Замын-Үүдийн замд засал хийлгэхээр болжээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны ажлыг хэсэг Засгийн газрын үндсэн чиглэлийн биелэлтийг 32 хувьтай гэж дүгнэснээ танилцуулж байлаа. Бараг бүх салбарын сайдууд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр хамгийн их шүүмжлэлд өртсөн салбар Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам.
Монгол орны хойд урд хоёр хилийн боомт болох Алтанбулаг, Замын-Үүдийг хатуу хучилттай замаар холбох ажил эхлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Хойд чиглэлийн зам ерөнхийдөө дууссан бол урд чиглэлд Чойр хүртэл л хатуу хучилттай зам тавигдаад байгаа. Энэ зам цааш явсаар Замын-Үүд орох учиртай. Мянганы замын босоо тэнхлэг болох энэ замыг барьж дуусгах зорилт өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орж байсан. Энэ замыг барьж байгуулах үүргийг манай улс олон улсын өмнө хүлээсэн байдаг байна.
Тиймээс Монгол Улсын 2010 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд ч мөн багтаад буй. Гэвч өнөөдөр Чойроос цааш нэг км зам ч ахиагүй байна. Нийтдээ 500 орчим км энэ замыг дөрвөн хэсэгт хувааж, санхүүжилтийг нь ч тус тусад нь босгосон. Замын-Үүд Алтанбулаг буюу Орос Хятадыг холбосон зам уг нь бүрэн баригдсанаар Азийн авто замын сүлжээнд нэгэн шинэ зам бий болно. Энэ замыг Мянганы сорилтын сан болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чойроос Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замыг барихаар гэрээ байгуулсан гадаадын хэд хэдэн компани дампуурснаас болж гэрээгээ цуцалсан гэнэ.
Замын-Үүд, Чойрын чиглэлд дөрвөн хэсэг зам тавигдах бөгөөд хоёр дээр хятадын компани тендерийг нь авчээ. Чойр, Замын-Үүдийн замыг дуусгах эцсийн хугацааг 2013 оны хоёрдугаар cap гэж тогтож байж. Үүнээс өмнө энэ замыг Солонгосын Экзим банкны зээлээр гүйцэтгэхээр тохирч, солонгосын нэгэн компани ажлаа эхлэхээр бүх бэлтгэлээ хангачихсан байсан ч валютын ханш өссөнөөс болоод энэ компани ажлаа орхиж, үниин өсөлтиин зөрүүд Азийн хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт шаардсан гэж Сангийн сайд хэллээ.
Тиймээс валютын ханшны өсөлтөөс үүдсэн үнийн зөрүүний хөрөнгө гэж замын ажлыг гүйцэтгэхээр авсан компаниудад таван сая ам.доллар олгоод байсан аж. 2010 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байхад валютын өсөлтөөс шалтгаалсан үнийн зөрүүнд 30 тэрбум төгрөг хэрэгтэй гэж удаа дараа шаардаж байж. Энэ мөнгийг батлахгүй бол Үндсэн чиглэл батлахгүй дээр туллаа гэж байсан билээ. Гэсэн ч УИХ-аас 14 тэрбум төгрөг хуваарилж үүнээс гадны компаниудад таван сая ам.доллар олгосон нь энэ юм байна.
Харин эдгээр компаниуд бүгд дампуурчихсан байдаг. Харин үүнийг гадаадын компаниуд Монголд зүгээр л мөнгө угаах арга юм биш үү гэж хардах гишүүд байна. Эсвэл гүйцэтгэхээр тендерт ялсан компани бүр нь дампуураад байдаг Замын-Үүд чиглэлийн замд засал хийлгүүлж, ном уншуулахгүй бол болохгүй болчихсон юм болов уу. Түүнээс гадна Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд Үндэсний аудитын газраас энэ жил анх удаа аудит хийсэн байна. Ямартай ч Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаагийн хэлснээр биелэлтийг дүгнэхэд баримтлах арга, аргачлал байхгүйгээс болоод бодитой дүгнэлт гаргахад нэлээд хүндрэл учирсан гэнэ. 2010 оны Үндсэн чиглэлд зургаан чиглэлээр хэрэгжүүлэх 35 зорилт, 473 арга хэмжээг тусгасан байж.
Дээр дурдсан 500 шахам арга хэмжээний 152 нь хэрэгжсэн бол 305 нь дутуу, 16 нь хэрэгжээгүй юм байна. Үүнээс үзвэл 2010 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилт 33 шахам хувьтай л болж таарч байгаа аж. Харин Засгийн газраас үндсэн чиглэлийн хэрэгжилт 85 хувьтай хэмээн танилцуулсан юм байна.
URL: