Гаалийн байцаагч нарын халаасанд хэд ордог вэ?
Зөвлөгөөний үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өнөөгийн хил, гаалийн бодит байдлыг харуулсан нэгэн иргэний захидлыг зөвлөгөөнд оролцогчдод танилцуулсан юм. Энэхүү захианд 14 мянган ам.долларын үнэлгээтэй бараа импортлохдоо гааль дээр 6000 ам.долларын зардал гаргасан, үүний дөрөвний нэгийг нь тэндэхийн зарим ажилтны гар цайлгахад зарцуулсан гэж гадаад худалдаа эрхлэгч жирийн нэгэн компанийн ажилтан захидалдаа дурьджээ.
Үүнд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Ийм эмх замбараагүй, нэгдсэн удирдлагагүй, шаардлагагүй олон шат дамжлагатай, тэр хэрээрээ авлигажсан хил гаалийн үйл ажиллагааг шинэчлэхийн тулд бид өнгөрсөн хугацаанд бодлогоо боловсруулж гаргах, харилцан шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээ хийх, экспортын гол хаалга болсон боомтуудынхаа технологийг сайжруулах гэх мэт багагүй ажлын ард гарлаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс боомтын үйл ажиллагаа шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлнэ” гэсэн юм.
Хил, гаалийн үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд ээлтэй, төвөг чирэгдэлгүй болгохын тулд Хилийн боомтын тухай хууль боловсруулж, өнгөрсөн онд УИХ-аар батлуулсан. Гаалийн тухай хуулиар хил, гааль дээр шаарддаг 11-13 төрлийн бичиг баримтыг 2-4 болгож цөөлсөн бол Мэргэжлийн хяналтын тухай хуулийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх олон ажлыг төлөвлөөд байгаа аж. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн боомт бүр дээр Боомтын захиргаа ажиллаж, төрийн олон байгууллагын үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлэх юм байна. Боомтын захиргаадын ажилд салбар дундын зохицуулалт хийж, нэгдсэн бодлогоор удирдах Хилийн боомтын үндэсний зөвлөл ЗГХЭГ-ын дэргэд ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан энэ зөвлөлийг даргаар Ч.Сайханбилэг сайд ажиллаж байгаа юм байна. Цаашид боомтуудын нэвтрүүлэх чадварын сайжруулж, өргөтгөл хийхээс гадна хил гаалийн хяналт тавьдаг дөрвөн байгууллагын давхар бүртгэл, шалгалтыг нэг дамжлагад оруулах, ажилтнуудыг нь бэлэн мөнгөтэй харьцдаггүй болгож ажлыг нь цахимжуулах чиглэлээр дорвитой шинэчлэл хийнэ гэдгээ ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хил, гаалийн байгууллагын төлөөллүүдэд сануулна лээ.
URL: