Нөөцийн махны ард хэний бизнес явна вэ
“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн ард хэний хэтэвч зузаараад байна вэ. Засгийн газраас үнийн өсөлт ард түмнийг туйлдуулж байна хэмээн шүүмжлэхэд “үгүй” гэдэг. Үнэ өсөөгүй, харин ч буурч байгаа гэж хүртэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь хэлж үзэж байсан. Эрх баригчдын хуурамч дүр төрх энэ мэтээр ил болж байгаа.
Гэвч тэд алдаагаа ухаарахгүй байна. Н.Алтанхуяг нь анх Ерөнхий сайдын сэнтийд зарлаад “Шударга бус” бүх зүйлтэй тэмцэнэ гэж лоозогнож байсан бол өнөөдөр нүдэн балай, чихэн дүлий болсон. Өнөөдөр Монгол Улсад эзэн гэж байна уу. Энэ бүх хариуцлагагүй мэдэгдэл, хариуцлагагүй үйлдэлтэй хэн тэмцэх юм бэ. Ард түмнийг хуурч, мэхлэх нь хэрээс хэтэрч байгаа юм биш үү. Төр засгийн зүгээс эргэдээ хуурч мэхэлж байгаа Зооринд хадгалж, удсан махыг ченжийн гар дээр байгаа шинэ махнаас үнэтэй худалдаж авч байна гэхэд итгэмгүй. Гэвч бодит байдал ийм л байна.
“Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” -өөс санхүүжилт авсан нөөцийн махны үнэ ченжүүдийн зарж байгаа махны үнээс 500 төгрөгөөр илүү үнэтэй байна. Тодруулбал, “Хүчит шонхор” худалдааны төвд өчигдөр үхрийн мах нэг кг нь 8000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол нөөцийн махны үхрийн махны үнэ нэг кг нь 8500 төгрөг аж. Инфляцийг хязгаарлах үүрэгтэй нөөцийн махны үнэ эсрэгээрээ үнийг хөөрөгдөгч болж, хувирсан нь энэ.
Гэтэл иргэд өнөөдөр нөөцийн мах зэх зээл дээр зарагдаж байгаа шинэ махнаас хямд хэмээн итгэж авч хэрэглэж буй. Монголын түүхэнд нөөцийн махны үнэ 5000 хүрч байсан удаатай. 8500 хүрсэн нь энэ удаагийнх биз. Уг нь бол нөөцийн махны зарагдах үнэ нь зах зээл дээр ченжүүдийн зарж байгаа махнаас хямд байдаг. Гэвч өнөөдөр нөөцийн мах үнэ хөөрөгдөж байгаа төрийн бодлогын алдаа юу. Аль эсвэл хэн нэгний бизнес яваад байна уу. Энэ шударга бус, уйваагүй, хариуцлагагүй байдал хэн хариуцлага хүлээх вэ?
Н.Чинзориг
new.mn
URL: