Сирид хүүхдүүдийг амиа золиослогч болгохоор бэлтгэж байна
ДАМАСК. /Voice of Russia/. “Ирак дахь лалын улс ба Левант” террорист бүлэглэл амиа золиослогчид бэлтгэхээр Сирийн хойд нутагт хүүхдүүдийн хуаран байгуулж, дайн байлдааны бодит орчинд өсвөр насныхныг бэлтгэж байна.
Террорист бэлтгэж буй “Хамгийн эрхэм хүүхдүүд” хуаранд одоогоор 7-13 насны 50 орчим эрэгтэй хүүхдийг амиа золислогч болгох гэж бэлтгэж байгаа аж.
Өсвөр насныхныг энэ маягаар ашиглаж лалын улсынхаа байр суурийг бэхжүүлж байна гэж сургагчид нь үздэг аж. Тэд хөвгүүдийг “үнэнч” дайчдаа болгож бэлтгээд шашны итгэл үнэмшлээ гүйцэлдүүлж, томоохон террорист ажиллагаа явуулахдаа ашигладаг байна.
Амиа золиослох хүртэл аливаа тушаалыг гүйцэтгэхийг зөвшөөрөхүйц, Сирийн ядуу өрхийн хүүхдүүд ятгалгад амархан өртдөг ажээ.
Уг хуарангийн сургалтын хугацаа 25 хоног байдаг гэнэ. Сурагчдыг 13, 13-аар нь нэг бүлэгт хуваарилдаг. Ийм сургуулийн хамгийн чухал хичээлүүд нь хүүхдүүдэд жихадын (ариун дайн) үндэс болон орчин үеийн галт зэвсгүүдийг сайтар эзэмшүүлэх юм. Сургалт дууссаны дараа эдгээр өсвөр насныхныг террорист бүлэглэлүүдийн гишүүн болгодог.
15-аас доош насны хүүхдүүдийг хагас цэргийн зохион байгуулалттай ажиллагаа болон дайны ажиллагаандаа татан оролцуулахыг Олон улсын эрүүгийн шүүх “цэргийн гэмт хэрэг” гэж үздэг билээ. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд 18-аас доош настай өсвөр насны хүүхдүүдийг дайчилгаа болон зэвсэгт тулалдаандаа оролцуулахыг хориглосон байдаг юм.
Г.Доржханд MONTSAME
URL: