“Улс” болтлоо томорсон “Хүннү ресурс”-ийн тухай…

screenshot20111121at11.14.10am

Судлаач Ганаа Монголын газар доорх баялгийг тоймлосон “Яасан баян нутаг вэ-3” нэртэй зурган тоймыг бэлтгэн уншигчдад хүргэж байв. Энд нэг “улс”-ын зураг бий. Судлаач Ганаа болохоор Хүннү “улс”-ын нутаг дэвсгэр хэмээн нэрийджээ. Тэр нь олон том ордтойгоо Тайландын “Банпу” компанид зарагдсан “Хүннү коал” хэмээх австрали эрийн компани. Одоо “Хүннү ресурс” ХХК болоод Монголд ажиллаж буй. Эдний эзэмшлээс зурагт ганцхан Цант уулын төслийг дурдсан аж. Өмнөговь аймгийн нутаг дахь коксжих нүүрсний Цант уул талбайг тэд 167 сая тонн нөөцтэйгээр батлуулсан байдаг. Цант уул нүүрсний төслийн талбай нь Таван толгойн коксжих нүүрсний ордоос урагш 60 км-т оршдог.

Нүүрсний үеийн нийлбэр зузаан 59.0 метр. Ордын нүүрс нь гадаргаас 7.8 метр гүнээс илэрдэг байна.

ЖОРК стандартаар 167.1 сая тонн нүүрсний нөөц тогтоогдсоноос 40.9 сая тонн баттай, 52.9 сая тонн бодитой, 73.3 сая тонн нь боломжит нөөцийн ангилалд хамаардаг гэнэ.

“Mining Journal Awards-2011”-ийн “Шилдэг хайгуулын компани” номинацийг “Хүннү улс”-ынхан хүртэж байжээ.

Хүннүгийнхэнд “Говь хурах”-аас авсан Үнст худагийн орд гэж бий.

Үнст худаг нь Дундговь аймгийн нутагт байдаг. Улаанбаатар хотоос 290 км, төмөр замын шугамаас 180 орчим км-т оршдог. Энэхүү төсөл нийт 59000 гектар талбайг хамарсан хайгуулын хоёр, ашиглалтын нэг лицензэт талбайгаас бүрддэг. 150 метр хүртэлх гүнд ЖОРК стандартын 676.4 сая тонн баттай болон боломжит нөөц тогтоогдсон.

Үүний 540 сая тонн баттай, 59.9 сая тонн бодитой, 75.6 сая тонн нь боломжтой нөөц ажээ.

Мөн “Алтай нүүрс” коксжих нүүрсний төсөл тэднийх. Говь-Алтай аймагт оршдог. Урьд хийгдсэн өрөмдлөгийн ажил, ордын геологийн загварчлал, нүүрсний чанарын шинжилгээг мөн одоо үргэлжилж байгаа хайгуулын ажлаар үндэслэн 250-500 сая тонн нүүрсний нөөц тогтоохоор зорилт тавин ажиллаж байна. Дараагийнх нь Буян төсөл, Баруун цохио төсөл гэж бий. Баруун цохио нь коксжих нүүрсний хувьд хэтийн төлөв сайтай төсөл гэж байгаа. 38600 гектар талбайг хамардаг. “Тэнүүн-2” төсөл нь урд болон баруун хойд гэсэн сонирхол татахуйц хоёр талбайтай. 2010 онд томоохон хэмжээний өрмийн ажил, геологийн зураглал болон геофизикийн судалгааны ажуудын талбайн нийт 5.212 т/м, 27 цооног өрөмдсөн. 2011 онд Эрэл үнэлгээ өгөх зорилгоор 597 т/м, дөрвөн цооног өрөмджээ.

“Хүрээ-2” төсөл,  Сүхбаатар аймаг дахь “Мөнххаан” төсөл, Нарийн худгийн хөндий, Хавцлын худгийн хөндийн ордууд. Дундговь аймгийн Цагаан дэлгэр, Дорноговь аймгийн Дэлгэрэх,  Говь-Алтай аймаг дахь Ар зүүн гол ордын төслүүд ашиглалтын өмнөх байдалтай, зарим нь олборлоход бэлэн болоод байгаа аж.

Энэ бол “Хүннү коал”-аар дамжиж Тайландын “Банпу” компанид очсон ордууд. Өдгөө Тайландын компанийн мэдэлд тэр чигтээ очоод байгаа дээрх ордуудыг харьяалсан Монгол дахь компани нь “Хүннү ресурс” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, Тайландын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хүннү ресурс” ХХК томоохон ордуудыг “бөөндөн” эзэмшиж байна. Монгол орны зүүн өмнөд хязгаараас баруун чигт “баялгийн судал”-ыг даган Хүннүгийн эзэмшил үргэлжилдэг байна.

Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр ч “Банпу”-гийн талаар 2014 оны гуравдугаар сарын 20-нд “Өдрийн шуудан” сонинд ярилцлага өгчээ. Тэрээр “…Хөрөнгө оруулалт гэвэл эдний уул уурхайн “Банпу” гээд компани Монголд орчихсон үйл ажиллагаа эрхэлж байгаа.Монголын “Хүннү коал”-ыг эдний “Банпу” компани худалдаж авсан, 100 хувь Тайландын хөрөнгө оруулалттай компани. Энэ компанийн хувьд нүүрс, зэс аль алийг нь сонирхож байгаа юм билээ. “…Говь-Алтай, Өмнөговьд тав зургаан томоохон лицензтэй. Одоо бараг бүтээгдэхүүнээ экспортолж эхэлж байгаа байх. Үүнээс харахад хөрөнгө оруулалт нь 500-600 сая ам.доллараар хязгаарлагдахгүй болов уу. Монгол, Хятад гээд хэд хэдэн улсын нүүрсээр дэлхийн зах зээл дээр том тоглогч болсон компани гэж хэлж болно…” хэмээн  ярив.

Элчин сайд Ч.Баттөмөр “Банпу”-г маш том компани гэдгийг бидэнд ойлгуулахыг хичээжээ. “Банпу” том байж болно. Тэр хэрээрээ элдэв хэл ам, асуудал дагуулалгүй “амьдрах” учиртай байв. Хоёр жилийн өмнө “Эх орон, тусгаар тогтнол,  шударга ёс” үндэсний хөдөлгөөний дэмжигч, Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжин манай сонинд нэгэн ярилцлагыг өгч байв. Мань хүн “…Хүннү компанийн Цант Уул уурхайн борлуулалтыг тооцвол Өмнөговь аймгийн иргэд жилдээ 20 сая төгрөгийн ашиг хүртэх ёстой. …Үндсэн хуулийн 6.1-д Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан. Гэтэл…” гэсэн нь бас байна. Юун ард түмний мэдэл гэж, төр нь ч мэдэхээ байчихсан, 100 хувь Тайландын компанийн мэдэлд оччихоод байхад…

Одоог хүртэл Хүннүгийнхнээс салахгүй зууралдаж  байгаа нэгэн мэдээлэл бол “Говь хурах” ХХК-тай үүсгэсэн Үнст худагийн ордын маргааны асуудал. Ордыг нь зөвшөөрөлгүйгээр “Банпу”-д худалдчихсан гэдэг. Хэдийгээр “Говь хурах”-ийнхан Арбитрын шүүхийн шийдвэрээс өмнө нэхэмжлэлээ татсан ч асуудалд цэг тавилаа гэсэн үг биш ажээ. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглах үлдэв бололтой. Бидэнд ирсэн мэдээллээр Арбитрын шүүхэд өгч “дургүй” хүргээд байхаар нь” Говь хурах”-ийн эзэмшилд байсан хуучин “Хүннү коал”-ийн 20 хувийн хувьцааг ханатал нь үнэ хэлээд авчихсан гэж байгаа.

Үүнээс гадна хөрөнгө оруулагч Тайландын “Банпу” компанийг Монголд сайн нэр дагаж ирээгүй. Лаост яалаа, ийлээ ч гэнэв. Ямар ч байсан шаггүй луйварчин гээд л цоллоцгоож байна.

Яг үнэндээ Монголын “баялагийн судал”-ыг дагасан багагүй хэмжээний газрыг “Хүннү коал”-ийн эзэн авсрали эр “Банпу”-гийн тайланд эзэнд зарчихсан. Өмнөговийн иргэн Ц.Бээжингийн хэлсэнчлэн Үндсэн хууль уланд гишгүүлээд уджээ. Монголын ард түмний хяналтаас газар нутаг минь иймэрхүү байдлаар “алсарч” байна. Чухамдаа иргэд байтугай төр ч “Банпу” буюу “Хүннү ресурс”-ийн “улс”-д жижигдээд эхлэв бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих