Тод өнгөтэй, резинэн материалтай тоглоомууд хар тугалга ихээр агуулдаг

24494_38741

“Хүүхдийн тоглоомоос хорт бодис илэрчээ”, “БНХАУ-д эмнэлгийн хаягдлаар хүүхдийн тоглоом хийж байна”, “Хүүхдүүд хавдраар өвчилж байгаа гол шалтгаан тоглоомноос нь үүдэлтэй” гэсэн мэдээллүүд юунаас ч илүү цочирдмоор сонсогдоно. Идсэн хүнс, өмссөн хувцас, амьсгалсан агаар, одоо тоглосон тоглоомноосоо хүртэл хүүхдүүд хордох эрсдэл их байдаг болжээ.

Тоглоом бөөнөөр худалдаалж, нийлүүлдэг “Нарантуул” захын хүүхдийн тоглоомын тасагт “хор”-гүй тоглоом зардаг болов уу. Тэнд худалдаалж байгаа хэдэн арван  төрлийн тоглоомуудыг хэн эрүүл мэндийн “үзлэг”-т оруулдаг бол!?

Хүүхдийн тоглоом зардаг худалдагчид энэ асуултыг тавихад “Олон жил хүүхдийн тоглоом худалдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л тоглоомоос хорт бодис илэрлээ гэж мэдээлдэг болохоос нэг ч мэргэжлийн хүн ирж, шалгалт хийж, бидэнд мэдээлэл өгч байгаагүй. Чухам ямар тоглоом нь хүүхдэд хортой болоод байгааг мэдэхгүй” гэж хариуллаа. Тэд мөн “Хорт бодис илрээд байгаа тоглоомуудын төрөл, загварыг мэргэжлийн хүмүүс зааварлаж, мэдээлэл өгвөл Хятадаас заавал тоглоом авчирч худалдахгүй байх боломжтой” гэсэн байр суурьтай байв.

Тоглоомоос илэрч байгаа хорт бодисууд гэж юуг хэлээд байна вэ? Нээрээ л худалдаачид төдийгүй эцэг, эхчүүд бид ч ямар тоглоомоос хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хорт бодис илэрсэн талаар тэр бүр мэдээлэлгүй байдаг юм байна. Хүүхдүүдийн маань өхөөрдөн хайрладаг тоглоомоос хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан илэрснийг иргэд тэр бүр анзаараагүй явдаг байна.

Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын албаны дарга С.Өнөрсайхантай уулзаж, энэ талаар тодрууллаа.

-Зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтаар хүүхдийн тоглоомоос хорт бодис илэрсэн юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гурав хүртэлх насны хүүхдүүд тоглоомоо амандаа хийж тоглодог учраас тоглоомынх нь хорт чанарыг лабораторийн шинжилгээ хийж, судлах шаардлагатай байдаг. Манай төвөөс зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоомын аюулгүй байдал, чанар, хорт бодис агуулсан эсэхийг саяхан судалж үзсэн. Судалгаагаар есөн худалдааны төвд худалдаж байсан 62 төрлийн тоглоомоос 23 төрлийн химийн элемент, таван төрлийн химийн хорт бодис илэрснийг тогтоогоод байна. Хүүхдийн тоглоомын бүтэц найрлагад огт байх ёсгүй хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан зэрэг хорт бодис судалгаанд оруулсан тоглоомоос илэрсэн. Ялангуяа хар тугалга бол хүүхдийн тоглоомны найрлагад байх ёсгүй, хорт чанартай бодис. Одоо бид энэ шинжилгээний хариуг ЭМЯ-нд хүргүүлээд байгаа.

-Ямар тоглоомоос дээрх хорт бодисууд илэрсэн бэ?

-Дээрхи хорт бодисууд нь тоглоомыг өнгө оруулж, гялгар, өнгө үзэмжтэй болгодог бөгөөд тод өнгөтэй, резинэн материалтай тоглоомуудад ихэвчлэн илэрсэн. Усан дотор хийж тоглодог нугас, дэгдээхэй, хүүхдийн хазаж тоглодог зөөлөн тоглоом, наймаалж зэрэг хэлбэрт тоглоомуудад ихэвчлэн хорт бодисны агуулгатай байсан. Чихмэл тоглоомууд ч гэсэн нян, тоосонцор агуулж байдаг тул бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

-Химийн найрлагатай тоглоомууд хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хүүхдэд шууд нөлөөлөхгүй. Аажмаар сөрөг нөлөө үзүүлж, хордуулдаг. Хүүхэд цочимтгой, унтамтгай болж, цаашлаад төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, архаг хордлогод оруулах аюултай байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих