Н.Алтанхуяг: Бид хамаг баялгаа үнэтэй машин, чамин утсанд өгчээ
Монголын эдийн засгийн тав дахь форум өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх форумаар нийт 34 сэдэв хэлэлцэнэ.
Өнгөрсөн онд “Монголдоо үйлдвэрлэе” уриан дор эдийн засгийн форумыг зохион байгуулсан. Энэ жил мөн л дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх ямар нөөц бололцоо байгааг түлхүү эрэлхийлэх нь. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Бид Өөрсдөө үйлдвэрлэхгүй бол циркийн амьтан шиг мөнхөд торондоо үлдэх аюултай” гэсэн юм.
Тэрээр чуулганыг нээн үг хэлэхдээ, өнгөрсөн оны Монголыг эдийн засгийн үзүүлэлтүүдийг товч танилцууллаа.
“Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 11.3 хувиар өсчээ. Энэ нь гадаад орчин нөхцөл таарамжгүй байсан, гадаадын хөрөнгө оруулалт түр зогссон, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасан зэрэгтэй харьцуулахад сайн үзүүлэлт гэж байв. Ингэснээр сүүлийн гурван жлийн турш манай өсөлт хоёр оронтой тоогоор өсч байгаа юм.
Гэвч төгрөгийн ханш илт суларсныг ч Ерөнхий сайд нуусангүй. Төгрөгийн ханш 20 хувиар суларсан нь бидний бэлэнчлэл, үрэлгэн байдал зэрэг муу зангаас улбаатай гэнэ. Өөрөөр хэлбэл бид баялгаа түүхийгээр нь экспортолж, гаднаас бэлэн бүтээгдэхүүн импортолдог байдал төгрөгийг сулруулсан.
Хамаг баялгаа үнэтэй машин, чамин утсанд өгчээ. Би машин битгий уна гэж байгаа юм биш. Гэхдээ манай улсад зургаан тэрбум долларын үнэ бүхий машинууд давхиж байна” гэж Засгийн газрын тэргүүн онцолсон юм. Өнгөрсөн жилүүдэд энэ ужиг гажгийг зөв оношлолгүй, эм тариагаар аргацааж байсныг таслан зогсоож, өөрсдөө үйлдвэрлэхэд түлхүү анхаарах юм байна. Энэ зорилгод хүрэхийн тулд энэ онд Засгийн газраас нэг их наяд төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар шийдэн, импорт орлох төслүүд хүлээн авч, эхний ээлжинд 800 орчим төсөл шалгаруулснаа танилцуулсан юм.
Эдийн засгийн форумын хувьд “Монголын хөгжлийн хувилбарууд” гэсэн сэдвээр эхний хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэ жилийн эдийн засгийн чуулганд Киргиз улсын төлөөлөгчид манай улсаас туршлага судлахаар иржээ.
Б.Эрдэнэчимэг | GoGo.mn
URL: