Онгоцонд гэнэт механик гэмтэл учирсан байж болзошгүй

12610_632Малайзын иргэний агаарын тээврийн Malaysian Airlines компанийн “Боинг 777” онгоц алга болсноос хойш эрлийн ажиллагаа 17 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн ням гаригт эрлийн багийнхан Энэтхэгийн далайн өмнөд  хэсэгт “самналт” хийсэн ч үр дүн нь өмнөх өдрүүдийнхтэй адил байв.

Австраличуудаар удирдуулсан эрлийн багийнхан алга болоод байгаа Боинг-777 онгоцны хэсэг байж болох хоёр зүйлийг хиймэл дагуулын мэдээллийн тусламжтайгаар илрүүлсэн ч өнөөдрийн байдлаар мөн эсэхийг нь тогтоож чадаагүй хэвээр байна.

Тэдэнд цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал ихээхэн саад учруулж байгааг албаныхан мэдээлсээр байгаа юм. Австралийн Далайн аюулгүй байдлын албанаас мэдээлснээр найман нисэх онгоц, нэг хөлөг онгоц ням гаригт хайлт хийсэн ч ямар нэг ахиц, үр дүн гараагүй байна.  БНХАУ, Японы тус бүр хоёр онгоц өнөөдрөөс эхлэн эрлийн ажиллагаанд оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Өмнө нь Францын эрх баригчид онгоц хайх талбайд  буюу “Өмнөд зурвасын ойр орчимд болзошгүй объектууд”-ыг харуулсан хиймэл дагуулын мэдээ дамжуулсан талаар Малайзын Тээврийн сайд хэлсэн.

Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт Малайзын онгоцыг хайх ажиллагаа үргэлжилж, олон тооны нисдэг тэрэг эрлийн ажиллагаанд оролцож байгаа юм. Малайзын засгийн газраас өнгөрсөн ням гаригт онгоцны бүхээгт ямар нэг зүйл гарсан байж болзошгүй таамгийг гаргажээ. Нисэх онгоц Өмнөд Хятадын тэнгис дээгүүр огцом эргэлт хийсний дараа өндрөө өөрчилж 12000 фут өндөртэй нисч байсан гэдгийг радараас холбоо тасарснаас харж болно гэж CNN мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар олон таамаг дэвшүүлж байгаа боловч онгоцонд чухам ямар зүйл тохиолдсон, яагаад ор сураггүй алга болсон талаар хэн ч хэлж мэдэхгүй байна.    Шинжээчид хэлэхдээ онгоцонд гэнэт механик гэмтэл учирсан байж болзошгүй гэсэн бол Австралийн ерөнхий сайд Аббот “Хэд хэдэн илэрц илэрч байгаа нь алга болсон онгоцыг олох найдвар төрүүлж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих