Америк бол “Амь эрэг” гэсэн монгол үг
Европуудын хэзээнээс шинэ ертөнц гэж тэмдэглэж ирсэн Хойд болон Өмнөд Америк тивийн нэрний үүслийн тухай түүхчид нэгдсэн дүгнэлтэд хүрч чадалгүй өнөөг хүрсэн билээ. Зарим нь шинэ ертөнцөд анх хөл тавьсан гэх Флоренцийн алдарт далайн аялагч Америго Веспуччигийн нэрийг өгсөн гэдэг бол олон түүхч өөр хувилбар дэвшүүлдэг.Тэдний үзэж буйгаар Бристолийн толгой баян Ричард Америк гэгч Жон Каботын ахалсан Антлантын далайг гатлах хоёрдугаар тойрон аяллыг санхүүжүүлсэн бөгөөд Жон Кабот Америго Веспуччигээс даруй хоёр жилийн өмнө буюу 1497 онд Лабрадорын эрэгт газардахдаа шинээр нээсэн эх газарт ивээн тэтгэгчийнхээ нэрийг өгсөн гэдэг. Аль аль нь таамаг төдий зүйл гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Тэгвэл саяхан АНУ-ын “Atlantic Science” сэтгүүлд түүхч Жон Ладухийн нийтлэл хэвлэгдэн эрдэмтдийн дунд шуугиан дэгдээгээд байна. Түүний үзэж буйгаар Америк нэрийг дээр дурьдсан хоёр далайн аялагч бус Японы эрэг хавьд 1281 оны наймдугаар сарын нэгэнд болсон “Бурхдын салхи” нэр авсан хар салхинд сүйрсэн Хубилай хааны флотын монгол жанжин Бэрх өгсөн гэнэ.
Камиказе буюу “Бурхдын салхи” Монголын дөрвөн мянган хөлөг онгоцыг сүйтгэн 100 мянган дайчдын аминд хүрсэн тухай түүхийн олон эх сурвалж өгүүлдэг. Тэгвэл Жон Ладух тэр үеийн Японы зарим гар бичмэлүүдээс нэн сонирхолтой зүйлийг олж мэджээ. Тэдгээрт тэмдэглэснээр далайн хар салхи намжсаны дараа Бэрке буюу Бэрх нэртэй монгол түмтийн жанжны 40 орчим хөлөг онгоц зүүн хойд зүгийг чиглэн одох нь харагдсан ажээ.
Этнологич мэргэжилтэй Жон Ладух энэ түүхэн тэмдэглэл дээр тулгуурлан Бэрхийн удирдсан хөлөг онгоцууд Америкийн эрэгт хүрсэн байж болзошгүй гэж үзжээ. Тэрээр Аляск, Канад, АНУ-ын баруун эрэг хавиар амьдарч байсан индиан буюу уугуул иргэдийн аман зохиолоос тэрхүү алга болсон флотын үлдэгдлийн тухай ямар нэг зүйл гарч ирнэ гэж найдсан нь талаар өнгөрөөгүй байна. АНУ-ын одоогийн Калифорни мужийн эрэг хавиар амьдарч байсан индиануудын Локном омгийнхны тухай бичсэн XVII зууны угсаатны зүйчийн тэмдэглэлд, “Локномынхон төмрөөр хуягласан хөлөг онгоцуудаас бууж ирсэн харь хүмүүс “Амь эрэг” гэж хашгиралдан газар үнссэн тухай нэгэн сонирхолтой домог ярьдаг. Тэр домгоор бол локномынхон далайн чанадаас ирсэн тэр хүмүүсийг тэнгэрийн элч гэж хүндлэн биширч газар нутгаа тэдний адил “Амь эрэг” хэмээн нэрийдэх болсон” гэж бичсэн нь илэрчээ.
Бүрэн нотлогдоогүй ч Америк тивийн нэрний үүслийн тухай дэвшүүлсэн Жон Ладухийн таамаг түүхийн нэгэн оньсогыг тайлж болзошгүй нь.
Б.БАРС
URL: