Монгол хүний ухааны хөгжлийн бэрхшээл
МУИС-ын 2-р байранд Урлаг судлалын оюутнуудад лекц уншаад удаж байна. Түүний хажуугаар МУИС-ын профессор нэртэй хүмүүстэй уулзаж ярилцаж л явна. Тэдний зарим өөрсдийгөө философийн багш гэж зоригтой хэлэхийг яанаа.
МУИС өөрийгөө дэлхийд Монголын Үндэсний Их Сургууль гэж зарладаг. Мэдээж үндэсний биш үндэстэний л дээ. За тэр ч яахав нөгөө мундаг гэдэг Дамдинсүрэн, Ренчин нар л үндэсний гэж мэдэмхийрсэн байлгүй.
Монгол хүн болохоороо ийм том их сургуульд лекц ордог хувь заяандаа баярлаж л явлаа. Гэтэл баярлах биш гутрал эхлээд удаж явна. Оютнуудыг харахад хөөрхий худлаа хүмүүсийн лекцийг дэвтэртээ бичсээр байгаад бүр хачин болчихсон. Нэг ёсондоо цээж бичиг бичүүлдэг бололтой.
Би бол оюутнуудтай ярилцаж яриа өрнүүлдэг. Яагаад гэвэл анх л дэлхийн университэтүүд байгуулагдахдаа нийгмээс тусдаа газар хаалттай ахуйд хамтран сууцгааж хорвоогийн бүхий л асуултуудын тухай ярилцах гэж л байгуулсан гэсэн түүх бий. МУИС бол тийм биш шууд л гудамжны сэдэвүүдийг үнэмшчихсэн хүмүүс ороод ирнэ. Түүнийгээ үнэн гэж тулгана.
МУИС-ын 2-р байр бол нэг ёсондоо Гандангийн салбар сургуультай адил Түвд ном судараар дүүрсэн газар. Тэнд жинхэнэ мухар сүсэг гаарсан газар. Мэдээж өндөр хэмжээнд мухар сүсэгтдэг хүмүүс бөхийн өргөөнд, циркт эсвэл хаа нэг том зааланд хүмүүс цуглуулаад тархи угааж мөнгө хийх бол тэдний хэрэг. Гэтэл их сургуулийн байранд Далай лам гэж бузар хүний зургийг өлгөөд түүнийг шүтэх арай ч шинжлэх ухааныг доромжилж байгаа хэрэг бишүү. Мэдлэгийн ариун ордныг бохирдуулж буй бишүү.
МУИС-ын 2-р байрнаас гадна бас ШУТИС төв байранд Далай ламын зураг өлгөөстэй. Гэтэл шинжлэх ухаанаар хаягласан бишүү. Түүний хажуугаар бас Анагаахын их сургуульд уламжлалт анагаах ухаан нэрийн дор бас л Түвдийн бузар шашин нэртэй хоцрогдсон өнөөдөр ямар ч хүчинтэй биш мухар сүсэглэлийн хичээл орж Монгол тархи бузартуулсаар.
Мухар сүсгийн хажуугаар бас яруу найрагч нэртэй Чойномын ямар ч утгагүй өнөөдөр хэрхэвч хүчинтэй биш шүлэг нэртэй доод хэмжээнд бичсэн тархины тураалд оруулахаар бичиглэлүүдийг хаа л бол иш татахыг сонсохоор яанадаа л гэж бодох. Чойном өнөөдөр ямар ч ач холбогдолгүй шүү дээ. Тэр чинь ёстой Болор цомынхонтой адил боловсролын түвшин маш доогуур хүн шүү дээ. Мэдлэгтэй сэхээтэн хүнээс айдаг хулчгар нөхөр байсан даа.
Одоо бас либерализм, либертаризм ч гэнэ үү бүр цэвэр философийн сэдвийг буруу ярьж алдаатай тайлбарлаж ядаж байхад яр гэгчээр Монгол тархи бузартуулж буй сурагтай. Орос эмэгтэй Айн Ранд Америк оронд очиж тэр их гадаадын иргэд бөөгнөрчихсөн яахыгаа ч олохгүй үед гадаадын иргэдэд зориулж өөрөө өөрсдийг аваад явахаас өөр замгүй гэж харийн хүмүүсийг хувиа л сайн авч явцгаа гэж ном бичжээ. Тэгвэл Монгол орон чинь монголчуудын л нутаг шүү дээ. Өөрөө өөрийнхөө нутагт бүгдээрээ найрамдалтай хэн хэндээ тус дэм болж өргөж өндийлгөж явахгүй бол өөр хэн үүнийг хийх билээ. Монголчууд ямар гаднаас орж ирсэн либерализм хэрэгтэй цагаачид юм уу. Эх орондоо байгаа хүмүүст либертаризм нэрийн дор балай зүйл ярьж бараг шашинтай адил Айн Ранд авгайг шүтэн бичирч Монгол тарх бузартуулах ямар зорилго байна вэ?.
Монгол хүний тархийг гэмтээж оюуны гэмтэл учруулж буй хүмүүсийг хэн зогсоох вэ? Орчин үеийн орон болох хэрэгтэй биздээ. 21-р зуун гадаа ирчихээд хаалга тогшоод байна шүү дээ.
Одоо удахгүй Майдар нэртэй бурханыг босгоно. Босгох гэж буй хөшөөний загварыг харахад нэг загвар өмсөгч эмэгтэйтэй адил биеийн хэлбэр галбиртай яасан ч эротик тачаангуй биетэй юм бэ дээ. Бурханаа алд. Майдар хөшөөгөөр том гээчийн эротик хүүхэн харцгааж ламын нүдийг хужирлах гэж буй л байлгүй.
Шинжлэх ухааны байгууллагаас эхлээд зааланд мухар сүсэгтддэг хүмүүс нийлцгээж Монгол хүнийг ухааны хөгжлийн бэрхшээлтэй болгожээ. Үүний эсрэг үгээ хэлж шүүмжлэх цаг болжээ. Юуны чинь хатан ухаан, хаан ухаан цаана чинь тахир дутуу ухаантай, эрэмдэг зэрэмдэг болсон ухаантай хүмүүс дүүрэн.
Ар Монголд ухааны дархлаа үгүйлэгдэнэ.
С. Молор-Эрдэнэ
URL: