Эдийн засгийн форум, ээлжит бусыг хойүлуулсан уу?
УИХ-ын намрын чуулган нэгдүгээр сарын 30-ны өдөр завсарласан. Уг нь хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах хувилбар байсан ч ээлжит бус чуулганыг зарлах нь тодорхой учраас гэсэн тодотголтойгоор ийнхүу эрт завсарлуулсан билээ. Бараг завсарласан өдрөөс нь хойш ээлжит бусын тухай ярьсан. Гэвч чуулганыг хэзээ хуралдуулах тухай албан ёсны тов одоо хэр гараагүй. Уг нь ээлжит бусаар хэлэлцэх асуудлын хамгийн чухал нь энэ оны төсвийн тодотгол байх юм. “…Үүнээс гадна аудитын байгууллага царнаасан обьектуудад хийсэн шалгалтын дүнгээ УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч, дүгнэлтийг хянах үүрэгтэй ажлын хэсэг дүнгээ гаргаагүй байгаа юм…”
2014 оны төсвийг батлахдаа санхүүжилтийг нь царцааж үлдээсэн. 234 объектод Үндэсний аудитын газраас дүгнэлт хийгээд дууссан. Аудитын дүгнэлтийг бүлэг, Байнгын хороодоор хэлэлцээд чуулган дээр “шүүх” учиртай. Ингэж шүүгээд будлиангүй барилгын санхүүжилтийг төсвийн тодотголоор суулгах ёстой юм. Дээрээс нь хаврын чуулганаар хэлэлцэх асууддын дарааллыг баталж чадаагүй завсарласан. “Шударга ёс” эвслийн болон МАН-ын бүлгээс оруулсан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд тусгаагүй учраас тогтоолын төслийг олонх дэмжээгүй билээ. Дараагийн чуулган эхлэхэд юу хэлэлцэх нь тодорхой байх ёстой учраас ээлжит бус чуулганаар энэ асуудлыг ч шийдэх ёстой. УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван субъект хууль санаачлах эрх эдэлдэг. Хэлэлцэх асууддын дараалалд тусгуулахаар тэднээс 279 санал ирүүлсэн аж. Үүний 47 нь АН-ын, 46 нь МАН-ын, 35 нь “Шударга ёс” эвслийн бүлгийн санал юм. Бие даагч гишүүдийн тухайд С.Ганбаатар ганцаараа арван хуулийн төслийг хэлэлцүүлэх санал оруулсан байна. Тогтоолын төслийг боловсруулахдаа эдгээрээс цаг хугацаа заасан, холбогдох байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон 18 асуудлыг жагсаалтад тусгасан байгаа юм.
Гэхдээ төсөв санхүү хүндэрч, эдийн засаг эргэлтгүй болж, тэг зогсолт хийхдээ тулсан өнөө үед ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг сөрөг хүчний зүгээс удаа дараа шаардсан. Гэвч барагцаалж товлосон хугацаа нь үүнээс ч оройтож мэдэхээр байгаа бололтой. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг энэ сарын 24-н буюу ирэх даваа гаригт хуралдуулах боломжтой хэмээн мэдэгдэж байв. Гэтэл энэ өдөр Монголын эдийн засгийн форум эхлэх гэнэ. 2010 оноос хойш зохион байгуулагдаж буй форумыг тав дахь удаагийнх нь уламжлал ёсоор Төрийн ордонд болно. Улс төр, бизнес, эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын хөгжлийг хурдасгах асуудлаар тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг, салбар бүрийнх нь хуралдаанд манай төрийн гурван өндөрлөгөөс эхлээд Их хурлын гишүүд, Засгийн газрын сайдууд үндсэн илтгэгч хийгээд хурал даргалагчаар оролцдог “үүрэгтэй” гэх үү дээ.
Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг хойшлуулж болзошгүй гэх мэдээлэл гарсан юм.Үүнээс гадна аудитын байгууллага царцаасан обьектуудад хийсэн шалгалтын дүнгээ УИХ Засгийн газарт хүргүүлсэн ч, дүгнэлтийг хянах үүрэгтэй ажлын хэсэг дүнгээ гаргаагүй байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар ажлын хэсгийн дүгнэлт нэлээд хугацаа авах шинжтэй байгаа гэнэ.
АЖЛЫН ХЭСЭГ ДҮГНЭЛТЭЭ ГАРГАЧИХВАЛ УИХ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудлаар УИХ-ын Тамгын газрын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар дараах тайлбарыг өгч байна.
-Эдийн засгийн форум ээлжит бус чуулганы нээлтийн өдөртэй давхцаж байгаа тул чуулганыг хойшлуулсан гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?
-Одоогоор УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлах болон цуцлахтай холбоотой захирамж гаргаагүй. Эдийн засгийн форум жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг, тэр дагуу болдгоороо болно.
-Гэхдээ УИХ-ын дарга ээлжит бус чуулганы товыг яагаад зарлахгүй байгаа юм бол?
-УИХ-аас 200 гаруй обьектын хөрөнгө оруулалтыг царцааж, Үндэсний аудитын газар шалгалт хийсэн. Саяхан шалгалтын дүнгээ УИХ-ынТөсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тус Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгээс дээрх асуудалтай холбоотой дүгнэлт гаргаж УИХ-д оруулж ирнэ. Түүнээс хамаарч УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эсэх тодорхой болно. Ажлын хэсэг дугнэлтээ гаргачихвал УИХ-ын даргын зөвлөл хуралдана.
Б.СЭЛЭНГЭ
URL: