Түлш ховордсонтой холбогдуулан таван шинэ троллейбус үйлчилгээнд гаргалаа
Түлш, шатахуун ховордож, автобус компаниуд нийтийн тээврийн хэрэгслийнхээ тоог цөөлсөнтэй холбогдуулан Цахилгаан тээвэр компани троллейбусныхаа тоог өнөөдөр таваар нэмлээ. Ингэхдээ зүгээр нэг хуучин троллейбус үйлчилгээнд гаргачихсангүй будаг нь ханхалсан таван шинэ хүлэг үйлчилгээнд сойв. Энэхүү хүлгийг жолооч нарт нь гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болж, ЦТК-ын захирал Д.Жаргалсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Гаднаас худалдан авсан бол тус бүр нь 140 мянган долларын үнэтэй энэ унааг манай уран гартай инженер техникийн ажилтанууд 100 сая төгрөгт багтаан 500 сая төгрөгөөр ийнхүү тавыг бүтээжээ.
Уг троллейбус нь 35 хүний суудалтай бөгөөд нийт багтаамж нь 110, хүнээ чихэж суулгасан тохиолдолд 180 хүн багтах юм байна. Дашрамд дурдахад, Цахилгаан тээвэр компани нь 2006 оноос хойш дотоодынхоо 15 компанитай хамтран 40 троллейбус, доубус, монбус үйлдвэрлэн гаргаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн гурван чиглэлд 50 троллейбус иргэдэд үйлчилж буй аж.
URL: