Цай, кофены түүх ба тэдгээрийн зохистой хэрэглээ
Цай бол Хятадаас гаралтай гайхамшигт ундаа бөгөөд дэлхийн олон орны соёлд яг л үндэсний мэт нэвтэрсэн билээ. Түүнийг Англи, Дундад Азийн орнууд, Орос, болон Ойрхи Дорнодын улсууд «өөрийнх» гэж үздэг байна. Хамгийн онцгой болох хүртлээ цай нь улс үндэстэн бүрийн хэв шинжийг өөртөө шингээжээ.
Энэ гайхамшигт ундаа нь С /ялангуяа ногоон цайнд баялаг байдаг/, Р, В1, В2, РР амин дэмийн эх сурвалж бөгөөд тэрчлэн кальци, магни, натри, фосфор, цинк, төмөр, йод агуулагддаг байна. Цайнд агуулагддаг төрөл бүрийн бодис нь холестерины хэмжээг тогтворжуулж, дархлаа сайжруулдаг байна. Тэр ч бүү хэл цацраг идэвхт бодисыг биеэс гадагшлуулдаг гэнэ.
Цайнд мөн кофеин агуулагддаг байна. Энэ бодис нь кофены үрнээс илүү цайны навчинд их хэмжээгээр агуулагддаг ажээ. Хандалсан цайнд кофеин бага байдаг учраас цай бэлтгэхдээ хандыг нь бага хийх хэрэгтэй. Кофеин нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг эрчимжүүлж, ой тогтоолтыг сайжруулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.
Цайг буруу хэрэглэх нь хор болж ч болзошгүй юм. Нэгдүгээрт, өлөн элгэн дээрээ цай уух хэрэггүй. Эртний хятадууд энэ тухай бүр эрт үеэс мэддэг байжээ. Өлөн дээрээ цай уух нь дэлүү болон ходоодны үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Мөн хэт халуун цай уух хэрэггүй. 62 хэмээс дээш халуун ундаа нь хоолой, улаан хоолой, ходоодны ханыг гэмтээдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс 56-гаас дээш хэмтэй цай уух хэрэггүй.
Бүлээн эсвэл халуун цай нь бие организм болоод оюун ухааныг сэргээдэг бол хүйтэн нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Хүйтэн цай нь цээж цэршихэд хүргэдэг байна. Мөн өтгөн цай хүний биенд муу гэнэ. Түүнд кофеин болон танин хэмээх бодис их хэмжээгээр агуулагддаг учраас толгой өвтгөж, нойр хулжаадаг ажээ.
Цайг хэтэрхий удаан буцалгах хэрэггүй. Гашилсан цайнд полифенол болон эфирийн масло эсэлдэж эхэлдэг бөгөөд амт, үнэр, өнгө болон шим тэжээлтэй чанараа алддаг байна. Түүнээс гадна нян, мөөгөнцөр гэх зэрэг янз бүрийн бичил биетүүд үүсдэг ажээ.
Түүнээс гадна нэг чанасан цайгаа олон дахин буцалгах хэрэггүй. Гурав дахиа буцалгасан цайнд ямар ч ашигтай бодис үлддэггүй болохыг судалгаагаар тогтоожээ. Эхний ханданд цайны навчинд агуулагддаг амин дэмүүдийн 50 орчим хувь нь агуулагдаж байдаг бол хоёр дахь удаагийнхад 30 хувь нь, гурав дахь удаагийнхад 10 хувь нь л үлддэг бол дөрөв дэх удаагаа чанасан цайнд хортой бодис бий болж эхэлдэг байна.
Хоол идэхээс бүтэн хагас цагийн өмнө цай уух хэрэггүй. Цай нь шүлсийг их хэмжээгээр ялгаруулдаг учраас хоолыг амтгүй мэт санагдуулахад хүргэдгээс гадна хоолны шингэлтийг удаашруулдаг байна.
Мөн хоол идэнгүүтээ цай болон өөр ямар нэгэн төрлийн ундаа уух хэрэггүй. Учир нь шингэн зүйл нь ходоодны шүүсийг багасгаж, хоол боловсруулах үйл явцад сөргөөр нөлөөлдөг ажээ. Тиймээс хоол идсэнээсээ хагас цагийн дараа цай ууж болно.
Ямар ч тохиолдолд эмийг цайгаар даруулж ууж болохгүй. Цайнд агуулагддаг бодисууд нь задрахдаа танин бодисыг үүсгэдэг бөгөөд энэ бодис нь эмийн үйлчилгээг сааруулдаг ажээ. Цай нь эмийн эмчлэх чанарыг үгүй болгодог гэж хятадууд ярьдаг байна.
Зөвхөн шинэхэн цай ууж байх хэрэгтэй. Хоносон цай нь шим тэжээлтэй чанараа алддагаас гадна түүн дотор янз бүрийн бичил биетүүд үрждэг байна. Хоносон цайг өөр зорилгоор, жишээлбэл, жин тавихад ашиглаж болно.
Цайгаар турах арга
Хэрвээ та онцгой хүч гаргалгүйгээр турахыг хүсч байна уу? Тэгвэл цайгаар турах аргыг хэрэглээд үзээрэй. Та өдөрт хоёр литрээс доошгүй цай уугаарай. Ингэснээр та өлсөхгүй бөгөөд хамгийн гол нь гурилан болон тослог ихтэй бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.
Хүнсний ногоо, жимс, шөл, өндөг болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, давснаас татгалзаарай. Харин амттанаас зөвхөн зөгийн бал, хатаасан жимс идээрэй. Цайгаар турах аргыг нэг сараас илүү хугацаанд үргэлжлүүлэх хэрэггүй. Эхний хоёр долоо хоногт 3-4 кг жин хасдаг байна.
Ялангуяа ногоон цай хүний бие организмд маш ашигтай гэнэ. Ногоон цайнд олон амин дэм, фтор, үл исэлдүүлэгч бодис агуулагддагаас гадна элэг, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Гэхдээ ходоодны шарх, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүст цайгаар турах аргыг хэрэглэх хориотой.
Кофе бий болсон түүхээс
Өдгөө яг л кофе шиг өргөн хэрэглэдэг болсон ундааг Швейцарийн химич Макс Морганталлер бодож олжээ. Тэрбээр Японы мэргэжил нэгт хамтрагч Сатори Катогийн хамт нунтаг цай үйлдвэрлэдэг технологи зохион бүтээсэн байна.
Харин уусдаг кофег 1983 оны долдугаар сард гарган авсан гэж үздэг боловч шинжээчид, хэрэглэгчдийн аль аль нь уусдаг кофены амт, үнэр болон хэрэглээний дөхөмтөй байдлыг төдийлөн ойшоогоогүй байна. Магадгүй Дэлхийн хоёрдугаар дайн дэгдээгүй байсан бол хүн төрөлхтөн шинэ зүйлийг хэзээ ч хэрэглэхгүй байсан биз ээ.
Дайны фронт дээр кофег их хэмжээгээр нийлүүлэх хэрэгтэй байв. Харин энэ үед Моргенталлерын нэгэн шинэ бүтээл бодож олжээ. Түүний бүтээгдэхүүн цэргүүдийн дунд асар их эрэлттэй болж эхэлжээ. Яагаад гэвэл уг кофег нуувчнаас гаралгүйгээр чанах боломжтой байв.
Моргенталлерын ажиллаж байсан компани кофег тулалдааны талбарт байгаа америк цэргүүдэд их хэмжээгээр шууд нийлүүлэх гэрээ байгуулжээ. Дайн дуусах үед гитлерийн дэглэмийн эсрэг эвслийн цэргүүд уусдаг кофены амтанд татгалзахын аргагүй болтлоо орсноо ойлгосон байна. Одоо дэлхий дээр өдөр бүр 2,25 тэрбум гаруй аяга кофе хэрэглэдэг бөгөөд үүний ихэнх нь уусдаг кофе болохыг мэргэжилтнүүд тогтоожээ.
Кофе нь ходоодны шүүсийг маш ихээр ялгаруулдаг бол харин уусдаг кофе нь хүчлийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Тиймээс ходоод гэдэсний хямралтай хүн өлөн элгэн дээрээ уусдаг кофе уух хэрэггүй. Хэрвээ уух шаардлага гарвал заавал сүүтэй хольж уух хэрэгтэй гэнэ. Мөн зүрх судасны өвчтэй хүмүүс кофег их хэмжээгээр уухыг хориглодог. Энэ ундаа нь бас бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Бүсгүйчүүд уусдаг кофег ихээр уух хэрэггүй, болж өгвөл энэ ундаанаас татгалзсан нь дээр гэнэ. Учир нь уг кофенд нян устгагч бодис их хэмжээгээр агуулагддаг учраас бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж, целлюлит үүсэхэд хүргэдэг байна.
Мэдээж уусдаг кофенд ашигтай талууд бий. Гэхдээ тэдгээр нь ихэвчлэн ахуйн шинж чанартай юм. Ийм кофег хадгалахад тохиромжтой бөгөөд хурдан бэлтгэдэг. Энэ нь орчин үеийн амьдралын хэмнэлд тохирч байгаа ч эрүүл мэндээ мартаж болохгүй.
Мэргэжилтнүүд уусдаг кофеноос татгалзахыг зөвлөсөн байна.
Харин одоо ихэнх компаниуд чанадаг кофе үйлдвэрлэдэг болжээ. Энэ кофе нь уусдаггүй бөгөөд ашигтай чанараа хадгалж, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй байна. Хэрвээ ажил дээрээ уусдаг кофе, цай хоёрын аль нэгийг сонгох болбол цай илүү дээр болохыг эрдэмтэд зөвлөжээ.
Хамгийн үнэтэй цай болон кофе
Дэлхийн хамгийн үнэтэй кофе бол нэг кг нь 320-400 долларын үнэтэй «Kopi Luwak» гэдэг кофе юм. «Kopi» гэдэг нь индонезиор кофе гэсэн үг ажээ. Харин «Luwak» гэдэг нь кофены үрээр хооллодог нэгэн төрлийн сүүн тэжээлт амьтан ажээ.
Лювак нь кофенд маш дуртай бөгөөд хамгийн шимтэй, амттай, сайхан үнэртэй кофег иддэг байна. Энэ амьтан кофены үрийг маш их хэмжээгээр иддэг бөгөөд зарим нь түүний ялгадсаар гардаг ажээ. Хэн нэгэн түүний энэ зуршлаар мөнгө олохыг сэдэх хүртэл нутгийн оршин суугчид энэ амьтныг «байгаль сүйтгэгч хортон « гэж үздэг байв.
Одоо уг амьтны ялгадсаар гарсан кофены үрээр дэлхийн хамгийн үнэтэй кофег үйлдвэрлэн гаргаж байна. Кофены үр нь лювакын ходоодоор дамжихдаа онцгой амттай болдгийг судалгаагаар тогтоосон бөгөөд үнэр нь яг л шоколадных шиг ба улаан хүрэн өнгөтэй ажээ.
Харин дэлхийн хамгийн үнэтэй цай бол Дахунпао буюу орчуулбал «Том улаан тэрлэг» гэдэг цай юм. Энэ цайг Хятадын Тяньсинь гэдэг сүмийн ойролцоо ургадаг зургаан ширхэг бутны навчаар хийдэг байна.
Тэдгээр бут бүр 350 гаруй жилийн настай бөгөөд жилдээ 500 гр-аас илүүгүй цай бэлтгэдэг ажээ. 2005 онд дуудлага худалдаагаар 25 мянган долларын үнэд хүрч зарагдаж байжээ. Харин 2006 онд цайны бүх ургацыг Хятадын Цайны үндэсний төв музейд өгсөн бөгөөд түүнээс хойш Дахунпао цайг хэн ч амтлаагүй байна.
Д.Жаргал
URL: