоохын тулд Филиппинд сагсан бөмбөгийн хоёр баг таван хоногийн турш тасралтгүй тогложээ.

Мэргэжлийн бус 24 тоглогч өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт тоглолтоо эхэлсэн аж. Энэ хугацаанд тэд ээлж ээлжээр идэж, унтаж байсан байна.
Шүүгчид шүглээ үлээж, тоглолт дуусах үед тоглогчид 120 гаруй цаг тоглосон байжээ. Ингэснээр тэд хоёр жилийн өмнө АНУ-д тогтоосон 112 цагийн дээд амжилтыг эвдэж чадав.
Үүнийг урьд өмнө нь болж байгаагүй сагсан бөмбөгийн хамгийн удаан үргэлжилсэн тоглолт болохыг дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номын албаны хүн баталсан байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Хайян” хар салхи дайрсан Лейте арал болон бусад бүсийн оршин суугчдад туслах мөнгө босгохын тулд ийм арга хэмжээг иргэдийн нэг бүлэг зохион байгуулсан гэнэ.
Хандивын 70 мянга орчим долларыг хар салхинаас амь гарсан хүмүүст орон байр барихад зарцуулах юм.

Г.Доржханд МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих