Хятадын алдарт 38 дугаар армиас өвөр монголчууд айгаад яаж ч чадахгүй байна
Өвөр Монголд болж буй үйл явдлын талаар Шилийн гол аймгийн Авга хошууны иргэн А.Наминатай ярилцлаа.
-Өвөр Монголд өнгөрсөн сарын 30-нд болсон жагсаал хэр өргөн хүрээтэй байв. Одоо байдал ямар байгаа бол?
-Хятадын аюулаас хамгаалах хүчнийхэн жагсаал болохоос өмнө Хөх хотод орж хаа сайгүй хамгаалалтад гарсан учраас жагсаалд олон хүн оролцож чадаагүй. Цэргүүд Хөх хот дахь Өвөр Монголын их сургуулийн оюутны байранд байрлаж, оюутнуудыг гаргахгүй байгаа. Тиймээс жагсаалд 100 хүрэхгүй хүн л оролцсон. Хятадын Засгийн газраас Өвөр Монголын бүх аймаг, хошуу, суманд онц байдал нууцаар зарлачихсан. Цэргийн арми оруулж, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын үйл ажиллагааг хатуу хянаж байгаагаа Онц байдал зарласан гэж мэдэгдээгүй. Харин бодит байдлын талаар элдэв сургуулилт, дадлага хийж байна гэж тайлбарлаж байгаа. 1989 оны зургадугаар сарын 4-нд Бээжин хотод болсон оюутнуудын жагсаалыг нугачин дарсан алдарт 38 дугаар арми Өвөр Монголд орчихсон байгаа мэдээлэл байна. Тиймээс иргэд маш их айдастай байгаа.
-Сургууль, албан байгууллагуудын үйл ажиллагааг яаж хянаж байна?
-Ерөнхий боловсролын сургуулиудад цэргүүд орчихсон. Эцэг эхчүүд өглөө хүүхдээ хүргэж өгөөд, орой заавал өөрсдөө авдаг. Хэрвээ хүүхэд нь ямар нэг жагсаал цуглаанд оролцвол эцэг эхийг нь хариуцлагад татна гэдгийг хуулийнхан хатуу сануулсан. Тиймээс том ангийн хүүхдүүдийг ч эцэг эх нь цаг тутамд харгалзаж байгаа. Мөн дотуур байрыг цэргүүд хамгаалалтдаа авчихсан, оюутнуудыг гаргахгүй байна. Дотуур байрны ойролцоох бүх интернэт кафенуудыг хаасан. Ер нь интернэтээр мэдээлэл дамжуулах ямар ч боломжгүй байгаа. Албан байгууллагуудын хувьд удирдлагууд нь ажилчидаа ажлаас хална гэж айлгадаг. Хэрвээ гар утаснаасаа олон мессеж бичиж, нөхцөл байдлыг гадагшаа мэдээлбэл шууд ажилгүй болно гэсэн үг. Тиймээс бодит байдлын талаар хангалттай мэдээлэл олдохгүй байна.
-Та хамгийн сүүлд ямар мэдээлэл авав?
-Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуулийн багш Болдчулуун, Ё.Билэгбаатар нарыг өчигдөр баривчилсан баттай мэдээлэл байна. Бидэнд мэдэгдэхгүй хичнээн хүнийг барьж хорьж байгааг хэлэх боломж алга. Өвөр Монгол руу утсаар ярих гэхээр сүлжээ орохгүй байна. Утасны сүлжээг таслаад байгаа бололтой. Өчигдөр төрсөн дүүтэйгээ интернэтээр холбогдож хэдхэн минут чаатлалаа. Гэтэл дүү маань “Та битгий илүү юм асуу. Биднийг чагнаж байгаа. Дараа ярьж өгье” гээд бодит байдлыг хэлэхгүй байна. Тэнд байгаа бүх хүн ийм айдастай байгаа. Ядаж л ажлаасаа халагдахгүйн тулд чимээгүй байхаас аргагүй болсон. Өчигдөр нэг найзтайгаа ярих гэтэл “Энэ үйл явдлын хөгийг өнгөрүүлчихээд надтай ярь” гээд юу ч ярихгүй байсан.
-Өвөр Монголд гаднаас хүн оруулж байгаа юу. Гадаадын сэтгүүлчид мэдээлэл бэлтгэх хүсэлтээ гаргасан гэдэг?
-Ямар ч хүн оруулахгүй байгаа. Зам засч байгаа гэх зэрэг шалтгаанаар хүн оруулахыг хориглосон. Дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл бодит байдлыг ерөөсөө мэдээлэхгүй.
-Өмнө нь танай нутагт ийм тэмцэл өрнөж байсан уу?
-1981 онд малчид Засгийн газарт хандаж эсэргүүцлээ илэрхийлсэн ч амжилтгүй болсон. Өвөр Монголд хүний эрхийг хамгаалдаг ямар ч байгууллага байхгүй. Тийм зөвшөөрөл ч олдохгүй. Ерөөсөө л Хятадын колони шүү дээ. Харин өөр улсад байгаа бид нар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандсан. Анхаарлаа хандуулах байх гэж найдаж байна.
-Баривчилсан хүмүүсээ шоронд хорьдог юм болов уу. Яаж байцааж байгаа бол?
-Хөх хотод байдаг нэг найзыг маань долоо хоног саатуулаад гаргахдаа гар утас зэрэг холбоо барьдаг бүх хэрэгслийг нь хураагаад авчихсан. Долоо хоногийн турш шоронд хорьж, зогсоо зайгүй харилцан ярилцах маягаар мэдүүлэг авсан байна. Гэхдээ яг юу гэж ярилцсан, юу асуусан тухай хэлэхийг хориглосон байна лээ.
-Эрээнд бас цэргүүд орчихсон байгаа юм уу?
-Өчигдөр найзтайгаа холбогдоход захаар нэг цэргүүд байна гэнэ. Өвөр Монголын аймаг, хошуунд төдийгүй Эрээнд танктай цэргүүд орчихсон “Гарвал ална” гэсэн хандлагатай байгаа учраас иргэд хилэнгээ дарахаас аргагүй болсон.
-Та хэзээ Монголд ирсэн бэ. Ер нь Өвөр монгол иргэд гадаадад гарах хэцүү юү?
-НҮБ-ын хамгаалалтад Монголд орж ирээд гурван жил болж байна. Өвөр монголчууд сүүлийн арван жилд л гадаадад гарч байгаа. Японд хамгийн олон өвөр монгол хүн байдаг. Ер нь биз гарахгүй байх зэрэг хүндрэл ихтэй. Өвөр Монголын эрх баригчид Хятадуудын дуу хоололй болчихсон. Иргэдийнхээ төлөө юу ч хийдэггүй.
-Монголд амьдарч байгаа өвөр монголчууд БНХАУ-ын Элчин сайдын яамны үүдэнд хоёр өдөр жагссан. Үр дүн гарав уу. Элчин сайдын яамнаас ямар нэг хариу өгсөн үү?
-Өгөөгүй. Харин Монголын Засгийн газарт жагсаал, цуглааныг дэмжиж, дэвэргээд байвал хоёр орны харилцаа эвгүй байдалд орно шүү гэсэн сануулга өгсөн гэсэн.
-Хятад жолооч дайрч амийг нь хөнөөсөн Мэргэн гэдэг залуугийн ар гэрт Засгийн газраас нь мөнгөн тэтгэмж өгсөн гэл үү?
-Хоёр байр, 600 мянган юань өгсөн. Иргэд тэр жолоочийг цаазаар авахуулахыг хүсч байгаа. Ер нь жагсаал цуглаан зөвхөн Мэргэн гэдэг залуугийн амьтай холбоотой юм биш. Өвөр монголчууд олон жилийн турш дарлагдаж, тэсэхээ больсондоо эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Нүүрс ухаж байгаль сүйтгэсэн нь сүүлийн үеийн явдал. Бүр 1980-аад оноос Хятадын төрийн бодлогоор иргэдийг дарамталж, энгийн сайхнаар амьдрах аргагүй болгосон. Өвөр Монголын талаар явуулсан төрийн бодлогоос нэг ч зөв зүйл байхгүй. 1983 оноос айлуудад газар хуваарилж, хашиж өгсөн. Тэр үеэс мал нь ч чөлөөтэй бэлчиж, иргэд ч нутагтаа дураараа нүүдэллэх эрхгүй болсон. Ердөө л нэг хашаанд малтайгаа амьдарч байлаа. Төмөр торонд шахагдаж гэмтэж бэртсэн, үхсэн хүн маш олон бий. Түүнд анхаарал хандуулсан нэг ч хүн байхгүй. Хүний амийг мал үхэхээс дорд үзэж ирсэн. Нэг хашаанд жилийн дөрвөн улирлын турш байхаар бэлчээр сүйтэхээс аргагүй. Уг нь тэр газрыг 30 жилд эзэмшүүлэхээр хашиж өгсөн. Гэтэл бэлчээр сэргээх нэрийдлээр малчдыг хот суурин газар руу нүүлгэх болсон. Гэнэт л газрыг нь битүүмжлээд малыг нь хүчээр заруулж хотод аваачдаг. Олон жил мал малласан хүн суурин газар хөлөө олох хэцүү биз дээ. Засгийн газраас малчдыг үсчин, мужааны сургалтад сургаад орхидог. Гэтэл өвөр монголчуудад үсээ засуулж, үйлчлүүлэх хүн тэр бүр байхгүй. Ингээд хог түүж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
-Засгийн газар малчдыг нүүлгэдэг юм уу?
-Бүх ажлыг Засгийн газар зохицуулдаг. Бүр нэг малчныг хужиртай газар авааччихаад “Тариа тарьж амьдар” гээд орхисон. 60 гаруй малтай малчин малаа зарж байгаад байшин барихаар нэг өдөр очоод нураачихсан. Энэ мэтээр малчдын амьдралыг гарын үзүүрээр л өөрчилдөг. Чөлөөлсөн газарт нь уул уурхайн компаниуд орж нүүрс ухаж, байгаль сүйтгэдэг. Баруун үзэмчин л гэхэд хүн харахын аргагүй сүйтгэсэн. Засгийн газар хэдэн малчныг хэдий хугацаанд нүүлгэх талаар төлөвлөгөөтэй. Төлөвлөгөөгөөрөө л хүний хувь заяаг шийдэж байгаа. Малчид үнэхээр амьдрах аргагүй болсон. Хотын төв рүү аваачсан малчдаа нэг адил загвараар барьсан жижиг оромжид амьдруулдаг. Малчид гадагшаа дүрвэх талаар мэдээлэл, мэдлэггүй учраас дарамтад амьдрахаас аргагүй. Ийм аймшигтай дарамтад бухимдаж явсаар байгаад Мэргэнийг дайрснаар тэсэрлээ. Энэ тэмцэл яаж дуусахыг мэдэхгүй байна.
URL: