Нөхөртөө урам хайрлаж бай…
Эр хүний эхнэр, айл гэрийн эзэгтэй болно гэдэг нэг талаар нэр хүндтэй, сайхан мэт боловч бүсгүй танд амаргүй үүрэг ноогдож байна гэсэн үг. Амьдралд тохиолдох аар саар бэрхшээлийг даван туулах, гэр орондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь ихэнхдээ айл гэрийн эзэгтэйгээс л хамаардаг.
Хичнээн жендер яриад ч эмэгтэй хүний тодорхой үүрэг роль дээр маргаад байх нь тийм ч зохистой биш. Хэрүүл маргаангүй гэр бүл гэж юу байхав. Гэхдээ хэрүүл нь ч тэр гэр бүлээ нураах, нөгөө хүнээ гутаан доромжлохдоо бус харин ч эерэг хандлагатай, нээлттэй, алдаа мадгийг засахад чиглэгдсэн байх учиртай.
Энэ талаар Францын сэтгэлзүйчид ийнхүү зөвлөжээ:
• Залуу эзэгтэй анхны хэрүүлээс аль болох зайлсхий. Хэрэв нэгэнт хэрэлдээд эхэлчихсэн бол “бултах” хэрэггүй.
• Хэн нь ч тэр хэрүүлд ялсан бол ханийнхаа сэтгэлд сэв суулгахгүйгээр дуусгахыг хичээ. Нөгөө хүнээ мад тавьсандаа онгирох, уран цэцнээ гайхуулах нь тэнэг эмэгтэйн шинж. Хошин мэдрэмжтэй байвал уур амьсгалыг эерэг болгоход үүнийгээ ашигла. Гэхдээ шоолох, дооглохын хязгаарт хүрэхгүй байх торгон мэдрэмжтэй бол шүү дээ.
• Нөхрийгөө бурхны элч мэт төгс төгөлдөр байлгахыг бүү шаард. Арван хуруу тэгш хүн байдаггүйг сана. Алдаа дутагдалд нь уурлаж бухимдах эсвэл дотроо шаналж явснаас эгзгийг нь тааруулаад түүнд өөрт нь эвтэйхэн хэлж ойлгуул. Тэр дороо засардаггүй юм гэхэд хэлсэн үг чинь бодогдож тунгаан бодох болно.
• Хэзээд нөхөртөө урам хайрлаж бай. Гэхдээ тохуу хийж байгаа юм шиг хэтийдсэн цаасан малгай өмсгөх хэрэггүй. Аятайхан далим гарах, халуун дотно ярианы явц дунд санаандгүй байдлаар “Чамаас (миний ханиас) өөр хийчих хүн байхгүй гэдгийг би ажигласан л даа”, гэх ч юм уу чадварыг нь үнэлээдав. Тэр нисэх болно. Гайхамшигтай бизнесменүүдийн ард ихэвчлэн ухаалаг эмэгтэй байдаг юм шүү.
• Мөч бүхэнд эр нөхрөөсөө ямар нэг байдлаар мөнгө нэхэж залхаах хэрэггүй. Нөхрийнхөө чамд өгсөн мөнгийг юуны өмнө зөв зохицуулж түүнд итгэл бий болго.
• Эр нөхрийнхөө эцэг эхийн, тэр дундаа ээжийг нь ихэд дээдлэн хүндэл. Ээжийг нь өрсөлдөгчийн нүдээр бүү хар. Яагаад гэвэл ээж нь түүнийг чамаас ч өмнө хайрлаж байсан юм шүү гэдгийг санаарай.
URL: