Д.Дагвадорж: Циркийн менежментийн хувьчлалын гэрээ аль эрт дууссан

3-13-3

ШӨХТГ-ын дарга О.Магнай “Аса” циркийн үйл ажиллагаа доголдолтой, үзэгч хэрэглэгчийн эрх хангагдахгүй байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрээр “Аса консалтинг” компани менежментийн хувьчлалаар хүлээсэн үүргээ умартаж, циркийн зарим хэсгийг зориулалтын бусаар ашиглаж байгааг дуулгасан юм. Уг мэдэгдэлтэй холбогдуулж “Аса” циркийн захирал,  Сүтогийн их аварга Д.Дагвадорж өчигдөр мэдээлэл хийлээ. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-ШӨХТГ-ын улсын байцаагчид циркийн үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа гэж дүгнэсэн байсан. Энэ тухайд та ямар тайлбар өгөх вэ?

-ШӨХТГ-аас ирүүлсэн зөрчил арилгуулахыг шаардсан хуудасны он, сар, өдрийн зөрүүтэй байгааг харахад хэзээний зүйлийг яриад байгаа нь ойлгомжгүй.  О.Магнайгийн үйлдэл бол цагааныг хараар будах гэсэн оролдлого гэж ойлгож байна. Намайг Үндэсний циркийг зүгээр авчихсан гэж ойлгоод байх шиг байна. Би өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө авсан. Анх циркийг худалдаж авахад ямар байдалтай байсан билээ. Таазандаа хоёр гэрлээс өөр зүйл байгаагүй. Бид тоглолт зохион байгуулдаг. Монголчууд даанч ирж үздэггүй. Тэр бүү хэл сайд, дэд сайд нарт хүртэл урилга явуулдаг. Хэн нь ч ирж үздэггүй. Харин манай улсад суугаа гадаадын Элчин сайд нар л ирж үздэг.

-Танайхыг циркийн талбайг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь менежментийн хувьчлалаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн?

-Менежментийн гэрээ гэж буруу ойлгоод байна. Энэ гэрээ аль хэдийнэ дуусч, худалдах, худалдан авах гэрээг хийчихсэн.

-Хувьчлалын үр дүнд ажилтнуудын орон тоо цөөрсөн, сургуулилттай амьтан бүр үгүй болсон юм биш үү?

-Манайд гэрээтэй 135 уран бүтээлч өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийгээд тоглолтоо үзэгч олонд толилуулаад явж байна. Өнгөрсөн онд л гэхэд 41 уран бүтээлийг бэлтгэж нийтдээ 82 удаа­гийн тоглолтыг олонд хүр­гэсэн. Гадаадад 200 гаруй удаа тоглосон.  Үүнийг юм хийгээгүй гэх үү.

 

Б.ЭНХ

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих