“Слайд” ХХК-д төсөл өгөхийн тулд хэдэн хуулийг гууль болгов!

pu dg ool“Өмнөх тавагтай хоолоо л идэцгээе” гэж хэдэн жилийн өмнө нэгэн улс төрч хэлж байв. Товчхондоо хариуцсан ажлаа л хийе гэсэн санаа. Тэгвэл өнөөдөр энэхүү “тавагтай хоол”-ыг хэрэг зориг, ашиг сонирхол л ижил байвал хуваагаад л хүртчихдэг болжээ.

Засгийн газар өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн системийг суурилуулах төслийг “Слайд” ХХК-д өгч, төсөлд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаа солгуулахаар шийдсэн. Мөн “Слайд” ХХК-ийн өмнөөс Засгийн газар баталгаа гаргахаар болсон юм. Энэ нь өдгөө асуудал дагуулаад байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүн, Хотын дарга хоёрын нэр холбогдоод байна.

Учир нь энэ төслийг нийслэлийн удирдах байгуулагууд шалгаруулахаар ажлын хэсэг томилж, олон төсөл хүлээн авч танилцаад байжээ. Гэтэл Засгийн газар гэнэт хэлэлцээд “Слайд” ХХК-д уг төслийг өгсөн. Энэ компани өмнө нь төслөө огт танилцуулж байгаагүй, ямар ч сонгон шалгаруулалтад оролцоогүй байна. Дээрээс нь “СлайД” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөр нь “Сант” сургуулийн захирал Н.Зургаанжин гуайн хүү. Засгийн газрын хуралдаанаар “Слайд” компанийн ажлын гүйцэтгэлд МТШХХ-ны газар хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.

Гэтэл тус газрын дэд дарга З.Энхболд нь “Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.ЭнхтөрийН төрсөн ах ажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар шийдвэр гаргахдаа “Олон тэрбум төгрөгийн төслийн ажлыг З.Энхтөр гүйцэтгэж, төрсөн ах З.Энхболд нь хяналт тавь…” гээд үүрэгдчихсэн гэсэн үг. “Сант” сургуулийн захирал Н.Зургаанжин нь Э.Бат-Үүлтэй 40 мянгатын нэг байрных, эхнэр Н.Буяндэлгэр нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ангижав гээд “Слайд” ХХК энэ ажлыг авах шалтгаан бий гэх яриа “нисч” байна. Гэвч хуулийг гууль болголоо гэх “эртний” хэллэгийг энд хэрэглэх хэрэгтэй бололтой. Учир нь Өрсөлдөөний тухай, Төсөл, тендерийг сонгон шалгаруулах тухай… гээд лав 10 гаруй хууль тогтоомж зөрчсөн талаар учир мэдэх хүмүүс дуугарч эхэллээ.

 

 

 
Б.ДАМДИН-ОЧИР


URL:

Сэтгэгдэл бичих