Архины эсрэг тэмцэх тухай хуулийн төслийг эсэргүүцэв

fc34aaf44a0dfbe562e12efa34123b7e_LМонголын худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэв.

Энэ талаар тус холбооны тэргүүн Н.Мөнхтуяа “УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан энэхүү хууль нь 7 мянга орчим худалдаа эрхлэгч ажлын байргүй, орлогогүй болох магадлалтай. Бидний  хувьд архи согтууруулах ундаа борлуулснаараа ашиг олж, амьжиргаагаа залгуулдаг. Хэрэв энэ хууль батлагдвал олон мянган худалдаа үйлчилгээ эхрлэгч, тэдгээрийн ар гэрийнхний эрх ашиг зөрчигдөх юм. Тиймээс энэ хуулийг бидний зүгээс дэмжихгүй байна. Мөн архи зардаг дэлгүүрийн тоог цөөрүүллээ гээд нийгэмд байгаа архидалтыг бууруулж чадахгүй” гэв.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа ба манай улсын хүн амын архины хэрэглээ аюултай түвшинд хүрсэн тул дээрх хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсан хэмээн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс тайлбарлажээ. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад спиртийн үйлдвэрүүдийг улсын хяналтад авах, орон сууцны нэг давхарт байрлах архины цэгийн үйл ажиллагааг танах зэрэг асуудлыг тусгажээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт  95 аж ахуй нэгж байдаг ба импортоор энэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирдэг 100 орчим аж ахуйн нэгж бий. Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар нийслэлд гарч буй гэмт хэргийн 25 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлдэг бөгөөд нэг жилийн хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн хүний тоог нийт хүн амын тоотой харьцуулбал 24 хүн тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн гэх дүн гарчээ.

Б.Гантуяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих