Сонгогчдын санал худалдаж авсан нь нотлогдсон ч сонгуульд оролцох эрхтэй үлдэв

527-1395627276527-1382492445chingeltei-duurgiin-shuuhЧингэлтэй дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн үеэр тус дүүргийн IX хороонд МАН, МАХН-аас нэр дэвшигчид хавсран Ардчилсан намын нэр дэвшигчийг унагаж сонгууль будлиантуулсан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүдийг баримтаар нотолж шүүхээс ял оноосон боловч тэд дараагийн сонгуульд оролцох эрхтэй хэвээр үлдлээ.

Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Монгол Улсын аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль болсон. Харин нийслэлийн Чингэлтэй дүүргийн IX хороонд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дахин санал хураасан билээ.

Уг сиймхийг ашиглан МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн санал луйвардан ялалт байгуулсан нь тогтоогдсон юм. Сонгуулийн анхан шатны дүнгээр АН-аас нэр дэвшигч Т.Ганболд 1074 хүний санал буюу нийт сонгуульд оролцогчдын 45,3 хувь, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн нь 903 хүний санал авч 38,1 хувь, МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн нь 393 хүний санал авч 16,6 хувьтай байсан аж.

Харин дахин санал хураалтаар Т.Ганболд, Ц.Бугасүрэнгээс 170 хүний саналаар дутаж ялагдсан байна. Дахин санал хураалт болохоос өмнө МАХН-аас нэр дэвшсэн Н.Хишигсүрэн өөрийг нь сонгосон сонгогчдод “Ц. Бугасүрэнгийн төлөө саналаа өгөөрэй” гэж туслахуудаараа мөнгө тараалгажээ.

МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн түүний менежер Ч.Батманлай болон МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга нар сонгогчдод “Бугасүрэнгийн төлөө саналаа өгөөрэй” хэмээн 20-50 мянган төгрөг тараасан нь баримтаар нотлогдсон байдаг.

Тэд иргэдэд 2 сая 460 мянган төгрөг тараасан нь тогтоогдсон байна. Энэ хэргийг нь тус хорооны найман иргэн гэрчилсэн. МАХН-аас иэр дэвшсэн Н.Хишигсүрэн мэдүүлэгтээ “Ц.Бугасүрэн надад таны төлөө санал өгсөн 400 хүнийг авчихбал гарах гээд байна гэж байсан” гэсэн байдаг. Мөн “Уг хэргийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ц.Одхүү нар захиалж хийлгэсэн.

Гишүүн З.Баянсэлэнгэ надад улс төр угаасаа бохир байдаг. Хоёр намын удирдлага дээгүүрээ яриад шийдчихсэн. Чамайг сонгуулийн дараа Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга болгоно. Нэгэнт ялж чадахгүйгээс хойш намд албан тушаал хэрэгтэй байна гэсэн” гэж мэдүүлжээ.

Гэвч УИХ-ын гишvvний тухай мэдүүлсэн нь баримтаар нотлогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байдаг. Тиймээс өнгөрсөн оны аравдугаар сард шүүхээс эрүүгийн хуулийн 130.2 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үндэслэлээр МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн түүний менежер Ч.Батманлай, МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн нарт тус бүрт нь таван cap хорих ял, мөнгийг гардаж тараасан Н.Хишигсүрэнгийн туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга нарыг гурван cap 10 хоног хорих ялаар шийтгэсэн.

МАН-аас намаас нэр дэвшсэн Ц.Бугасүрэн санал луйвардсан нь тогтоогдсон тул жагсаалтаар түүний дараа санал авсан АН-аас нэр дэвшигч Т.Ганболд ИТХ-д орох эрх нь үүссэн юм. Тэгвэл Чингэлтэй дүүргийн анхан шатны эрүүгийн нэгдүгээр шүүхэд өнгөрсөн баасан гаригт уг хэргийг дахин хэлэлцэж ял оноожээ.

Тус шүүхийн шийдвэрээр Ц.Бугасүрэнд төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, дөрвөн cap дөрөв хоногийн хоригдох хугацаа, харин Н.Хишигсүрэнд мөн адил төрийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээр хасч дөрвөн сараар хорих ял, Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Т.Гантулга, Ч.Батманлай нарыг сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хасч гурван cap арав хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гаргаж, цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд тооцуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шүүх хурлыг олон нийт анзаарахгүй өнгөрөх шиг боллоо.

Энд оноосон ял нь ор нэр хаасан шийдвэр шиг санагдаад байгаа юм. Хэдийгээр сонгууль будлиантуулсан этгээдүүдэд шийтгэл оноосон нь сайн хэрэг хэдий ч өгсөн ял нь чамлалттай биш үү. Ардчилсан намд төр барих дахиад хоёр жил гаруйн хугацаа байна.

Тийм болохоор Н.Хишигсүрэн, Ц.Бугасүрэн нар шүүхээс авсан шийтгэлтэй, шийтгэлгүй төрийн албан тушаалд томилогдохгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Хоёр жилийн хугацаанд төрийн албан тушаалд томилогдохгүй гэсэн шийтгэл нь дараагийн сонгуулийн өмнө дуусчихаж байгаа юм. Тэд хоёр жилийн дараа сонгуульд өрсөлдөх, төрийн албан тушаалд томилогдох эрхтэй болно.

Үүнийг сонссон хүмүүс “Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн этгээдүүдийг ядаж нэг сонгууль өнжүүлчихэж болоогүй юм байх даа” гэлцэж байна. Гэтэл мөнгийг гардаж тараасан гэх Ч.Батманлай, Б.Гал-Эрдэнэ, Ш.Гантулга, Г.Сүхбаатарыг сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь бүрмөсөн хассан. Нэгэнт сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хасч болдог юм бол нэр дэвшсэн хүмүүсийг тэр ангиллаар шийтгэж болох байсан мэт.

Н.Хишигсүрэнгийн туслах Б.Гал-Эрдэнэ, Ш.Гантулга, Г.Сүхбаатар нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, зарим нь өмнө нь ял шийтгэл хүртэж байсан хүмүүс юм билээ. Тэд дахиад сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй байсан ч дээрх хэргийг хийчих хүн хэзээд олдоно шүү дээ. Ер нь бидний амьдралд шууд мэдэгдэхүйц шийдвэрийг дүүрэг, аймаг, сумын ИТХ-аас гаргадаг. Тэдэнд иргэдийнхээ саналд тулгуурлан төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхийг олгодог юм.

ИТХ, орон нутгийн захиргаа нь иргэдэд үйлчлэх нутгийн өөрөө удирдах байгууллага. Тиймээс тухайн хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч нь тойргийнхоо иргэдэд УИХ-ын гишүүнээс тохой илүү хэрэгтэй хүн нь болж таарна. ИТХ-ын төлөөлөгч төрийн өмнөөс бидэнтэй нүүр тулж ажиллах үүрэгтэй.

Тэд орон нутгийн иргэдийг аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Түүний тулд төсвийн мөнгийг зарцуулах эрхтэй. Тиймээс орон нутгийн сонгуульд нам эвслүүд онцгой анхаарч байгаа. Түүндээ залилан, луйвраар ч болтугай амжилт олохыг чухалчилж байна.

Сонгууль будлиантуулсан хүмүүсийг шийтгэсэн нь сайн хэрэг ч бусдад нь сургамж өгөх хэмжээнд шийтгэл оногдуулж чадаагүй нь шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Түүний дээр уг хэргийг захиалсан нөлөө бүхий хүмүүс нь ямар ч ялгүй үлдэж, хийлгэсэн хүмүүс нь хоёр жилээр эрхээ хасуулж, гүйцэтгэсэн хэсэг нь сонгуулийн ажилд оролцох эрхгүй болсон дүр зураг харагдаж байгаа нь юуны ёр юм бол.

Ж.Баярсайхан

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих