Барьцаалан зээлдүүлэх газруудыг цэгцэлнэ

LombardНийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал өчигдөр болж “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх журам”-ыг шинэчлэн гаргах төслийг хэлэлцлээ. Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монголбанк, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороо хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй байдаг аж.

Тиймээс холбогдох албаны хүмүүс өчигдөр хуралдаж барьцаалан зээлдүулэх уйл ажиллагаа явуулдаг газруудын үйлчилгээг зохицуулах журам гаргах нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн эрх ашгийг хамгаалахад үр дүнгээ өгнө гэж үзжээ. Түүнчлэн НЦГ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар нийслэлд 521 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгаа ажээ. Гэвч ихэнх нь хулгайлагдсан эд зүйлсийг авахаас гадна иргэдийн эд хөрөнгийг хугацаа хэтэрсэн шалтгаанаар зарж борлуулдаг байна.

Мөн өнгөрсөн онд нийслэлд 16544 буюу нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 23,9 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гомдол мэдээлэл иржээ. Үүний 15144 буюу 91,5 хувь нь иргэдийн өмч хулгайлсан гомдол байжээ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргийн зах зээлийг судалж, дүн шинжилгээ хийхэд гэмт хэргийн газраас алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэсэн судалгаа гарсан байна.

 

Л.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих