“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно
Эрдэс баялгийн нөөц ихтэй Монгол Улсын эдийн засгийн голлох салбар бол уул уурхайн салбар билээ.Уул уурхайн ид
ажил өрнөхийг угтан энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolia Mining 2014” экспо үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. Ирэх долоо хоногт буюу 2014 оны 4 сарын 10 – 12-ны өдрүүдэдболох үзэсгэлэнд Монголын уул уурхайн салбарыг зорилтот зах зээлээ гэж үзсэн 16 орны 120-оод компани ирж оролцоно. Энэ тухай үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга Т.Баттулгаас тодрууллаа.
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Тэр ч утгаараа уул уурхайн сэдвээр уулзалт, чуулган, үзэсгэлэн цөөнгүй болдог. Энэ бүхнээс “Mongolia mining”-ийн ялгарах онцлог юу вэ?
-Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол салбар. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл манай улсын экспортын 89, ДНБ-ий 21 хувийг эзэлдэг. Энэ хоёрхон үзүүлэлт л энэ салбарын эдийн засагт эзлэх байр суурь, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг илтгэж байна. Түүнчлэн Монгол брэнд, Монгол Улсын өрсөлдөөний давуу талыг тодорхойлъё гэвэл юуны өмнө энэ салбарт анхаарлаа хандуулах учиртай. Эрдэс баялаг, эрдэс баялгаас гарган авсан эцсийн бүтээгдэхүүнээрээ Монгол улс дэлхийн зах зээлд бодитой өрсөлдөх боломжтой.
Нэгэнт уул уурхайн эдийн засагт хамгийн нөлөөтэй салбарын учраасэнэ салбартай хамаатайчуулган, хурал, зөвлөгөөн, арга хэмжээ тогтмол зохиогдох нь зүйн хэрэг. “Mongolia Mining”-ийн тухайд энэ бол чуулган биш, бодлогын хурал ч биш, харин техник, технологийг сурталчилсан худалдааны үзэсгэлэн. Цар хүрээний хувьд энэ бол гарцаагүй Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэн. Хамгийн олон орныг төлөөлөн, хамгийн олон үзэсгэлэн гаргагч оролцсон, хамгийн том талбай хамарсан, Монголд шинээр ирж байга техник технологийг чухамхүү эндээс харж болдог гэсэн гэсэн үзүүлэлтүүдээр“Mongolia Mining” бол Монголын уул уурхайн салбарын хамгийн чухал үзэсгэлэн аль хэдийнэ болсон.
-Өнгөрсөн жилүүдэд танай үзэсгэлэн ямар цар хүрээг хамарч байв? Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна?
-Бид “Mongolia Mining” экспог 2011 оноос хойш зохион байгуулж байна. Мэдээж эхний жилдээ цар хүрээний хувьд харьцангуй жижиг, зөвхөн дотоодын компаниудыг хамарч байсан. Хоёр дахь жилээс гадаадын компаниуд оролцдог болж олон улсын арга хэмжээ болж өргөжин, сонирхогчдын тоо ч асар хурдтай өсөн нэмэгдсэн. Ижил төстэй өөр арга хэмжээнүүд зохион байгуулагддаг боловч “Mongolia Mining дөрөвхөн жилийн дотор монголын уул уурхайн хамгийн том, техник технологитой танилцах, худалдагч худагдан авагчийг холбох үндсэн гарц болсон.
“Mongolia Mining” үзэсгэлэн нийт 4 удаа зохион байгуулагдахад давхардаагүй тоогоор 50-иад орны компаниуд оролцсон байдаг юм. Харин өнөө жилийн үзэсгэлэн буюу Mongolia Mining 2014-д 16 орны 120-иод компани оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна. Гадна талд нь техник дэлгэн үзүүлэх томоохон талбай зайлшгүй шаардлагатай тул манай үзэсгэлэн өнөө жилээс эхлэн тул “Буянт-Ухаа” цогцолборт зохион байгуулагдах болсон.
Үзэсгэлэн үзэж сонирхогчийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил үзэсгэлэнг салбарын 4000 орчим хүн үзэж сонирхсон бол өнөө жил үзэсгэлэн болохоос өмнө урьдчилан бүртгүүлсэн үзэгчийн тоо л гэхэд 2000 хүрээд байна. Үзэсгэлэнг нийт 5000 – 6000 хүн үзэж сонирхоно гэж тооцож байна. Зочлон очиж үзэх хүмүүст зориулан үзэсгэлэнгийн гурван өдрийн турш хотын төвөөс үнэгүй шаттл автобус (shuttle bus) үйлчилнэ.
-Үзэсгэлэнд томоохон ямар компаниуд оролцож байна вэ?
-Цөөн хэдийг дурдвал, дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг хүнд машин механикмын Joyglobal, манайд Вагнер Ази ХХК-ийн нийлүүлдэг Caterpillar, уул уурхайн үйлдвэрлэлийн хүнд техникийн хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins, Sew Eurodrive, тоног төхөөржмийн Vermeer корпораци, ОХУ-ын дэлхийд алдартай Уралмашзавод, Belaz, Rubex group, Mitsubishi-гийн охин компани Ryoko Sangyo Corporation, Kansai Kogu, Италийн Korrus, Польшийн Sempertrans, Wollborn, Швейцарийн Greenland Enterprises, Iventex, Австалийн Petro Industrial, Scantech, Туркийн Sahinler Metal, Tecksan Generator, Aмерикийн TRC Valmont, БНХАУ-ын Shaanxi Heavy Duty Automobile болон бусад томоохон машин механизмын үйлдвэрлэгчид гэх мэт компаниуд оролцож байгаа.
-Техник, технологи асар хурдтай хөгжиж байна. Ийм өөрчлөлтийн дунд энэ үзэсгэлэн зохион байгуулах нь Монголын уул уурхайн салбарт ямар өгөөжтэй вэ?
-Уул уурхайн салбарт том, жижиг олон компани үйл ажиллагаа явуулж байна. Олон зуун хүн ажиллаж байна. Ямар ч салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хэдий чинээ хурдтай технологийн шинэчлэл хийнэ, төдий чинээ өрсөлдөөний давуу талтай болдог. Бид уул уурхайн салбарынханд ийм л боломж олгохыг зорьж ажилладаг. Монголдоо болж байга дэлхийн дахины бүтээгдэхүүнийг харуулдаг үзэсгэлэнг очоод, үзээд, хооронд нь харьцуулаад сонголт хийх нь сайхан боломж шүү дээ.
Дэлхийн олон улс оронд уул уурхайн том том үзэсгэлэнгүүд зохиогддог. Лас Вегаст дэлхийн хамгийн том үзэсгэлэн болдог, Азийн хамгийн том үзэсгэлэнгүүд БНХАУ, Индонези зэрэг орнуудад болдог. ОХУ, ӨАБНУ, Бразилд уул уурхайн салбарын томоохон үзэсгэлэнгүүд уламжлал болон зохион байгуулагддаг л даа. Гэхдээ тэр үзэсгэлэнгүүдэд байнга оролцоод байхцаг хугацааны болон санхүүгийн боломж бололцоо хүн бүхэнд байхгүй шүү дээ. Түүнээс гадна тухайн улсыг зорьж, тэр улсын уул уурхайн салбарыг өөрийн зорилтот зах зээлээ гэж сонгосон компаниуд тэр улсын үзэсгэлэнд оролцох хандлагатай. Тэр утгаараа Mongolia Mining эксподяг л Монголын уул уурхайн салбартай хамтарч ажиллах зорилготой, Монголд бүтээгдэхүүнээ нийлүүлье гэсэн, Монголын уул уурхайн нөхцөл, хэрэгцээ, шаардлагад нийцсэн техник, технологи санал болгох гэсэн компаниуд ирж оролцоно шүү дээ. Тэр нь бусад оронд болож байгаа үзэсгэлэнгтэй харьцуулахад манай бас нэг давуу тал. Олон улсын уул уурхайн технологийг Монголдоо нэвтрүүлэх зорилготой манай үзэсгэлэнгийн уриа бол “Дэлхийн технологи дэргэд ирлээ”. Дэлхийн технологийг заавал бөмбөрцгийн нөгөө бөөрөнд очиж биш, Монголдоо, дэргэдээсээ сонгох бололцоо бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой.
-Үзэсгэлэнгийн гол үйл ажиллагаа яриа хэлцэл үзэсгэлэн гаргагч, худалдан авагчийн дунд өрнөх нь тодорхой. Гэхдээ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах өөр арга хэмжээ байгаа юу?
Үзэсгэлэнгийн үеэр хурлын танхимд бизнесийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, танилцах, холбоо тогтоох олон арга хэмжээ болно. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар уулзалт ярилцлага хийнэ. Мөн Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Эрдэнэс МГЛ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо бүхий Эрдэнэс Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ Овоо зэрэг томоохон уул уурхайн компаниуд оролцож, төсөл хөтөлбөр, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ. Мөн зарим үзэсгэлэн гаргагчид, тухайлбал, Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, ОХУ-ын Уралмашзавод зэрэг байгууллагууд танилцуулга, хамтын ажиллагааны уулзалтууд хийнэ. Эдгээр уулзалт ярилцлага бүр оролцохыг хүссэн уул уурхайн салбарынханд нээлттэй.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
URL: