Төмс хордсон бол хятад ногооны буруу

136162-05032014-1393985767-1669848812-tomsМонголд ямар ч хольцгүй, цэвэр монгол төмс бараг л байхгүй гээд хэлчихвэл буруудахгүй байх. Ер нь төмс, хүнсний ногоо тарьж байгаа тариаланчид хураасан төмсөө арвижуулж, хятад төмс хольдог талаар олон хүн ярьдаг.

Иргэдийн монгол ургацын гэж итгэн хэрэглэж заншсан хүнсний ногоонд хийсэн судалгаагаар нийт 275 дээжийн 40 орчим хувьд нь пестицид буюу хорт бодис илэрсэн

Тийм нэртэй хүн яг тэдний өдөр тэгж ярьсан гэсэн батлах баримт алга. Гэхдээ л төмс, хүнсний ногоо ихээр тарьж байгаа Сэлэнгэ, Төв аймгийн ногоочид өмнөд хөршөөс оруулж ирсэн төмс хольдог гэсэн яриа хаа сайгүй л “тэнэж” байна.

Үүнийг өгүүлэхийн учир нь Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран өнгөрөгч 2013 оны тавдугаар сараас эхлэн хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийгээд, хорт бодис илрүүлсэн гэж мэдэгдсэнтэй холбоотой юм. Тэд “Иргэдийн монгол ургацын гэж итгэн хэрэглэж заншсан хүнсний ногоонд хийсэн судалгаагаар нийт 275 дээжийн 40 орчим хувьд нь пестицид буюу хорт бодис илэрсэн.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг, Зүүнхараа сумдын ногооны 55.3, Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумын 34, Ховдын тарвасны 40, Өмнөговь Улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарьсан улаан лооль, өргөст хэмхийн 40 хувьд нь хорт бодис илэрсэн. Харин Хятад буюу импортын хүнсний ногооны 49 хувьд нь пестицидийн үлдэгдэл маш их, 31.37 хувьд нь нэлээд их буюу өөрөөр хэлбэл 80 гаруй хувь нь хортой гарсан” гэж мэдэгдээд байгаа.

Тиймээс Монголд ямар ч хольцгүй, цэвэр монгол төмс байхгүй. Хор илэрсэн бол Хятад ногоотой хольсоноос болж байгаа гэж хэлэх гээд байна. Ядаж байхад нөхдүүд Улаанбаатарын хүсний захуудаас төмс аваад, шинжилсэн гээд байгаа. Тэгэхээр монгол төмснөөс хорт бодис илэрсэн гэдэгт бүр ч итгэхгүй байна. Гэхдээ энд нэг ноцтой мэдээлэл явж байгаа нь Хятадаас оруулж ирсэн импортын ногооны 80 гаруй хувь нь хортой байсан явдал.

Монгол Улсын хилээр төмс, хүнсний ногоо оруулж болохгүй гэсэн дүрэм, журам байхгүй. Ийм байхад хэн нь ч Хятадаас төмс, хүнсний ногоо оруулж ирээд, Сэлэнгэ, Төв аймагт аваачаад, монгол төмс, ногоотой хольчихож чадна

Өнөөдөр хэн дуртай нь гадагшаа яваад, төмс, хүнсний ногоо аваад ирж байгаа гэхэд болно. Тэр дундаа өмнөд хөршөөс. Монгол Улсын хилээр төмс, хүнсний ногоо оруулж болохгүй гэсэн дүрэм, журам байхгүй. Ийм байхад хэн нь ч Хятадаас төмс, хүнсний ногоо оруулж ирээд, Сэлэнгэ, Төв аймагт аваачаад, монгол төмс, ногоотой хольчихож чадна. Хольж байгааг нь ч хянахгүй шүү дээ. Хэрвээ энэ судалгаа үнэн байгаад, хүнсний ногоо хортой байвал монголчууд бид юугаа идэж, хуйхаа майжих болж байна аа. Дан мах, гурилаар хоол хийнэ гэвэл давдаг даваа биш.

Тиймээс цэвэр монгол төмс, хүнсний ногоогоо Хятад ногоотой хутгалдуулахгүй байх тал дээр анхаарах цаг болсон юм биш үү. Манайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар тун ч сайхан ярьдаг. Үнэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд байгаа бол зарим нэг импортыг хориглох цаг болчихож. Тэр дундаа Хятад төмс, хүнсний ногооноос хүний төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямруулж барьдаг айхтар хор илрээд байгаа бол хориглох цаг болсон байна. Тэртээ тэргүй манайхан төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангахтайгаа болоод байгаа гэж албаны хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Тийм байтал гаднаас төмс, хүнсний ногоо оруулж ирэхийн хэрэг юун.

Монголдоо тарьсан, Монголынхоо хөрсөнд ургасан цэвэр органик төмс, хүнсний ногоогоо хэрэглэе л дээ. Тэгээд ч элдэв химийн бордоогоор бордоогүй, иргэдийн хашаандаа тарьж ургуулж байгаа төмс, хүнсний ногооноос элдэв хорт бодис илэрнэ гэж байхгүй. Ер нь бол судалгаа хийсэн нөхдүүд зардлаа хэмнээд, хөдөө явалгүй, хөрс шороо, бордоо, дөнгөж хөрснөөс хурааж авч байгаа төмснөөс шинжилгээ аваагүй байж хамаагүй юм ярьж байна.

Гэхдээ л тэд Хятадаас оруулж ирсэн төмс, хүнсний ногооноос хорт бодис илэрч байгааг тогтооно гэдэг чинь бас л их амжилт, ажлын үр дүн. Энэ бол манайх хүнсний ногооны импортыг хаах их том шалтаг биш гэж үү. Юуны өмнө хордох аюулаас хамгаалах, дээрээс нь үндэсний үйлдвэрлэлээ нэг ч гэсэн салбарт дэмжих гээд олон талын үр ашигтай. Эрхэм дарга нар нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих