Улаанбаатарт л ганцхан ус хэрэгтэй юм уу
Миний багад, говь нутагт өвөлжөөний бууцанд буусан айлууд Цагаан сарын дараа буюу хаврын тэргүүн сарын хуучдаар сүүдэр газар, жалга бараадан хайлмагтах цасыг хуучин муу эсгий навтсаар дарж хэрэглэсээр байгаад хаврын дунд сарыг бардаг сан. Хэдхэн километр нүүгээд л цэнгэг устай хаваржаандаа буухын оронд ийн аяглаж байгаа нь төвөгтэй санагддаг сан. Гэтэл үгүй аж. Буурлууд маань говь цөлийнхөө тэр цэнгэг усыг хайрладаг байж. Говьд тийм элбэг биш ч цөөнгүй таарах булаг шандныхаа усанд хиртэй хувцасаа угаах нь бүү хэл гар нүүрээ ч угаадаггүй, тусгайлан саваар дамжуулан хэрэглэдэг нь дөнгөж өчигдрийн явдал мэт санагдах авч бас л олон он улирчээ.
Бид ундны усны нөөц гэхээр л Улаанбаатар тойрсон ундны усны эх үүсвэрийн тухай ярьж Монгол Улсын усны нөөцийг дөрвөн уулаас цааш давуулан ярихгүй байх нь олонтаа. Тэр тусмаа ус ховорт тооцогдох говь цөлийн усны талаар төдийлөн дурсахгүй байгаад хачирхалтай. Өдгөө Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 94.7 хувь нь цөлжилтөд өртөж, 72.5 хувь нь хүчтэй нэрвэгдсэн гэх үзүүлэлт бий. Үүнд мэдээжийн хэрэг өмнөд говийн бүсийн Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр зонхилно. Энэ бүгд нь усны эх үүсвэртэй салшгүй холбоотой. Сүүлийн жилүүдэд хур тундасын хэмжээ багссан шинжээч, судлаачдын баримт бий. Нөгөө талаар дээрх бүс нутаг нүүрс, алт, зэс, молибден, жонш, уран зэрэг эрдэс баялгийн арвин нөөц илэрч, улмаар энэ зүгт олборлолт хийх болсонтой ч холбоотой.
Нэгэн баримт дурдая. Нүүрсний хувьд олборлолтын дөрвөн үе шатанд ус шаардлагатай аж. Үүнд, нүүрс угаах, тоос дарах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цахилгаан эрчим хүч болон ажилчдын хэрэгцээнд гээд хэрэглээний түвшин байна. Нэг тонн нүүрс олборлоход 100-200 лирт ус зарцуулдаг буюу ийм хэмжээний нүүрс угаахад 400-600 литр ус нэмэлт байдлаар хэрэгтэй. Энэ байдлаар жилд 11 сая тонн нүүрс олборлоод, түүнийгээ угааж, баяжуулна гэвэл зарцуулах усны хэрэглээ хоногт 9000 метр куб буюу есөн сая литр болох нь. Нөгөө талаас зайлшгүй хэрэглэгч болох хүн амын төвлөрлийг тандахад, ахисан түвшний хөгжлийн үед өмнөд говийн бүсэд 800 мянга орчим иргэн оршин сууна гэх тооцоо бий. Улмаар говийн усны хэрэгцээ 2020 он гэхэд жилдээ 400-450 мянган куб метр буюу 450 орчим сая литр болж өсөх гэнэ. Тэгэхээр говьд ховордсон усыг хайрлаж хамгаалахаас л хамаг зүйл шалтгаалах нь. Түүнээс бус уул уурхай хөгжиж байгаа цагт түүнийг битгий олборло гэлтэй биш. Хамгийн гол нь энэ салбарт ус маш ихээр хэрэглэгддэг учраас усны зөв зохистой хэрэглээг л бий болгох нь чухал болоод буй. Хэдийгээр хур тундасын хэмжээ багсч байгаа ч байгалийн усыг ашиглах усан сан бий болгох, усны төлбөрийг нэмэх, тусгайлан усны хууль батлах ч шаардлага ирж байгаа бололтой. Хамгийн том шаардлага нь бид усныхаа нөөцийг гамнах хэрэгтэй. Үүнийг гамнахын тулд зөв зохистой хэрэглээг бий болгох нь юу юунаас чухал болжээ. Өнөөдөр бид ундны усны тухай ярихаар л Улаанбаатарын ундны усны тухай ярих. Зөвхөн Улаанбаатарт л ус хэрэгтэй гэж үү. Эрх баригчдын бодлого маань ч дөрвөн уулаас цааш давахгүйг байгааг ч нуух юун.
Нэгдсэн үндэсний байгууллага 1992 онд гуравдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдрийг Дэлхийн усны өдөр гэж тунхаглаад, орон бүр усаа яаж хэрэглэж, хэрхэн хандаж буйгаа дахин нэг эргэн харж байхыг уриалсан байдаг. Ус хомсодсоноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн (түүний 11 мянга нь таваас доош насны хүүхдүүд) нас барж байна. 2050 он гэхэд 48 орны хоёр тэрбум хүн усаар гачигдах гэнэ. Шалтгаан нь юу вэ. Нэг талаас манай гаригийн усны нөөцийн 98 хувь нь давстай, нэг хувь нь туйлын мөсний дор бол мөн нэг хувь нь гол нуур, газрын дорх буюу ашиглаж болох цэнгэг ус аж. Нөгөө талаас дэлхийн хүн ам ихээхэн өсөж, усны хэрэглээ түүнээс ч хурдан нэмэгдсээр байгаа юм.
Мөн хорлонтой юм шиг, дэлхийн хотуудын 95 хувь нь хэрэглэсэн усаа гол, цэвэр усны эх үүсвэр рүү хаяж байна. Манай улсад өнөөдөртөө хүн цангаж үхээгүй ч тэр чиглэл рүү л нэгэнт хөдөлчихсөн явж байна. Тэгэхээр бид усныхаа олйголтыг зөв болгох хэрэгтэй. Ерөөсөө усныхаа тухай зөв зохистой томоохон бодлого үгүйлэгдэж байгаа нь илт. Гэхдээ зөвхөн Улаанбаатарт хандсан бодлого чиглэл биш, Монгол Улсыг тэр чигт нь хамарсан бодлого аргагүй дутагдаж байна.
URL: