Арслант биш цонх угаадаг шингэнд хордсон байх магадлалтай гэнэ
Энэ сарын 22-нд д архины гүн хордлогод орж нас барсан гэх орон гэргүй амь үрэгдсэн дөрвөн иргэний үхлийн шалтгааныг шинжилж байгаа.
“Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нь гэр оронгүй, тодорхой хаяггүй хүмүүсийг түр хонуулан, өдөрт 2 удаа хооллодог бөгөөд 2-р сарын 22-ны өглөө 10 цагийн үед 1 хүн, 19 цагийн үед 2 хүн, 23 цагийн үед 1 хүн өвдөж 103-т дуудлага өгсөн байна. Өвчтөнүүдийг Сүхбаатар дүүргийн “Энэрэл” эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмнэлэгт маш хүнд байдалтай ирж, эмнэлгийн зүгээс амь насыг нь аврах боломжгүй байжээ.
Хэд хоногийн өмнө өвчтөн Д.Отгонбаяр, Д.Отгонбат нараас Арслант, үйлдвэрлэгч нь тодорхойгүй Их Монгол архи “Амьдрах ухаан” төврүү авч орох гэж байхад нь хурааж авсан бөгөөд хураасан архийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй Үндэсний лавлагаа лабораторит хүргүүлж шинжлэхэд шууд үхэлд хүргэх үзүүлэлт гараагүй байна. Харин тухайн өдөр эмнэлэгт өгсөн хоолонд хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг НМХГ-ын Нэгдсэн төв лабораторит шилжүүлж, эхний байдлаар тус төвөөс өгсөн хоол хүнснээс хордсон гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Харин нас барсан иргэд цэнхэр өнгийн шингэн уусан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь цонх угаадаг шингэн байх магадлалтай тул үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.Хуралдааны үеэр нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Амьдрах ухаан” төвийн үйл ажиллагааг сайжруулах, нийслэлийн нутаг дэвсгэрт тэнэмэл гэх тодотголтой иргэдийг байрлуулдаг төвүүдийн чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай байгаа талаар санал хэлсэн юм.
Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ үйл явдлаас хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсан нь харагдаж байна. Хуурамч архи зарсан борлуулагчид хариуцлага тооцох хууль эрх зүйн орчинг сайржуулах шаардлагатай. Хамгийн гол нь үйлдвэрлэгчээс борлуулагчид хүргүүлж байгаа бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлж, хэнээс, хэзээ, хэдийг авсан гэдгийг тодорхой байлгаж, хяналт тавих нь эзэнгүй, хуурамч бүтээгдэхүүн борлуулахаас урьдчилан сэргийлж чадна. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх, хуулийг мөрдөх нийтлэг журам боловсруулъя” гэлээ.Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар холбогдох албаныхантай хамтарч Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулахаар боллоо.
URL: