Нэр өөрчилж, сургууль цомхотгосон дээд боловсролын шинэчлэл
Монгол орны уураг тархи болсон төрийн өмчит их, дээд сургуулиудад дарга цэрэг, өрөө тасалгаа, сандал ширээний тухай яриа өрнөөстэй удаж байна. Салбарын сайд Л.Гантөмөрийн хийж буй шинэчлэл боловсролыг хөгжүүлэх гэхээс илүү, бүтэц зохион байгуулалтыг нааш, цааш бужигнуулсан завхрал болж буйг төрийн өмчит сургуулиудын багш нар ам уралдан ярих боллоо.
МУИС, ШУТИС-иас эхлээд төрийн өмчит сургуулиудын нэр, дарга, зохион байгуулалт, бүтцийг нь өөрчлөхөөр ханцуй шамласан албан тушаалтнууд Боловсрол, шинжлэх ухааны яамаар дүүрэн гэнэ.
Эдгээр сургуулиуд захирал, ректоргүй баахан удсан. Л.Гантөмөр буюу АН өөрийнхөө хүмүүсийг тавихаар хүлээлгээд байгаа тухай яриа л энэ хооронд өрнөв. Тэгж тэгж МУИС-ийг А.Галтбаяр, МУБИС-ийг Д.Мөнхжаргал, ШУТИС-ийг Б.Очирбат, ЭМШУИС-ийг Г.Батбаатар хэмээх нөхдүүд удирдахаар болсон юм. Эдгээрийн зарим нь үүрэг гүйцэтгэгч ч байгаа. Арай гэж толгойтой болсон тус сургуулийнхан учраа олох болтол өнөөх захирлуудынх нь гүйцэтгэж буй дээд боловсролын шинэчлэл гэгч бүтэц, зохион байгуулалтаас хэтрэхээ байж дураараа дургиж эхэлсэн тухай хэвлэлээр олон удаа бичжээ. Тэгээд л Л.Гантөмөртэй амь нэг япон школьтой гэж үзэгдсэн хэсэг нөхдүүдийн төрийн өмчит их сургуулиудаар тоглох ажил ид өрнөж байна гэж шүүмжлэх хүн олон байх ажээ.
Салбарын сайд нь бодлого тодорхойлох, гар нийлж ажиллах хүнээ албан тушаалд томилох нь огт буруу зүйл уг нь биш. Гагцхүү дээд боловсролын системийг бүхэлд нь шинэчлэх, сайжруулахдаа биш дарга нарыг солих, болж байгаа зүйлийг заавал хөдөлгөх гэх мэт зарчмаар ажиллаад байгаа юм. Төрийн юм гэхээрээ л барьцгүй, хөгждөггүй, дэвждэггүй байдлыг халж, төрийн өмчийн хэдэн сургуулиудыг гаднын хаана ч нүүр улайхааргүй болгохын төлөө зүтгэх ёстой сайд аж ахуйн асуудалд хэт оролцоод байгаа нь шинэчлэл яав ч биш байх. Дээр сургуулиудад болоод байгаа өөрчлөлтөөс ганцхан МУИС-ийн шинэчлэл гээчийг сонирхлоо. 20 гаруй мянган оюутан 1000 гаруй багш, ажилчидтай энэ том оюуны уурхайн 14 бүрэлдэхүүн сургуулийг тав, 86 тэнхимийг 23 болгон цөөлжээ. Гэтэл есөн сургуулийг нэгтгэж нэг болгочихоод, хоёр тэнхимийг нийлүүлэн бас нэг сургууль болгох гэх мэт “ухаалаг” төлөвлөгөөгөөр А.Галтбаяр захирал ажилласан байна.
Бүтцийн дээрх өөрчлөлтийг Эрдмийн зөвлөлөөр оруулж, Удирдах зөвлөлөөр ч хэлэлцүүлэлгүй ганц хоёрхон хүний гарын үзүүрээр шийдэж орхисон гэж байгаа. Үүнийг нь хууль бус гэсэн яриа гарахаар МУИС-ийн дүрэм, журмыг нь өөрчлөөд өөрсдийнхөө шийдвэрт бас тааруулчихдаг ажээ. Энэхүү шинэчлэл нь дарга нарыг цөөлж, төсөв хэмнэх зорилготой гэж байгаа ч даргаар үлдсэн, дарга болсон хэдийнхээ цалин дээр 50 хүртэл хувийн урамшуулал олгож, тансаглуулж байгаа нь эдийн засаг, мөнгөний хувьд яг адилхан, төсвийн мөнгийг хэмнэх биш цөөхүүлээ ихийг авах зорилготой шинэчлэл болсон гэж МУИС-ийн багш нар үзэж байна. Дээд боловсролын системийг дээд төвшинд хөгжүүлэх ямар ч бодлого, стратеги боловсруулаагүй мөртлөө зөвхөн бүтэц, бүрэлдэхүүн, оноосон нэрээр оролдсон шинэчлэл хэдийг хүртэл үргэлжлэхийг ажилчид нь мэдэхгүй байна.
Их сургууль гэдэг нийгэмд үлгэр жишээ болохуйц IQ өндөртэй хүмүүсийн цугладаг газар. Гэтэл МУИС гэхэд л иймэрхүү дүр төрхтэй сууна. Үүнийг нь эсэргүүцсэн багш, ажилчдын хөдөлгөөн өрнөж байгаа ч дийлэхгүй байгаа бололтой. Тус сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Болд-Эрдэнэ Удирдах зөвлөлийн гаргасан дээрх бүтцийн өөрчлөлт нь хууль, дүрэм журам зөрчсөн хэмээн иргэний хэргийн шүүхэд өгчихсөн байгаа аж. Гэхдээ шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг мэдэх аргагүй.
Энэ мэтчилэн манай дээд боловсролын системийг шинэчлэх үүрэгтэй дээд дарга нарын ажил нэг л буруу замаар яваад байна. Тэртээх зууны гэж болохоор хоцрогдсон хуультай, нэгдсэн стандартгүй, стратеги төлөвлөгөө гаргаагүй, төрийн өмчит сургуулиудаа төрөөс хэрхэн дэмжих нь тодорхойгүй, 70 мянган төгрөгөөр чанаргүй боловсролыг тэтгэсэн болхи системээр манайд дээд боловсролтон бэлтгэх үйл ажиллагаа явж байна. Их сургуулийн томилгоо гэдэг яам, агентлагт хүн “шахах”-аас уг нь өөр юм. Сургууль нь өөрийн гэсэн академик эрх чөлөөтэй байж, өндөр босгоороо хэнийг давуулах вэ гэдгээ шийдэх ёстой. Их сургуулиудыг эрдмийн ажлаараа бусад орныг манлайл гэхийн оронд жаахан хэтрүүлж ярьвал сургуулийн хувцасны өлгүүрчин хүртэл хэн байхыг заах гээд байгаа Л.Гантөмөрийн зорилго хэрээс хэтэрсэн тухай шүүмж элбэг байна. Үүнийхээ оронд нэг ч болов их сургуулийн кампусийг цогцоор нь шийдэж Улаанбаатарын төвөөс гаргах ажлыг хийж чадвал ард түмэн Боловсрол, шинжлэх ухааны сайддаа насаараа талархана даа.
Ө.СОНОР
polit.mn
URL: