“АРД” кино театр ломбард болж, “АСА” цирк хэвээрээ л байна

Олон нийтийн дунд өрнөж буй Украины улс төрийн үйл явц, Малайзын онгоцны осол зэрэг халуун сэдвүүдийг “Аса” циркийг тойрсон маргаан үргэлжлүүлж байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Аса цирк”-ийн үйл ажиллагаа доголдож хэрэглэгч /үзэгч/-ийн эрх ашиг зөрчигдөж байна гэж мэдэгдсэнээс хойш хоёр долоо хоног өнгөрөхөд асуудал улам хүрээгээ тэлж, тус циркийн эзэн, сүмогийн их аварга Д.Дагвадорж хариу барьснаар энэ хоёр эрхэм хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж эхэлсэн.

Асуудлын гол нь циркийн үйл ажиллагаа хэвийн байна уу, үгүй юу гэдэгт байгаа юм. Анх 2006 онд улсын циркийг хувийн мэдэлд өгч, шинэ менежментээр ажиллуулж эхэлсэн. Шинэ менежмент үр дүнгээ өгснөөр 2008 онд “Аса консалтинг” компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар их аваргын мэдэлд бүрэн шилжжээ. Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд тус циркийн явуулсан үйл ажиллагаа нь анхны гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэдгийг НӨХТГ-ын улсын байцаагчид онцлоод байгаа. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн гэжээ. Өөрөөр хэлбэл, циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлахаас өмнөх байдлаас дордсон, ажилтнуудын тоо 50 хүртэлх хувиар буурсан, сургуулилттай ан амьтдыг устгасан, олон нийтэд хүртээл болгох тоглолтын тоо хангалтгүй зэрэг үндэслэлийг гаргаж ирсэн байсан. Мөн обьектын зарим хэсгийг зориулалтын бусаар ашиглаж байгааг онцолжээ. Тиймээс циркийн захиргаанд есөн сарын хугацаат даалгавар өгч, ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд дээрх алдаагаа засч залруул гэв.

Харин нөгөө талд “Аса цирк”-ийн захирал Д.Дагвадорж “Өөрийн хөлс хүчээ шингээж олсон мөнгөөрөө худалдаж авсан обьект шүү” гэсэн нь “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж сануулсан бололтой. Гэвч олон нийт нэгэнт циркийн асуудлыг хөндсөн бол бусад соёлын байгууллагуудын хувьчлалыг эргэн харах нь зөв гэж үзэж байна. Циркийн хувьд ямартаа ч зориулалтаар нь ашиглаж буй. Уран бүтээлчидтэй, тэд нь өдөр тутам дасгал сургуулилт хийж тоглолт зохион байгуулдаг. Олон улсад тэмцээн уралдаанд амжилттай оролцдог гэж өмөөрөх нэг хэсэг бий болжээ.

Харин нэгэн үед олон нийтэд соёл, урлагийг түгээж байсан нэр бүхий кино театруудын хувьчлал, үйл ажиллагааг О.Магнайгаас нэхэж байна. Нэг талаар энэхүү шаардлага зөв.

Ард иргэдийн авч үлдэхийг хүсч харамсан халагладаг соёлын байгууллагуудын нэг нь “Ард” кино театр гэдэгтэй маргах хүн үгүй биз. Монголчуудад хамгийн анх өргөн дэлгэцээр олон хүний өмнө кино урлагийн гайхамшгийг мэдрүүлж байсан түүхэн обьектыг 1930-аад тэр үеийн урлагт шимтсэн хүмүүс байгуулахаар төлөвлөсөн гэдэг. Гэхдээ яг театрын суурь нь 1965 онд тавигдсан юм билээ. 30 гаруй жил соёл, урлагийг түгээж залуу үеийнхний хуйларч байсан тус театрт 1996 онд менежментийн хувьчлал хийгдсэн нь эдүгээгийн дүр төрхийн эхлэл байв. Одоо бол тус театрын буурь арилжааны олон төрлийн үйлчилгээт талбар болж хувирсан. Банк, бүжгийн сургалт, ломбард, канон, зурагчин, наториат, дохиолол хамгаалалтын компани, жуулчны газар зэрэг нэрлэвэл олон төрлийн ашгийн төлөөх үйлчилгээтэй дөрвөлжин байшин болж үлджээ. Ийм төрхтэй болж үлдсэн “Ард” кино театрыг тухайн үед мөн л менежментийн хувьчлал гэгчээр худалдаж байсан юм билээ. Ийнхүү хувьчлал яривал олон барилгын түүх сөхөгдөнө. Эдгээр асуудлууд өрнөх зуур суурь циркийн хувьчлалтай холбоотой асуудлыг сөхсөн О.Магнайгийн үйлдэл хуулийн хүрээнд зөв байсан эсэх нь хуульчдын дунд маргаан дагуулж буй сурагтай. Хувьчлалтай холбоотой асуудлыг ШӨХТГ бус ТӨХ хариуцах учиртай гэж. Ямартаа ч О.Магнайгийн үйлдэл сайн ч муу ч нийгэмд тэрүүхэндээ бужигнуулдаг заншил тогтлоо, энэ нь сонгуулийн пи-ар гэж хардах хүмүүс ч байна.

Б.ЗОРИГ
polit.mn

URL:

Сэтгэгдэл бичих