“Гацуурт”-ын Л.Чинбат хууль бус барилгаа хаацайлж, шүүгчтэй сүжрэв үү

78907559adbb9df9big“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өнгөрсөн онд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа  “Амбаар ч барьж үзээгүй хотын захирагч Э.Бат-Үүл байшин барилга нураах юм гэнэ…” хэмээн “томорсон” байлаа. Түүний ийнхүү “бухимдсан” нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Бага тойруугийн нутаг дэвсгэрт хууль бусаар барьсан барилгаа л хаацайлсан хэрэг аж.
Тэнд  олон жилийн өмнөөс орон сууцны 7 байр, тэр хавийн нийт 199 өрх айлыг дулаанаар хангадаг халаалтын цогц төхөөрөмж бүхий  ялтсан ус халаагч “ЦТП”  байрлаж  байжээ. Энэхүү  ЦТП   нь нийслэлийн өмчид бүртгэлтэй. Гэтэл газрыг нь эзэмшихийн тулд уг ЦТП байрлаж байсан хуучин байшинг  2007 онд  “Опен Хаус” компанийн захирал Д.Дорждагва гэгч нь Л.Чинбатад 55 сая төгрөгөөр заржээ.

Дулаан дамжуулах төв бол нийслэлчүүдийн хувьд  онцгой объект. Хэн дуртай нь нурааж хаяад, газар дээр нь барилга барих хориотой. Гэвч газрын наймаачдад иймэрхүү онцгой объект үнэндээ юу ч биш болдог аж. Л.Чинбат тэнд одоо 13 давхар барилга барчихаад байгаа.  Дулаан дамжуулах төвийг нь хэдэн жилийн турш хажуугийнх нь нийтийн байрны доор байрлуулснаас болоод айлууд өвөлдөө уур ус, мөсөн дунд аж төрж байв.

Чийгшилт хэрээс хэтэрч өвгөд хөгшид зутарч эхэлжээ. Мөн өнөөх хуучин  ЦТП  байрлаж байсан газрынх нь зарим хэсэг Л.Чинбатын “мэдэл”-д орчихсон байна. Энэ талаар  Нийслэлийн Өмчийн харилцааны газраас лавлахад “Нийслэлийн өмчид хэвээрээ байгаа” гэдэг. Гэтэл хотын дарга нар орон нутгийнхаа өмчит газрыг Л.Чинбатад луйвардуулчихаад шал тоохгүй  явсаар өдий хүрсэн байх юм. Харин Э.Бат-Үүл өнгөрсөн онд хууль бусаар баригдсан барилгуудын жагсаалтад Л.Чинбатын энэхүү 13 давхар барилгыг бүртгэж авахдаа жагсаалтынхаа  эхний тавд бичсэн байлаа. Иймээс Л.Чинбат хэвлэлээр Э.Бат-Үүлийг тийнхүү “баалжээ”.

 

Л.Чинбатын 13 давхар барилгыг тэндэхийн Сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчид анхнаасаа эсэргүүцсэн юм билээ. Ялангуяа “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбоо одоо болтол Л.Чинбатын дээрх барилгыг хууль бус хэмээн нотолж, тухайн үеийн хотын захиргааны зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсаар байгаа аж.  Тэд ийнхүү 2010 оноос  шүүх, захиргааны албан тушаалтнуудын хүнд суртал,  дарамтын дор сөхрөлгүй зүтгэжээ.

 

Зөвшөөрөлгүй барилыг бариулахгүй байх, ус дулаан дамжуулах төвийг шинээр байгуулах асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр 2010 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гарчээ. Гэсэн ч  Л.Чинбат барилгаа дур мэдэн барьсаар байв. Тэгэхээр нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх 1339 тоот захирамж гаргав. Дараа нь мөн 1612 тоот ийм захирамж гарчээ. Харин Л.Чинбат барилгаа барьсаар.  Түүний хувьд хууль хэрэгжүүлэх нь илүүц ажил байсан бололтой.

4js5tuh8jeo7m0ihhnqpmur2fc

 

Уг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч А.Мягмаржав, Ж.Мөнх-Эрдэнэ нар  2012 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 78/372 тоот актаараа  “Гацуурт”-ын Л.Чинбатын барилга нь “Зөвшөөрөл аваагүй” учраас торгууль ноогдуулж, үйл ажиллагааг зогсоох үүрэг өгч байжээ. Үүнээс өмнө ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хэлтсийн дарга Ч.Мөнхжаргал албан бичгээр “Л.Чинбатын үйлчилгээ, орон сууцны 13 даврах барилгын ажлыг гүйцэтгэх зөвшөөрлийг олгоогүй” хэмээн мэдэгдэж байв.  Өөрөөр хэлбэл, Л.Чинбатад барилгаа үргэлжлүүлэх  хууль эрх зүйн ямар ч боломжгүй болсон байлаа.  Гэлээ ч тэр хуулиас дээгүүр дүүлэн харайж, барилгаа  улам дээш босгосоор, өнгөрсөн оны  хавар 13 давхараа гүйцээж, дотор заслаас бусдыг бараг амжуулжээ. Хамаг хөрөнгөө оруулаад, байшингаа нэгэнт барьчихсан байхад хуулийнхан болоод хотын захиргааныхан яаж ч чадахгүй гэж тооцоолсон нь энэ болов уу.

 

Л.Чинбатыг ингэж дураар аашлахад дэмжлэг  үзүүлсэн албан тушаалтан цөөнгүй аж. Тухайлбал, дээр өгүүлсэн мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэг, Ж.Мөнх-Эрдэнэ гэгч нь түрүүчийн шийдвэрүүдээсээ няцаж, 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд 383/2012 дугаартай “Зөвшөөрөл”-ийн бичгээ Л.Чинбатад гардуулсан байв. Ж.Мөнх-Эрдэнэ ингэж төрийн хяналтын ажилтны журамт үүрэг, ёс зүйг уландаа гишгэжээ. Түүний энэ хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Г.Ууганбаяр нь иргэдийн гомдлоор шалгаад “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам”-ыг зөрчиж, иргэн Л.Чинбатын захиалгатай, “Гацуурт” ХХК-ийн барьж буй барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь тогтоодлоо. Түүний дээрх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэв” гэжээ. Албан тушаалтны илэрхий хууль бус үйлдэлд  авлигатай тэмцэгчид иймэрхүү л царайтай хандаж байна. Өдгөө Ж.Мөнх-Эрдэнэ төр, захиргааны албанд хэвээрээ байж л байгаа нь нэгэн бодлын доромжлол гэлтэй.

 

Өнгөрсөн намар, есдүгээр сард Л.Чинбатын хэл ам дагуулсан энэ барилга дээр хотын захиргааны хэдэн дарга нар очиж үзээд, удирдах амжилтнуудынхаа өргөтгөсөн хуралд “Эрдэм” СӨХ болон “Гацуурт”-ын төлөөллийг оролцуулан хэлэлцэхдээ илэрхий хууль зөрчсөн барилга гэдгийг нэг мөр хэлж өгчээ. Ялангуяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хатуу байр суурьтай байсан гэдэг. Тэрбээр, “Л.Чинбатын  13 давхар барилга наад зах нь хот төлөвлөлтийн үндсэн шаардлагуудыг ноцтой зөрчсөн, явган хүний зам, гарцгүй, автомашины зогсоол ч байхгүй” гэсэн байв.

 

Гэсэн ч Л.Чинбат хууль бус барилгаа  хамгаалж, сүүлийн үед Захиргааны  хэргийн шүүгч нарын ар өврөөр сэм хуйвалдаан зохион байгуулж буй бололтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл хотын захиргааны хууль бус зарим шийдвэрүүдийг хүчингүй болгох асуудлыг шүүх эцэслэн шийдээгүй  байна. Сүүлдээ Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч  С.Мөнхжаргалаас  “Эрдэм” СӨХ-ны нэхэмжлэгч Н.Бумбар нар арга буюу татгалзжээ. Учир нь шүүгч С.Мөнхжаргалыг тэд “Гацуурт”-ын Л.Чинбаттай ашиг сонирхол нэгтээ тул асуудлыг шударга, шуурхай шийдэж чадахгүй, он жилүүдийг дамжуулан өртөөлсөөр байна” гэж үзжээ. Н.Бумбар нар ямар нэгэн сэжүүр олж хараад  ийнхүү шүүгчээс татгалзсан болов уу. Гэтэл анхан шатны шүүх үүнийг нь хүлээж аваагүй тул нэхэмжлэгч тал одоо давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа аж. Шүүгч үнэхээр шүүгчээрээ байж чадаагүй бол энэ их ноцтой хэрэг шүү.

Б.Отгонбаяр

eagle.mn

 

 

 

 

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих