“МОДНЫ ХУЛГАЙ БУУРСАН, БУУРААГҮЙ”

66903_129433Нийслэлд хаврын анхны бороо орсон өглөөг зарим жиргээч бухимдалтай эхлүүлжээ. Модны хулгайн гэмт хэрэгтэй олигтойхон тэмцэхгүй, хууль бусаар мод бэлтгэгчдийн явдаг гол замууд дээрх хяналтын постынхныг Хөдөлмөрийн яам ирэх сарын 1-нээс санхүүжүүлэхээ зогсоох болсон нь тэдниг ийн бухимдахад хүргэсэн аж.. Энэ асуудлыг анхааралдаа авч, байгаль орчны эсрэг гэмт хэргийг таслан зогсоохгүй байгаа учраас салбарын сайд С.Оюуныг огцруулах уриалгыг жиргээчид өчигдөр цахим ертөнцөд гаргасан юм.

Тэгвэл өдөр нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооноос яг энэ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. БОНХЯ, МХЕГ, Мөрдөн байцаах газрынхан, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөл уг арга хэмжээнд оролцсон. Жиргээчдийн огцруулахыг хүссэн С.Оюун сайд ч байлцлаа. Хэдэн жилийн өмнө л манай улсын нутаг дэвсгэрт ойн эзлэх хэмжээ буурсаар долоон хувьд хүрсэн тухай холбогдох байгууллага нь мэдээлж байсан. Тэгвэл БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга “Манай улсын нийт нутгийн 11.2 хувийг ой эзэлдэг” гэсэн мэдээлэл дуулгав.

Модны хулгай гаараад байна хэмээн хэвлэлээр бичээд байгаа ч эсрэгээр ойн эзлэх хэмжээ нэмэгдээд буй бололтой. 2009 онд модны хулгайн 3431 хэрэг бүртгэгдэж байсан бол 2013 онд энэ тоо 1082 болж буурсан гэнэ. МХЕГ-ын Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндашийн илтгэлд ч модны хулгайн гэмт хэрэг буурсан гэсэн дүгнэлт сонсогдов. Өнгөрсөн онд энэ төрлийн хэрэгтэй холбоотой 680 гаруй өргөдлийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс ирүүлснээс 222-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Тус хэлтсийн дарга, дэд хурандаа С.Баянмөнх “Модыг хулгайгаар бэлтгээд тээвэрлэж явахад нь илрүүлснийгээ энэ хэрэгтэй тэмцчихлээ гэж бодох нь өрөөсгөл. Төрийн байгууллагаас гадна ТББ, иргэд, нөхөрлөлийн хүрээнд хамтарч тэмцэх хэрэгтэй байна” гэсэн юм. Хулгайгаар мод тээвэрлэж яваад баригдвал тухайн модыг, тээврийн хэрэгсэлтэй нь хамт хураахаар хуульд заасан. Гэвч тээврийн хэрэгслийг хураах заалт хэрэгждэггүй гэнэ. Мөн хууль хоорондоо зөрчилдөх асуудал ч гардаг байна. Ер нь хууль эрх зүйн орчинд асуудал байгаатай яамныхан, МХЕГ-ынхан болон цагдаагийнхан санал нэг байсан. Энэ хэргийн тоог багасгахын тулд мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах ёстой гэдгийг ч бүгд хэлж байна лээ.

Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, доктор Н.Дашзэвэг нэг зүйл дээр тэдэнтэй санал нийлээгүй. Тэрбээр “Энэ хүмүүс бүгд л модны хулгайн гэмт хэрэг буурсан гэж дүгнэлээ. Хулгайгаар мод тээвэрлэдэг замууд хяналтгүй байна. Товчоо тус бүрт нэг байцаагч ажилладаг, тэр нь хариуцлага сул. Баянзүрхийн товчоогоор орж ирэхэд бидний урд явсан ачааны машиныг шалгаагүй. “22-ын товчоо”-гоор 24.00 цагаас хойш ороход хяналт алга. Ийм байхад модны хулгай буурахгүй. 14 аймгийн олон суманд модны хулгай 24 цагийн турш өрнөж байхад яам, мэргэжлийн хяналтынхан улиралд нэг удаа л шалгалт хийдэг. Тогтолцоо, бодлогоо өөрчлөх хэрэгтэй байна. Энэ гэмт хэрэгтэй зөвхөн төрийн байгууллага тэмцээд үр дүн гарахгүй. Энэ ажлыг хариуцаж, холбогдох бүх байгууллагын ажлыг базах нэгдсэн зөвлөл хэрэгтэй. Модны хулгай Засаг дарга нартай холбоотой, тэдний бизнес болчихсон. Тэнд бүр сүлжээ үүсчихээд нэгнээ шүүмжилж чаддаггүй. Гэмт хэрэгтэй Тэмцэхэд санхүү чухал. Тиймээс тусгай сан байгуулъя. Үүнийгээ хандив, татвар хураамжийн орлогоос санхүүжүүлье. Хулгай гаарсан сумын Засаг даргыг, олон суманд ийм асуудал гарсан бол аймгийн Засаг даргыг, улс даяар хамарсан бол салбарын сайдыг нь огцруулах ёстой. Хариуцлагын тогтолцоо хэрэгтэй байна. Урамшууллын тогтолцоог мөн амьдралтай болгох ёстой.

Одоогийн хуулиар байгаль орчны байцаагч таван удаа хэрэг илрүүлсний дараа урамшуулахаар заасан. Хулгайч нарыг илрүүлээд хуулийн байгууллагад өгдөг ч цагдаа, прокурорын дарга нар нь тэднийг чөлөөлөөд явуулчихдаг. Араас нь гарал үүслийн гэрчилгээг нь аваачаад өгчихөөр суллахаас аргагүй болно. Тэгвэл ийм хэргийг мэдээлсэн иргэнийг тэр дор нь урамшуулъя, бас хувийн мэдээллийг нь нууцалж, аюулгүй байдлыг нь хангах ёстой. Хулгайн бүх замыг камержуулъя, 24 цагийн турш бичлэг хийе. Гол замууд дээр байнгын ажиллагаатай пост ажиллуулъя” гэлээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Маргааш /өнөөдөр/ Засгийн газрын хуралдаанаар модны хулгайтай тэмцэхтэй холбоотой гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцээд нэг шийдэлд хүрнэ. Эндээс гарч буй санал, зөвлөмжийг жагсаагаад үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой. Модны хэрэгцээ, нийлүүлэлт зөрүүтэй байна. Хэдийгээр өнгөрсөн онд мод, модон бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлсөн ч үнийн зөрүү арилаагүй байна. Цаашдаа ОХУ-д модны талбай авах компаниудаа бодлогоор дэмжиж ажиллана” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих