Саадыгаа уучлаарай
Нийтлэлч Б.Цогтгэрэл “Монголын үнэн” сонины уншигч та бүхэнд улс төр, эдийн засаг, танин мэдэхүйн нийтлэлүүдээ даваа гараг бүр толилуулж байхаар боллоо. Гэхдээ тэрбээр хэт улстөржихгүй, бас эдийн засгийн талаар их мэдэгчийн дүр эсгэхгүй. Ордны явдлаас ороо бусгаа нийгмийн үзэгдэл, эдийн засгийн ертөнц дэх элдэв савлагаа, та бидний таньж мэдэхийг хүсдэг зүйлсийн талаар үзэл бодлоо илэрхийлэхээр шийдсэн нь энэ.
Ам.долларын ханш өсөөд сүйд болж байна гэнэ. Ам.доллараар юм авдаг биш би юугаа мэддэг юм. Миний идэж байгаа талх, 11.000 төгрөгөөр авсан нэг кило үхрийн маханд тэр ам.доллар чинь түй ч хамаагүй. Хүмүүс ер нь ямар муухай далимч болчихсон юм бэ. Ёстой ёо ёо хөдөлгөөд хаячихлаа байна. Зуслан дээр ганц үнээтэй Жүжа гээд хөгшин байдаг юм. Түрүү жилийн наадмаар “Ам.доллар өслөө” гэдэг мэдээ үзчихээд маргааш нь л нэг литр сүүнийхээ үнийг нэмээд хэдэр хэрүүлч, дээр нь эдийн засгийн мэдлэг зузаантай миний уурыг бараад хаячихсан. Дургуй хүрээд замын дэргэдэх дэлгүүрээс “шар сүү” аваад л цайгаа самарчихсан. Харамласан юм хар нохойны аманд орж хэн ч авахгүй тэр сүү нь гашилсан нь лавтай. Сүүний үнийг барьж тогтворжуулж чадаагүй Х.Баттулга саадыгаа би шууд л уучилсан. Жудо гээд завгүй ядаж байхад нь Жүжад уурласан уураа Женкод баахан гаргаж Twitter дээрээ “жиргэж” л орхисон.
Зохиолын дуучин С . Жавхлан Бөхийн өргөөнд ес хоног авгайтайгаа дуулаад төрсөн өдрөө тэм дэглэж, Германаас ирсэн хар арьстан дуучин НАНА гэдэг эрийг нэг хоног “ УБ палас ”- т тоглолт хийсэн хэд хоног болов доо хөөрхий. Би ч “Хэнийг нь үздэг юм билээ. Алийг нь сонгодог юм билээ. Тав арван цаасаараа аятайхан тоглолт үзчихдэг ч юм билүү ” гэж бодов . Нөгөө л монгол зангаараа “ Үнэтэй нь гоё , бас чанартай” гэж сэтгэж байгаа юм чинь шууд л “УБ палас” орлоо . Тасалбар байна аа. Гэтэл хэд гэсэн гээч. “Ээ, хөх тэнгэр минь” тасалбарын үнэ доод тал нь 50.000 гэнэ ээ. За, болиод өг ! “Аль ерээд оны сүүлчээр ганц, хоёр дууг нь хальт хульт сонсч байсан нэг муу Германы хар нөхөр монголчуудыг ингэж сэгсэрдэггүй л байхгүй юу” гэж үглэсээр “Бөхийн өргөө” тийш зүглэв. Баахан шагчид багширсан “ Бөхийн өргөө ” хөл ихтэй байна гэж. Уг нь хөөрхий дуучин маань 9999 төгрөгөөр тасалбараа зарсан чинь гайтай хөөтэй ам. долларын ханш тэр хэдхэн хоногт суга өсөөд хамаг юмны үнэ нэмсэн нь дуучинд биш, шагчдад маань хүнд цохилт болж тасалбарын үнийг нь 50 мянган төгрөг болтол нь нэмээд хаячихдаг байна. Шагчид “Ээ, ах амьдрал хэцүү байна шүү дээ . Ам. долларын ханш өсөөд наана чинь хамаг юмны үнэ нэмэгдчихлээ. Тавиар авбал ав, байвал бай ” гэхээр нь ёстой “ Донгос” гэж хэлчихээд буцан одов.
Яг энэ мөчид ам. долларын ханшийг тогтоон барих ариун үйлст хүч харамгүй тулалдаж , эх орныхоо эдийн засгийн манааг 24 цагийн туршид нүд цавчилгүй харж хандаж байгаа Сангийн саад, Эдийн засгийн хөгжлийн саад, Төв банкны бөөрөнхийлөгч нартаа уурлаж бас л баахан “жиргэв”. Гайхалтай нь тэр орой яг над шиг ам. долларын өсөлтөд бухимдаж элдэв янз болсон хүн “жиргээ”- нд зөндөө байсан. Гэсэн хэдий ч мөнх хөх тэнгэртэй байнга шахам харьцаж байдаг Портуун саад, Улайдаггүй урвагч Улаан саад, байгаа, байхгүй нь мэдэгддэггүй Банкны бөөрөнхийлөгч нараа бүгдийг нь уучилсан. Та нар яагаад энэ Цогоо гуай тэднийг байн байн уучлаад байгаагийн учрыг олох гээд л зүдээд байгаа байх. “Уучлал гэдэг бол ухаантай хүний ажил” гэж ээж надад дандаа хэлдэг байсан. Байсан ч гэж дээ, одоо ч тэгж хэлдэг. Заримдаа бүр “Ухаантай хүн уучлал гуйдаг. Бүр ухаантай нь уучилж чаддаг юм” гээд утга санааг нь улам баяжуулаад л байх.
Тэгээд ч сүүлийн үед дарга нар уучлалт гуйх нь ихсээд ард түмэн бид тэднийг уучлах нь ихсээд л байгаа биз дээ. Та нар үүнийг анзаарч байна уу, ер нь. Яагаа вэ, нөгөө Ховдын АН- ын дарга байгаад гэв гэнэт Гадаадын иргэн харьяатын газрын дарга болсон Б.Пүрэвдорж гэдэг залуу “Гадаадаас ирсэн хүмүүст хүнд суртал гаргана ”гэж хэлээд баахан“ балбуулаагүй юу!”. Тэгээд л маргааш нь гэв гэнэтхэн л “Ёстой тэнгэр шиг ард түмэн минь тэнэгхэн хүү намайгаа өршөө, өршөө” гээд сөгдөж мөргөх нь холгүй уучлал хүсдэг юм байна.
Уучилсаан, уучилсан түүнийг. Гадаадад байгаа монголчууд л харин уучилж чадалгүй удсан юмдаг. Одоо ч яршиг цаашаа , тэр явдлыг хүмүүс мартаа биз. За дараа нь яасан ! Шударгаар өрсөлдүүлдэг О.Магнай дарга “Км тутамд такси 300 төгрөгөөр үнээ нэмэх нь чухам зүгээр зөв юм. Одоо ингээд нэмлээ” гэсэн. Бас л баахан бухимдал , дургүйцэл … Ард түмэн л болсон хойно яаж мартав гэж дээ. Долдугаар сарын 1- ний үйл явдал, таван хүний амь гэх мэтчилэн өөртэй нь холбоотой хавийн юмыг хамж шимэн ярьж, мань хүнийг даргын сэнтийгээс нь буулгах дөхтөл “ Тэнэгхэн хүү намайгаа тэнгэр ард түмэн минь өршөө, өршөө” гэж уучлал гуйхад Цогоо гуай нь хамгийн түрүүнд уучилж, ууртай зарим нь 34 хоног гүрийж байж сая нэг юм уучилж байх жишээтэй.
Ингээд төрийн том, том дарга нар сандал суудал нь ганхаад ирэхийн цагт уучлалаар хуураад сурчихаж. Ард олон бид ч уучлал гуйхад нь хууртаж, бөөн, бөөн уучлалаар улс орон маань амьсгалдаг болов. Гэхдээ ямар хойд солонгосчууд биш. Дарга нарыг уучлал гуйх тоолонд уйлаад байдаг ард түмэн монголчууд биш л дээ. Одоо хэдүүлээ хэнийг уучилц- гаах вэ. Улс орноо өрөнд бөөс шиг хэрүүлчихсэн Сангийн саадаа уучилцгаая. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд мөлхүүлж байгаа ( сүүлийн үед заримдаа бүр зогсоочихдог болсон) Портуунаа саадаа уучилцгаая. Ам. долларын ханш ярьж байгаад араатан жигүүртний нисэх технологийн судалгаа болгодог Төв банкны бөөрөнхийлөгчийг ч уучилж өршөөе !
Харин энэ Ерөнхий саадыг л уучилмааргүй санагдаад байх юм. Түүний хэлснээр, өндөг тансаг хэрэглээ болчихсон байдаг. Гэтэл саяхны ярианаас нь цагаан будаа ч тансаг хэрэглээ болох шинжтэй болоод явчихлаа. Долларын ханш буурвал Ерөнхий саадад хамаатай. Ам. долларын ханш өсвөл Ерөнхий саадад түй ч хамаагүй мэт дүр эсгэхийг нь яана. За, тэр ч жижиг асуудал юм гэхэд Үндсэн хуулийг таван удаа зөрчиж шараа болчихоод “Уучлаарай” гээд хэлчихдэггүй л золиг юмдаа. “ Ухаантай хүн уучлал гуйдаг. Илүү ухаантай нь уучилж чаддаг” гэдэг үгийг бодохоор уучлаад байгаа ард түмэн ухаантай. Уучлал гуйдаггүй Ерөнхий саад их тэнэг санагдаад болдоггүй. Ингэхэд “ Ухаантай төр хэрэгтэй” гэж хэн хэлээд байлаа даа !
URL: