“Хутга” хочит Мунзуй Г.Нямдоржид цагдаагийнхан үйлчилж байна гэв үү

140326munzuiШүүх болон цагдаагаас эрэн сурвалжлагдаж байгаад гэнэт гарч ирэн өнгөрсөн оны намаржингаа дуулиан тариад байсан  “Хутга” хочит Мунзуй хэмээх Г.Нямдорж хэзээч засрашгүй гэмт хэрэгтэн гэдгээ дахин нотлов. Тодруулбал энэ сарын 21-ний өдөр буюу өнгөрөгч баасан гарагт Багшийн дээдийн урд байрлах “Ди Эйч Эл ” гэх  буухиа шуудангийн үйл ажиллагаа явуулдаг газрын  оффис дотор бусадтай нийлэн мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд гардуулжээ. Өмнө нь УИХ-ын гишүүнрүү хутга барин дайрсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа 41 настай “Мунзуй” хочит Г.Нямдорж,  28 настай Б.Бүрнээ нар хэргийн газар байсан гэж  зарим эх сурвалжууд мэдээлж байна.

 

Түүний энэхүү үйлдлийн талаарх мэдээллийг авсан СБД-ийн цагдаагийнхан нэлээд сайтар отолт тандалт хийж Мунзуй Г.Нямдоржийг ийнхүү үйлдэл  дээр нь баривчлан бүр дүрс бичлэг хийн баримтжуулсан гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар хутга хочит Мунзуй Г.Нямдоржийг мөрийтэй тоглож байхад нь баривчилсан боловч мэдүүлэг төдий аваад сул тавьж харин хамт байсан хүмүүсийг цагдан хорьсон сурагтай. Хамгийн анхаарал татаж буй нь цагдаагийнхан түүнийг баасан гарагт баривчилсны дараа биед болон тээврийн хэрэгсэлд нь хийсэн нэгжлэгээр дунд гарын сүх, хутга зэрэг хүйтэн мэс, мөрийтэй тоглоомын зориулалтын хясаа, цүнх сав суулга, их хэмжээний мөнгө зэрэг байсныг илрүүлэн хураан авсан байна. Мөн бас нэг ноцтой зүйл нь түүнээс юу нь үл мэдэгдэх бодис хурааж авсан бөгөөд одоогоор үүнийг лабораторит шинжлүүлэхээр өгсөн байгаа гэнэ. Уг нь бол Эрүүгийн хуулинд мөрийтэй тоглосон, тоглуулсан, орон байраар хангасан алин боловч хуулийн хариуцлага хүлээх зүйл заалт бий.

 

Гэтэл өнөөх эрүүгийн элемент нөхрийг  энэ удаа ч  цагдаагийнхан зүгээр тавиад явуулчихаж. Эндээс харахад түүнийг хаацайлж хамгаалдаг, хийсэн гэмт хэргийг нь замхруулдаг  эрх мэдэл бүхий нөхдүүд байгаа төдийгүй бүр манай хууль хяналтынхан дунд буй нь тодорхой болоод байна. Ингэж хардахын учир бий. Өмнөх түүхийн  зах зухаас нь сөхөе. “Хутга” хочит Мунзуй Г.Нямдорж 2011 онд Элитрес тораны захирал Хүрэлбаатараас их хэмжээний мөнгө нэхэн, дарамтлаж улмаар зодож түүнийг хүндээр гэмтээгээд Солонгос руу оргон зайлсан байдаг.  Энэ хэрэг хэсэгтээ намжсаны дараа хутга хочит Мунзуй Монголд ирсэн бөгөөд амташсан хэрээ 10 дахьдгийн үлгэрээр бас л бусдыг дарамталж мөнгө төгрөг нэхэж бүр заримынх нь биед халдахаар завдсан хэргийг хүмүүс андахгүй мэдэж буй. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүний амь биед халдахаарзавдаж байсан нөхөр. Гэтэл “Хутга “ хочит Мунзуй Г.Нямдорж хийсэн хэрэгтээ гэмших нь бүү хэл өөрийгөө эрүүгийн рецедив , би яахаас буцахгүй хүн. Түүгээр ч зогсохгүй  өмнө нь хийсэн гэмт хэргүүдээ эрээ цээргүйгээр зарлаж түүнээс хэрхэн мултарч байснаа хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тунхаглан өөрийг нь Монголын цагдаа хууль хяналтынхан яаж ч чадахгүй гэж басамжилсан байдлаар олонтоо ярьсан байдаг. Аргагүй түүний ар талд хууль хяналтын тэр дундаа томоохон эрх мэдэлтэн байж хийсэн хэргүүдийг нь замхруулж суудаг бололтой юм.  Уг нь хэрэг хуучирдаггүй ээ гэдэг үг бий. Зүгээр ч нэг гарсан үг биш. Хичнээн удаан замхарч, олдохгүй байсан хэргийг ч хожмоо олж гэмт хэрэгтнийг барьж хэргийг мухарлан, зохих хуулийн дагуу цээрлэл хүлээлгэх чадвартай манай цагдаагийнхны дундаас гарсан үг шүү дээ.

 

Харамсалтай нь манай цагдаа хууль хяналтынхан хутга хочит Мунзуй Г.Нямдорж гэх үл бүтэх нөхрийг яаж ч чадахгүй байсаар. Магадгүй дээрээсээ түүнд  чиглэл өгдөг, хэн нэгний бууны нохой болсон учраас тэрбээр ийнхүү толгой дээгүүр атаман байдаг бололтой. Гэхдээ бүр нэлээд том ар тал түүний гараар могой бариулахаар хөдөлгөдөг нь тэр хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээлгүй өнгөрсөн олон жишээнээс харж болохоор байна. Хэзээ нэг дээрх яахаас ч буцахгүй ёстой муугийн есөн шид нь бүрэлдсэн гэмээр Мунзуй хэмээх гэмт этгээд хийсэн хэргүүдийнхээ хариуцлагыг хүлээж олон хохирогчдын гомдол тайлагдаж, айдаст автаад байсан ард иргэдийн нуруу тэнийх бол гэдгийг цаг хугацаа харуулах л үлдэж байх шиг. Түүн шиг дур зоргоороо аашилж, түүнийгээ хэнэг ч үгүй зарлаад яваад байж болдог бол Монголд хууль дүрэм журам гэж байгаад яах ч билээ дээ. Монголын цагдаа, хууль хяналтын байгууллагынхан  эрүүгийн гэмт хэрэгтэнтэй ийн холбоо сүлбээтэй байгаа нь тэднийг өөгшүүлж бүр толгойг нь илж байгаатай агаар нэг. Байдал ийм байхад эрүүгийн нөхцөлд байдал хүндэрлээ анхаарахгүй бол болохгүй нь гэдэг холбогдох албаныхны үг юу болж таарах вэ.

 

Н.Чинзориг new


URL:

Сэтгэгдэл бичих