1000 төгрөгөөр эрх хамгаална гэнэ үү
Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо гэж байдаг юм байна. Саяхан мэдлээ.
Тэгээд бүр 2010 онд байгуулагдаж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ ээ. Холбооны гол зорилго нь Монголын жолооч нарын эрх ашиг, ёс зүйн тогтвортой системийг бий болгон төрийн бодлогод зөвөөр тусгаж, улс орондоо тэр дундаа авто тээврийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах юм гэнэ. Уг нь аятайхан зорилготой ТББ юмсанж. Харамсалтай яг бодит байдал дээрээ зорилгодоо хүрэх үү гэдэг нь эргэлзээтэй.
Жолооч нарын эрх ашгийг хамгаалах нэг байгууллага байх нь юуны буруу байхав. Гэхдээ нэг зүйл тун ч ойлгомжгүй байгаа юм. Учир юу гэвээс, нөхдүүд энэ олон жолооч нарын ямар эрхийг, яаж хамгаалах гээд байна вэ
Учир нь нөхдүүд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдөр хэвлэлийнхнийг цуглуулж, Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоонд сард 1000 төгрөгний татварыг төлөөд гишүүнчлэлийн үнэмлэх аваад, зөрчигдөж буй эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой гэдгийг мэдэгдсэн юм. Ердөө л 1000-хан төгрөгөөр эрхээ хамгаалуулна гэдэг сайхан л хэрэг.
Өнөөдөр манай улсад жолооч биш хүн бараг л байхгүй. Насанд хүрсэн хүн бүр машин унаж, жолоо мушгиж байгаа. Тийм болохоор жолооч нарын эрх ашгийг хамгаалах нэг байгууллага байх нь юуны буруу байхав. Гэхдээ нэг зүйл тун ч ойлгомжгүй байгаа юм. Учир юу гэвээс, нөхдүүд энэ олон жолооч нарын ямар эрхийг, яаж хамгаалах гээд байна вэ.
Монголд жолооч нарын эрх ашиг үнэхээр зөрчигдөж байгаа бил үү гэдэг асуулт ч ургаж гарч ирнэ. Яах вэ, замын нэгдүгээр эгнээнд машинаа түр тавиад эргэж ирэхэд нь мэдэгдэлгүйгээр ачдаг. Автобус, микро шахаж, осолд оруулах шахаж байгааг бодож үзэж болох юм. Явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа хэтэрхий удаж, хурдтай явахад нь саад болж байгаа ч тохиолдол байна. Нөгөө талаар автобус баазын жолооч нарын ажил хүнд, цалин мөнгө нь бага байж бас болох.
Мөн уурхайд ажиллаж байгаа жолооч нарын эрх ашиг ямар нэг байдлаар зөрчигдөж байгаа. Ерөнхийдөө бодоод бодоод үүнээс өөрөөр жолоочийн эрх зөрчигдөж байгаа зүйл олж чадахгүй байна. Гэтэл жолооч нарын холбооны эрхмүүд бол бүх жолоочийн эрх ашгийг л хамгаална гээд байгаа юм даа. Бодвол машинаа ачуулж байгаа жолоочийг торгуулах аюулаас аврах юм байлгүй дээ.
Тэгээд ч эрх ашгийг яаж хамгаалах эсэх нь ч тодорхой бус байхад 1000 төгрөг хураах талаар ярьж байгаа хүмүүсийг ингэж хардахаас өөр яалтай ч билээ
Эсвэл шинэ жолооч нарыг дээрэлхэж, шахаж байгаа хууччуулыг загнаж, бусдыгаа хайрлахад сургаж ч магадгүй. Гарцгүй газраар зам хөдлөн гарч байгаа явган зорчигч нарыг аль болох хурдан явуулах. Болж өгвөл гарцтай газраар, тэгэхдээ хурдан гаргах талаас нь анхаарч ч болох. Түүнээс гадна уул уурхайд болон автобус баазад ажиллаж байгаа жолооч нарын цалин хөлсийг нэмүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаас нь тэмцэх бололтой. Үүнээс өөрөөр яаж жолоочийн эрх ашгийг хамгаалах юм билээ дээ.
Тэр дундаа бүх жолоочийн эрхийг бол бүр ч хамгаалж чадахгүй. Яах вэ, сар бүр 1000 төгрөгөө төлөөд, гишүүн болсон хоёр жолооч машин мөргөлдүүлж, осол гаргасан байлаа гэж бодъё. Жолооч нарын эрх ашгийг хамгаалах гэж байгаа нөхдүүд алтан дундаж барих уу, яах вэ. Бас л асуудал. Тэгээд ч ер нь 1000 төгрөгөөр эрх хамгаална ч гэж юу байх вэ дээ.
Тэгэхээр Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо байгуулсан гээд байгаа нөхдүүд ердөө л мөнгөний төлөө ажиллаж байна уу гэсэн хар төрөөд байгаа юм. Жолооч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа тохиолдол тун бага. Тэгээд ч эрх ашгийг яаж хамгаалах эсэх нь ч тодорхой бус байхад 1000 төгрөг хураах талаар ярьж байгаа хүмүүсийг ингэж хардахаас өөр яалтай ч билээ.
Ер нь манайд багахан мөнгө хэлж, ихийг цуглуулдаг нөхдүүд олшроод байгаа. Ганцаа газар дүүрдэг гэдэг. Гэтэл сар бүр 1000 төгрөг төлнө, дээрээс нь чамгүй олон жолооч эрхээ хамгаалуулахаар нэгдвэл тэр хэрээрээ л өсөөд явчихна.
Гэхдээ зөрчигдөөгүй эрхээ хамгаалуулах гэж яаж хамгаалах нь мэдэгдэхгүй байгууллагад сар бүр 1000 төгрөг өгдөг тийм усан тэнэг хүн гэж байхгүй л байх гэж найдъя. Тэгэхдээ л юмыг яаж мэдэх вэ дээ, манайхан аливаа зүйлд хууртахдаа амархан юм чинь өгөөшийг үмхчихэж мэдэх юм билээ. Тиймээс энэ байгууллагыг шалгах хэрэгтэй юм биш үү.
Н.Пунцагболд
URL: