С.Эрдэнэ вангийн хошуу буюу Баянгол дүүрэгт бугласан булхай


Нийслэлийн Баянгол дүүрэг өнөөдөр утгаараа Эрдэнэ вангийн хошуу болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа.  Төрийн албыг төрлийн алба болгон “цус ойртсон” энэ байдал нь хэрээс хэтэрч хэд хэдэн хууль буй үйл ажиллагаа  болж байгаа ажээ.

Энэ удаад  бид  тус дүүрэгт төсвийн мөнгийг  хэрхэн  үр ашиггүй үрж, Монгол улсад анх удаа  ИТХ-ын дэд дарга гэгч суудал гаргасан талаар бэлтгэсэн юм.

Баянгол дүүргийн ИТХ Монгол улсын түүхэнд анх удаа ИТХ-ын дэд дарга хэмээх албан тушаалтай болж тэрхүү сэнтийдээ  УИХ-ын гишүүн С.Эрдэнийн туслахаар ажиллаж байсан  Т.Сэр-Од гэж хүнийг тавьжээ.

1983-2010 оныг хүртэл  нягтлан, ерөнхий нягтлан бодогчийн ажил эрхэлж байсан энэ эмэгтэй  гэнэт  л 2010-2012 онд  С.Эрдэнэ гишүүний бие төлөөлөгч-туслахаар ажиллаж байгаад л ийнхүү Баянгол дүүрэгт дэд даргын сэнтийд заларсан нэгэн. Түүний авдаг цалин чамлахааргүй гэдгийг ч  учир мэдэх нэгэн нь  ярьдаг юм билээ.  Өнөөдөр энэ хүн Баянгол  дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн даргатайгаа хамт суудаг бөгөөд  бүлгийн ажлын албаны машиныг бусадтай ээлжлэн хэрэглэдэг. Гэхдээ удахгүй өөрийн гэсэн албан өрөөтэй болж,  хангамжтай болох юм гэнэ лээ. Тодруулбал  Баянгол дүүргийн засаг дарга  ашиглалтад орсон өргөтлийн барилгад өөрийн гэсэн албан тасалгаатай болж байгаа бөгөөд түүний албан өрөөнд  БГД-ийн ИТХ-ын  дарга орно.  Харин  БГД-ийн ИТХ-ын  даргын өрөөнд  Т.Сэр-Од орж өөрийнхөө тохижуулаад , туслахтай болох ажээ.

Тэгвэл Монгол улсын ямар ч хуулинд ИТХ нь дэд даргатай байна гэж заагаагүй. Нэгэнт хуулинд заагаагүй болохоор энэ хүний  ажил үүргийн хуваар, цалинжих журам нь бүрхэг.  Тиймдээ ч өнөөдөр энэ хүн ажил хийж байгаа эсэх нь эргэлзээтэй.  Өөрөөр хэлбэл энэ хүн 2012 оноос хойш нэг ч удаа хурал даргалж үзээгүй бөгөөд ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй. Осолдохгүй өглөө ирж цагаа бүртгүүлж байгаа харагддаг.   Өөрөөр хэлбэл татвар төлөгч та бидний мөнгөөр  цалинжиж байгаа нэгэн гэж хэлж болно.

 Татвар төлөгч та бидний мөнгөөр дураараа дургиж байгаа үйлдэл Баянгол дүүргийн ИТХ-д нэг биш удаа давтагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл  Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албанд өмнө нь зургаан хүн ажиллаж байсан.  Харин 2012 оны орон нутгийн сонгуулиас хойш буюу С.Эрдэнэ вангийн хошуу болсноос хойш ажлын албанд 30 гаруй хүн ажилладаг болсон гэж байгаа.  Уг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь төрийн албыг данхайлгахгүй гээд хичээгээд ухаалаг төртэй болгосон ч  Баянгол дүүрэгт эсрэгээрээ байгаад байх шиг.

Ингэж төр түмнээ  хуурч, өөрийнхөө вант улсыг байгуулах  шаардлага байна уу даа С.Эрдэнэ сайдаа…

Энэ бол БГД-ийн ИТХ-д өрнөж байгаа олон асуудал, “но”-той үйлдлийн нэг.  Цаашид бид тус дүүрэгт өрнөж байгаа но-той, ноцтой үйлдлийг баримттайгаар цувралаар хүргэх болно.

А.Баярмаа

 эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих