Нийслэлд үйл ажиллагаа явуулах ТҮЦ нь нэг загвартай байна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Улаанбаатар хотод түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хэрэгцээ байгаа боловч стандартыг нарийн тогтоож, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлагтай байгаа. Тиймээс түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалах бараа бүтгээдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг нарийн тусгасан журам боловсруулсан” гэдгийг онцоллоо.
Журамд “Дүүргээс зөвшөөрөгдсөн байршилд түргэн үйлчилгээний цэгүүд ажиллах бөгөөд тоог Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батална. ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан нэг маягийн дизайн загвартай байхаас гадна галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна” гэж заажээ.
Мөн түргэн үйлчилгээний цэгийн гадна талд зориулалтын хогийн сав байршуулж, эргэн тойронд нь тохижилт цэцэрлэгжүүлэлт хийнэ гэж тусгасан байна.
Түргэн үйлчилгээний цэгээр сонин, сэтгүүл, ном, хөлдөж гэмтэхгүй бичгийн хэрэгсэл, төрөл бүрийн цахим карт, ахуйн хэрэглээний нэг удаагийн бээлий, хүнсний скоч, хүнсний уут, тор зэрэг барааг худалдах бөгөөд хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд, дулааны улирлалд нийтийн эзэмшлийн зам талбайд болон түргэн үйлчилгээний цэгүүдэд ил задгай хоол хүнс худалдах байдал нэмэгддэг. Ямар ч баталгаагүй, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах байдлыг бүрэн зогсоож, хяналтыг нэмэгдүүлэн, хүлээх хариуцлагыг тодорхой болгохын тулд журамд нэмэлт оруулах шаардлагатай гэлээ. Хуралдаанаас удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг журмын төсөлд нэмж тусгаад, НИТХ-ын хуралдаанд өргөн барихаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: