160 гаруй мянган иргэнд шинээр газар өмчлүүлнэ
Нийслэлийн 52 байршлын 15 мянга гаруй га газрыг иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ.
НИТХ-ын тогтоолоор газрын байршил, хэмжээг тогтоожээ.
Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай зэрэг долоон дүүрэгт иргэдэд газар өмчлүүлэх юм.
Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтад авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна.
Мөн газар өмчлөхийг хүссэн иргэний өргөдлийг цахим хэлбэрээр авна. Өмнө нь ямар нэгэн байдлаар газар өмчилж байгаагүй иргэн та нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудаст хандан ирэх сарын 1-нээс хүсэлтээ илгээж болно.
Газрын байршлуудын мэдээллийг хүргэе.
Хан-Уул дүүргийн долоон байршил багтжээ
Баянзүрх дүүргийн дөрвөн хороонд газар өмчлүүлнэ. 9, 20, 23, 24 дүгээр хороод багтаж байгаа юм.
Улиастайн амыг түшиглэн 1232.0 га газрыг иргэдийн өмчлөлд шилжүүлэхээр болжээ.
Харин Хан-Уул дүүрэгт 10, 12, 13, 14 дүгээр хороодод өмчлүүлэх байршлыг заажээ. Үүнд Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэр, Туул тосгоны урд хэсэг, Хапитатын амины сууцын хойд талд, Биокомбинатын зүүн урд хөндий, долдугаар хэсгийн задгай, Өлзийт Гавжийн шандийн орчим, Морингийн гэр хорооллын баруун энгэр зэрэг газар багтжээ. Тус дүүрэгт 2590.0 га газрыг 2000 гаруй иргэнд өмчлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Сонгинохайрханд хамгийн олон хүн газартай болно
Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр газар өмчлөлийн байршилд багтжээ.
Эмээлтийн баруун тал, Баруун туруун, Тахилтын ам, 361-ийн гарам, Хужиртын даваа, Ар шижиртийн ам, Сайр уулын өвөр, Цагаан чулуутын ам, Халзан мухарын ам, Тарвагатайн ам, Саалийн ам, Рашаантын ам, Оорцогийн ам зэрэг газарт иргэдэд мэдээгазар өмчлүүлэх юм байна. Энд 100 мянга орчим иргэнд 8018.0 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн.
Налайх дүүргийн ганцхан байршилд газар өмчлүүлнэ
Сүхбаатар дүүрэгт Сэлхи Тоосгоны үйлдвэр гэсэн ганцхан байршилд газар өмчлүүлэх юм байна. Энд 87.0 га газар багтжээ.
Налайх дүүрэгт мөн ганцхан байршилд газар өмчлүүлнэ. Энэ нь тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Мянганы замын урд талд Хэнтий чиглэлийн авто зам дагуу юм. Тэнд 166.0 га газрыг 200 орчим иргэнд өгнө.
Харин Багануур дүүргийн 2,4 дүгээр хорооны Нуурын хороолол, Тариан булаг зэрэг газар өмчлөлийн байршил багтаж, 1852.0 га газар эзэддээ очно.
Мөн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Урд дэлд, суурьшлын бүсийн хойд тал гэсэн хоёр байршилд газар өмчлүүлэх юм байна.
Өргөдлөө өгсөн иргэдийн хүсэлтийг хүлээн авснаас 90 хоног дотор шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм байна. Мөн иргэн өөрийн харьяа дүүрэгт бус өөр дүүрэгт ч газар өмчилж болох юм.
Т.Батсайхан
/Зууны мэдээ/
URL: