“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ
НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцсэн юм.
Тухайн хөтөлбөрийн талаар НЗДТГ-ын дарга, “Ухаалаг Улаанбаатар” төслийн ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.
-“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн талаар тодруулаач?
-“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөрт хоёр гол асуудлыг нэгтгэсэн. Тодруулбал, эхний ээлжинд үйл ажиллагааны шинэчлэлийн асуудал байна. Энэ нь Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгатай холбогдсон захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг шинэчлэх юм.
2014-2016 онд “Цахимжсан Улаанбаатар”, 2015-2018 онд “Технологижсон Улаанбаатар”, 2016-2020 онд “Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар” гэсэн шатлалтайгаар үйл ажиллагаа явагдана.
Харин дараа нь техник технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. Тиймээс “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь эдгээрийг нэгтгэж өгснөөрөө онцлог. Уг хөтөлбөр зөвхөн Улаанбаатарт хэрэгжиж байгаа юм биш. Учир нь дэлхийн 500 гаруй хотод энэхүү “Ухаалаг хот” хөтөлбөр хэрэгжиж байгаа.
-Хөтөлбөрийг хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Урт хугацааны хөтөлбөр гэсэн?
-Хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тодруулбал, 2014-2016 онд “Цахимжсан Улаанбаатар”, 2015-2018 онд “Технологижсон Улаанбаатар”, 2016-2020 онд “Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар” гэсэн шатлалтайгаар үйл ажиллагаа явагдана. Тиймээс Улаанбаатар хот цахимжсан тохиолдолд төрийн үйлчилгээ болон бүх бизнесийн үйл ажиллагаа цахим болно. Түүнчлэн технологийн өөрчлөлтүүдийг хийж нийслэлийн байшин барилга, эрчим хүч, ус хангамж, дулаан зэрэг бүх асуудлыг хэмнэдэг тохируулдаг болно. Тиймээс ч үүнтэйгээ холбоотойгоор менежментийг хотод хийх бүрэн боломжтой болох юм.
Мөн барилгууд нь ухаалаг стандарттай, байгаль орчинд ээлтэй баригддаг байх зэрэг том зорилтуудыг тавьсан хөтөлбөр байгаа. Өөрөөр хэлбэл, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж байх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд ухаалаг засаглал, эдийн засаг, иргэд, үйлчилгээ, орчин, амьдрал гэсэн чиглэлүүдээр хотын үйл ажиллагааг өөрчлөх зорилт дэвшүүлж байна. Ингэхдээ нийслэлийн иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, хувийн хэвшлийнхний бизнесийг дэмжсэн, үйл ажиллагааны харилцан холбоог сайтар хангаж, мэдээллийн нэгдсэн орчинг бүрдүүлэх зарчмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, олон шат дамжлагаар дамжихгүйгээр авах боломжийг бүрдүүлнэ. Дэлхийн хөгжингүй орнуудад нэвтрүүлсэн техник, технологи, инновацийн шилдэг шийдлүүдийг хослуулан Улаанбаатар хотод нэвтрүүлэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 14 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Харин нийтдээ хэчнээн төгрөг зарцуулах нь одоогоор тодорхой бус байна.
-Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх хамгийн эхний чиглэл нь юу байна вэ?
-Зургаан хамрах хүрээнээс эхний ээлжинд Ухаалаг засаглалыг нэвтрүүлнэ. Энэ хүрээнд төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хялбаршуулах буюу цахим болгох асуудлыг шийдвэрлэх юм. Ухаалаг эдийн засгийн хүрээнд төр бизнесийн харьцааг салгах, нийслэлийн өмчийн үйл ажиллагааны давхардал үр ашиггүй байдлыг засч залруулах гэх мэтээр хөтөлбөр цааш хэрэгжээд явна. Хөтөлбөрийн хүрээнд бид энэ онд нийслэлээс үзүүлж байгаа 50 үйлчилгээг онлайн болгож, 20 гаруй үйлчилгээг хороонд шилжүүлэх зорилготой ажиллаж байна.
-“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төргөг зарцуулах тооцоо байгаа вэ?
-Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 14 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Харин нийтдээ хэчнээн төгрөг зарцуулах нь одоогоор тодорхой бус байна. Учир нь хэдий чинээ өндөр техник технологи зарцуулна төдий чинээ хөрөнгө мөнгө зарцуулах байх. Хотын даргын барьж байгаа бодлого бол хамгийн сүүлийн үеийн хамгийн тэвшилтэд технологи нэвтрүүлнэ гэсэн бодлого байгаа. Тиймээс бид дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник шинэчлэл хийнэ.
-Хөтөлбөрийг хэзээнээс албан ёсоор хэрэгжүүлж эхлэх вэ?
-Хөтөлбөр батлагдчихсан учир бид нэн даруй хэрэгжүүлнэ. Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэг зүйлийг маш сайн анхаарах болно. Мэдээж ухаалаг Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд өөрсдөө хөтөлбөрийг ойлгож сайн үүрэг оролцоотой байх хэрэгтэй. Ер нь ухаалаг хот гэдэг бол иргэдийнхээ эрэлт, шаардлагад нийцсэн шийдвэр гаргаж чаддаг хотыг хэлж байгаа. Тиймээс ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа иргэдийгээ сонсдог, хүсэлд нь тулгуурласан байдаг хот бий болно гэж ойлгож байна.
-Иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргахдаа ямар байдлаар оролцуулах вэ? -Иргэдийн ахуй амьдралтай холбоотой шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналд тулгуурлан гаргах эхний алхмууд хийгдэж байгаа. Тухайлбал, газрын асуудлыг иргэдийнхээ нэг цэгийн үйлчилгээ буюу иргэдийн хүлээн авах төв руу шилжүүлсэн. Үүнийгээ улам боловсронгуй болгоно. Энэхүү хөтөлбөрийг баталснаар нийслэлийн иргэд 400 гаруй төрлийн үйлчилгээг нэг цонхоор цахимаар авдаг болж, иргэдийн оролцоог хангасан, шууд ардчиллыг хөгжүүлсэн, авлигагүй, сайн засаглал бүхий “Ухаалаг Улаанбаатар” хотыг хөгжүүлэх боломжтой болж байгаа.
Ж.Отгонмягмар
Монголын мэдээ
URL: