Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах
Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлээс хамгаалахын тулд шийдэмгий арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Хүүхэд байхдаа өртсөн бэлгийн хүчирхийллийн урхаг маш удаан үргэлжлэхээр барахгүй өөртөө итгэх итгэл, сэтгэл хөдлөл, бусадтай ойр дотно харилцаа тогтоох, эх эцгийн үүрэг, бэлгийн харьцаа зэрэг бүх зүйлд нөлөөлдөг. Гэвч тэр нөлөөлөл нь хэчнээн их, удаан үргэлжлэх байлаа гээд ямар арга хэмжээ авахаас шалтгаалж илааршин эдгэрэх байдал бас өөр өөр байна.
Эцэг эх гэр бүлийнхэн, орчин тойрны хүмүүс хүүхдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болсныг богино хугацаанд мэдэж, тэднийг хамгаалан, шийдэмгий арга хэмжээ авах нь юу юунаас илүү чухал юм.
Хүүхэд хэлэхгүй бол эцэг эхчүүд мэддэггүй.
Бүх эцэг эхчүүд хүүхдээ бэлгийн хүчирхийлэлд өртөх юм бол тэр дороо өөрсдөдөө нь хэлнэ гэж найддаг. Гэвч бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн дөнгөж 30 хувь нь л эцэг эхдээ энэ тухайгаа хэлдэг ба 20 хувь нь л хууль хяналтын байгууллагад ханддаг байна./ ХЭҮТ-ийн үйлчлүүлэгчдийн бүртгэлд хийсэн анализ, 2007 он/ Бага насны хүүхэд бэлгийн харьцааны талаар огт мэдэхгүй тул бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхээ мэддэггүй. Мэдлээ ч гэсэн өөрөө л ямар нэг зүйл буруу хийчихсэн мэт санаж айдаг. Заримдаа үнэнийг хэлэх агшинд эцэг эх нь ямар хүнд цохилтонд орж болохыг бодоод санаa зовдог. Зарим тохиолдолд гэмт хэрэгтэн хүүхдэд хэнд ч хэлэхгүй байхыг шаардан дарамталдаг. Хүчирхийлэгч нь таньдаг хүн юм уу хамаатан садан байх тохиолдолд хүүхэд энэ тухай эцэг эхдээ хэлэхээс бүр ч ихээр зайлсхийдэг. Мөн эх эцэгтэйгээ ямар ч тохиолдолд өөрийн санасан бодсоноо чөлөөтэй ярилцдаг дотно холбоо үүсээгүй бол хүчирхийллийн тухай эцэг эхдээ ярих хэцүү байдаг.
Хүүхдийг бэлгээр хүчирхийлэгчид голдуу эргэн тойрныхон нь байдаг.
Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдийнхээ санаа бодлыг хүндэтгэж, тэдний өдөр тутмын амьдралын тухай чөлөөтэй ярилцдаг байх хэрэгтэй. Хүүхдийн тань хэлж ярьж, үйлдэж байгаа нь ердийнхөөс ондоо байгаа эсэхийг анхааралтай ажиглаж бай. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд энэ тухайгаа тойруу ч болов ямар нэг аргаар илэрхийлээд ч эцэг эхчүүд тэдний үгийг анхааралтай сонсож, ажиглахгүй л бол мэдэхэд хэцүү байдаг. Хүүхдийн бэлгийн хүчирхийллийг танихгүй хүн бус, ойр тойрны хүмүүс үйлддэг гэдгийг эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. Тэдгээр хүчирхийлэгч нар дунд аав, авга ах, авга эгчийн нөхөр, ах зэрэг цусан төрөл, мөн эцэг эхийн найз буюу хөрш айлын ах зэрэг аав ээжийн танил хүмүүс байх тохиолдол олон бий. Тиймээс хүүхэд тань хэн нэгэнд онцгойлон дургүй байх, эвгүйрхэх байдал үзүүлвэл энэ тухай сайтар шалган байцаах шаардлагатай. Юу түүнд эвгүй сэтгэгдэл төрүүлээд байгааг лавлан асууж, хүүхдийн санаа бодлыг хүндэтгэн үзэж, хэрэв хэрэгтэй бол нөгөө хүнд ямар нэг онцгой үйлдэл хийхгүй байхыг чандлан сануулах юм уу хүүхдэд ойрхон байхыг нь хориглох хэрэгтэй.
Хүчингийн гэмт хэргийн 59 хувийг ах дүү, хамаатан садан, танил, 33 хувийг болзооны хүчин, 8 хувийг гудамж, талбайн хүчин эзэлдэг байна /ГССҮТ, СБЭМН-ийн тайлан мэдээ, 2011 он/.
Хүүхэд тань бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол
Хүүхэд тань бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө хэлэх юм бол сандарч тэвдэх буюу уурлан бухимдаж болохгүй, харин хүүхдээ тайвшруулан аргадах хэрэгтэй. Үнэнээ хэлснийг нь магтан сайшааж, түгшиж айсан сэтгэлийг нь аргадан тайвшруулах нь чухал. Хүүхэд тань хүчирхийлэлд өртсөнөө өөрөө хэлэхгүй байсан ч гэсэн ердийнхөөсөө өөр зан гаргах юм уу энд тэндээ гэмтэж шархадсан байвал тэр даруй эмнэлэгт очих буюу хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрэв хүчирхийлэлд өртсөний яг дараа бол угааж цэвэрлэх буюу хувцасыг нь сольж өмсүүлэлгүй хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 50 99 05 05 утсанд хандаж зөвлөгөө авч, эмнэлэгт хандаарай. Хүчирхийлэлд өртсөнөөс хойш нилээн цаг хугацаа өнгөрсөн байсан ч гэсэн эмчид заавал үзүүл. Тэгээд болсон явдлыг нуугаад өнгөрөлгүй, гэмт хэрэгтнийг шүүхэд өгч зохих шийтгэлийг нь оноолгохын төлөө хичээх хэрэгтэй. Хүүхдийг хууль, эмнэлэг, сэтгэл зүйн туслалцаа авах боломжоор хангая гэвэл бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд зөвлөгөө өгдөг байгууллагад хандаж туслалцаа хүсээрэй. Гомдлоо гаргахаас өмнө Хүний эрхийн үндэсний комисст (Тэнгис кино театрын өөдөөс харсан Засгийн газрын 11 дүгээр байрны 509 тоот өрөө) биечлэн очиж хуулийн зөвлөгөө авч болно. Эсвэл 262786 утсаар холбогдож, info@mn-nhrc.org цахим хаягаар хандах боломжтой.
Хүүхдээ бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн авах арга хэмжээ
① Ердийн үед ч гэсэн хүүхэддээ бэлгийн хүчирхийлэл гэж юу болохыг амар хялбар байдлаар тайлбарлан ойлгуулна. Танихгүй хүнийг яагаад дагаж явж болохгүйг, танихгүй хүний гуйлтыг яагаад эсэргүүцэх ёстойг хүүхэд түүнээс л ойлгоно. Хүүхдийг бэлгийн хүчирхийллийн аюулаас зүгээр л айлгаад орхичих биш, тийм аюулд орохоос болгоомжлох сонор соргог чанарыг бий болгох нь илүү үр дүнтэй.
② Хүүхдэд, зарим нэг хүмүүс ойртон ирж юм асуухад хариулахгүй байсан ч болно гэдгийг, ингэх нь буруу зүйл биш гэдгийг тодорхой сайн ойлгуулах хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд “Би танай ээжийн найз” гэж хэлсэн танихгүй хүнийг, танихгүй хүн гэж бодохоо больдог. Танихгүй хүн ойртож ирээд ямар нэг этгээд зүйл хийхийг оролдвол маш яаралтай том хүнд хэлэх ёстой гэдгийг зааж сургах нь чухал.
③ Зөвхөн бэлгийн хүчирхийллийн тохиолдолд ч биш, ердийн үед ч бас өөрийн хүсээгүй зүйлийг “болохгүй”, “үгүй” зэргээр хэлдэг болгож сургах хэрэгтэй. Хүүхэд татгалзаж байгаагаа чөлөөтэй илэрхийлдэг байж таньдаг ч бай таньдаггүй ч бай хүмүүст өөрийн санааг тодорхой хэлж, хүчирхийллийг таслан зогсоох зоригтой болдог. Ингэж сургасны ачаар бэлгийн хүчирхийлэлд өртөлгүй зайлж гарсан тохиолдол амьдрал дээр олон байдаг.
④ Хүчирхийлэл гэж юуг хэлээд байгаа тухай олон талаас нь сайтар ярьж ойлгуулах нь бэлгийн хүчирхийлэлээс сэргийлэх, бусдыг хохироох явдлыг таслан зогсоох бас нэг арга юм. “хормой сөхөх“ “бөгснийх нь нүх рүү хатгах” зэрэг тоглоом шоглоомыг нөгөө хүнээ хүсээгүй байхад үргэлжлүүлэн хийх юм бол хүчирхийлэл болон хувирах боломжтойг ойлгосон хүүхэд, өөрийгөө болон бусдыг хүндэтгэдэг хүн болон өсдөг. Хүчирхийлэл, тоглоом хоёрын ялгааг мэдэж, нөгөө хүнийхээ бодол, сэтгэл санааг мэдэрч харьцдаг “дээд зэргийн мэдрэмжтэй” хүүхэд өсөн торниж байгаа нийгэм л бэлгийн хүчирхийллээс айхгүй чөлөөт нийгэм байж чадна.
Эх сурвалж:
ГССҮТөвийн тайлан.
БНСУ-ын олон соёлт гэр бүлийн сэтгүүл.
ДЭМБ, ХЭҮТ-ийн суурь мэдээлэл бүрдүүлэх судалгааны тайлан.
URL: