МОНГОЛ УЛС ТОМ УУ, ЖИЖИГ ҮҮ
Ер нь “гүн ухааны” хэдэн хичээл заахгүй бол монголчууд хэл амаа ололцох хөг өнгөрөх тийшээ хандаж байх шиг. Төстэй ойлголттой болж авахгүй бол хэл амаа олохгүй нь мэдээж хэрэг. Эхлээд хамгийн амархан мэт санагдах “Монгол Улс том уу, жижиг үү” гэсэн асуулт байна. Энэ асуултаас л хамаг юм эхэлнэ дээ. Энэ асуулт харсаар байтал гүн ухааны маягийн хариулт шаардана. Үүнд яаж хариулах нь нөхцөл байдлаас хамаардаг юм. Энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээс наад зах нь монголчууд бидний хэрүүл маргаан, цаад зах нь алдаа тэнэглэл гарч ирдэг юм. Энэ тухай асуудал дэвшүүлье.
Монгол Улс жижиг
Битгий уурлах гээд байгаарай. Дараа нь “том”-ыг нь ярина гайгүй. Та нараас чинь айх юм байна ш дээ. Таалагдахгүй л бол дөргүй бух шиг дайрна, энийг нь хэлбэл бүр шатна. Юу ч мэдэхгүй, юу ч ойлгоогүй хэвтэж маргаж хэрэлдэнэ. Дараа нь яах гэж тэгснийг асуухад “зүгээр л уур хүрсэн” гэсэн ганцхан тайлбартай. Үргэлж ийм тэнэг байж болмооргүй…
Энд би тоо моо хэлэхгүй. Зүгээр л Монгол Улсаа Хятадын Өвөрмонгол, Оросын Эрхүү мужийн аж үйлдвэр, хүн ам, эдийн засгийн чадавхитай харьцуулахад л хангалттай. Үгүй ядаж л Замын-Үүд, Эрээн хоёрыг харьцуулсан ч болно. Энд би хөгжил хийгээд түүний хурдцыг ярьж байгаа юм биш. Зүгээр л газар нутаг, хүн амын тоо, эдийн засгийн болон социал потенциал зэргийг хэлж байна. Эсвэл Япон юмуу Солонгосын дунд зэргийн компанийн эдийн засгийн үзүүлэлттэй Монголыгоо харьцуулаад үзсэн ч болно. Яаж ч бодсон манайх жижиг байгаа юм. Ганц бид ингэж бодоод байгаа юм биш л дээ. Гадаадынхан ч ингэж боддог, бас үйлддэг. Түүнчлэн тэд өнөөдөр л тэгж бодоод байгаа юм биш, Монголын хүч чадал бууран доройтсон үеэс л тэгж боддог, үйлддэг бодсон.
Яг цаг үеэр нь тоолбол Эзэнт гүрэн бууран доройсон, феодалын бутралын сүүл үеэс эхлээд манжийн дарлалд орсноос улам ихсээд одоо болтол үргэлжилж байгаа.
Үүнийг гайхаад зэвүүрхээд байх юм биш л дээ. Энэ дэлхийн улс гүрнүүд том жижиг гэж хуваагддаг, мөн том нь жижгийгээ дээрэлхдэг нь энэ ертөнцийн жам ёс мөнөөсөө мөн.
Үүнийг манайхан улс төрийн түвшинд ч, энгийн ухамсрын түвшинд ч сайн мэддэг, мэдэрдэг. Жишээлбэл: “Хятадууд Эрээнээ долоо хоног хаахад л гүйцээ”, “Оросууд бензиний крантаа хаахад л дуусаа”. Зарим нь бүр “Улаанбаатар дээр ганц бөмбөг хаяхад л дашийн шог” гэх мэтээр ярих. Ингэдэг биз дээ…
Энэ нь Монгол Улс жижигийн хамгийн энгийн баталгаа мөн. Цаашилбал, манайд болохгүй бүтэхгүй юмны үй түмэн жишээ байх. Үй түм шүү дээ. Үүнийг Бурхан багш ч тоолж чадахгүй байх. Энийг жишээ болгон ярих юм бол бүр ч жижигхэн болох нь мэдээж хэрэг. Ямар ч утгагүй, ямар ч найдвар, ирээдүй байхгүй…
Энд би зөвхөн улс төр, эдийн засаг мэтийн бодит зүйлийн хэмжээ дамжаа яриад байгаа юм биш, энэ жижиг хэмжээгээ дагасан хувь хүн, нийтлэг, нийгмийн түвшний өрөвдмөөр арчаагүй, хөгийн сэтгэлгээ, тайлбарлахын аргагүй хачин утгагүй, өчүүхэн жижиг тэнэг зан үйлдлийг бас ярьж байна.
Энэ утгаараа бол монгол хүн шиг тэнэг хүн энэ ертөнцөд байхгүй. Нээрээ шүү. Ялангуяа оюун сэтгэлгээ, эрдэм ном, соёлын тал дээр бол хамгийн арчаагүй, хуулбарлагч, сэтгэн бодох чадваргүй, хамгийн жижиг хүн. Хувь хүнийг “хоёр хөлтэй хохимой толгойтой” бүх хүн биш, харин тогтсон ертөнцийг үзэх үзэл, эрхэмлэл, үнэт зүйлийн системтэй, нийгмийн идэвхи, санаачлага, оролцоо бүхий хүн гэж бусдын адил ойлговол өнөөгийн Монголд хувь хүн бараг байхгүй, харин энэ дэлхийн хамгийн арчаагүй “жижиг” бэртэгчин индивидууд байх. Ийм учраас өнөөгийн Монгол бол зөвхөн хар амиа хоохойлон “атомжин” амьдрахыг хүсэгч бэртэгчингүүдээс бүрдсэн хамгийн жижиг улс мөн.
Яг үнэндээ бол монголчууд бараг юу ч уншдаггүй ард түмэн. Тэгсэн атлаа ганц нэг юм уншвал тэрийгээ бараг насан туршаа ярьж явах нь элбэг. Орчин үеийн рациональ болон шүүмжлэлт сэтгэлгээг огт мэдэхгүй. Иймээс сэтгэлгээ нь хэт догматик хийгээд консерватив. Үүнээсээ болоод жижигхэн болчихдог юм.
Монгол Улс том
Саяхны жишээ авъя. Саяхан Орос, Энэтхэг, Монгол гурвын Ерөнхий сайд нар Хятадад зэрэг айлчлав. Н.Алтанхуяг гэсэн Монголдоо ч бүтэлгүй амьтан Хятадад тэр том хоёр улсын Ерөнхий сайд нартай зэрэгцээд давхиад очиж байгаа юм. Цаанаасаа тэгж зохион байгуулсан ч байж магадгүй.
Хятадууд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг олон улсын бүхий л ёс журмын дагуу хүлээн авав. Хүндэт харуулаас эхлээд дипломатын бүхий дэг жаягийн дагуу. “Монгол ухаанаар” бол Хятадууд томоор нь Орос, Энэтхэг хоёрыг хоймроо залаад, жижгээр нь Монголыг хатавчиндаа суулгамаар. Гэтэл тэгсэнгүй. Зөв л дөө, энэ ёсыг дэлхийд Монголчууд анх бий болгосон учраас тэр нь одоо болтол мөрдөгдөж байгаа юм.
Н.Алтанхуяг болон Монголын бусад удирдагчдад дуртай улс байхгүйг би сайн мэднэ. Дандаа худлаа шаасаад байгаад тийм болгочихсон юм. Гэхдээ тэднийг албан ёсоор хаа ч очсон дээр өгүүлсэн шиг албан ёсоор хүлээн авдаг. Ёс нь тийм. Энд тусгаар Монгол Улс гэдэг нэг агуу том хүчин зүйл үйлчилж байна. Ухаандаа дээр жишээнд өгүүлсэн манайхаас “асар том” Эрхүү мужийн захирагч, Өвөр Монголын дарга нар гадаадад очиход тэднийг ингэж тооно гэж ёстой номонд хазгай. Энд Монгол Эрхүү, Өвөр Монголоос хамаагүй том нь илт харагдаж байна. Иймээс Монгол бол том, тусгаар тогтносон Монгол бол бүр ч агуу том.
Гэтэл харамсалтай нь том жижгийн харьцангуй ухагдахууны энэ ялгааг манайхан улс төр, дипломатын болон бусад түвшинд мэддэггүй, ялгаж салгадаггүй учраас тэнэгтэж өгдөг ба үүний үр дүнд гарцаагүй жижиг болж таардаг. Энд би үй олон жишээ гаргаж чадах ч олон түмэн надаас илүү мэдэх буй за…
Манай буурал түүх, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, алдар суу, иргэншил, соёлыг бол надаар хэлүүлэх юун. Монголчууд энэ дэлхийн түүхийн талыг бүтээсэн гэхэд нэг их хилс дүгнэлт болохгүй. Яагаад гэвэл бид ЭХ ҮНДЭСТЭН юм. Алтайн хүнээс эхлээд индианчуудаар дамжаад Хүн Сүмбээсээ эхлээд явахаар ийм өргөн дэлгэр болдог юм. Гэхдээ эдгээрийн ихэнхи нь өнгөрсөн цагт хамаарагддаг юм. Гэвч энэ нь нэгэнт алдсан гэсэн хэрэг биш. Түүх бол цикл буюу давтамжит хөгжлийн гайхамшигт талбар мөн. Чухам үүнийг ухаарч ойлгох нь бидний хувьд амин чухал.
Уг нь бол бид байгалийн баялгаасаа илүү гарахаар асар баян түүх соёлтой том ард түмэн. Даанч. Даан ч дээ… (Үг хомсдов…)
Хувь хүний унаган чадварыг бол ярих ч юм биш. Тамирчид, урлагийнхан, эрдэмтэд гэх мэтчилэн хязгааргүй олон жишээ авч болохыг бид бүгдээрээ мэднэ. Харин олуулаа, хамтаараа хийх болонгуут л паг сууна даа. Яагаад, яагаад ??? Үүнийг зөвхөн нийгмийн зохион байгуулалттай холбон тайлбарлаж болно. Дахиад хэлье. Зөвхөн нийгмээс хамаарч байгаа. Монгол хүнд байгалаас заяасан төрөлх авъяас чадварыг манай нийгэм, түүний зохион байгуулалтын хэлбэр тэтгэж, торниулж чадахгүй, харин эвдэж байна гэсэн цорын ганц дүгнэлт хийж болно.
Юу нөлөөлдөг вэ
Биднийг хөөрхөн, ухаантай болохоор гадаадынхан магтаад, шагшаад дандаа олон улсын түвшинд яриад байна гэж бодож болохгүй л дээ. Тэгвэл юунд татагддаг гэж ?!
Нэг дэх нь газар зүйн байрлал. Үүнийг тайлбарлаад байвал дуусахгүй юм болно. Гэхдээ монголчуудын олонхи энэ дэлхийн хамгийн сайн “геополитикч” учраас жигтэйхэн сайн “ойлгодог” учраас ингэсгээд орхиё. Яг үнэндээ бол геополитик гадарлах хүн цөөхөн л дөө…
Удаах нь байгалийн баялаг. Энэ ч бас л дэндүү “ойлгомжтой” асуудал. Гэхдээ үүнээс болж монголчууд зарж идэх, харамлах гэсэн хоёр хэсэгт хуваагдсан нь бас л тодорхой. Аль аль нь болохгүй л дээ. Үүнийг зөв шийдэхийг үндэсний бодлого гэнэ. Уг нь энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаатай байж шийдэх ёстой. Гэтэл энэ нь ор тас байхгүй учраас цээжнийхээ бангаар туух ба чингэхдээ голдуу өөрсдийгөө хорлодог. Олон улсын дунд худал хэлнэ, хууран мэхэлнэ, хуйвалдана, хулхидана, сүүлд нь баригдана, тэгээд гуйна. Энэ утгаар манайд “сайн” улс ганц ч байхгүй. Ямар ч барьц байхгүй, амлах нь гялс манас, биелүүлэх нь тамтай барьцгүй, бултаад алга болдог, дараа нь юу ч болоогүй юм шиг байдаг хөгийн улсуудад хэн сайн байхав.
Ямар сайндаа Путин “тохирлоо шүү” гэж монголоор хэлж, Хятадын У Банго “хэн хэндээ тодорхой, тогтвортой байх нь чухал” гэж ганц өгүүлбэр хэлэхийн тулд нисч ирж байна ш дээ. Харин Монголын Ерөнхий сайд бол шал тоохгүй, юу ч болоогүй юм шиг “хоёр улс юугаа ярина манайд хамаагүй” гэж ярих жишээний. Хоёр хөршөөс гадна барууныг бас хулхидна. Ардчилал “байгуулах” гэсэн чинь энэ хоёр том хөрш саад болоод биднийг хавчаад байна гэхчлэн тууж өгнө шүү дээ. Баруунаас мөнгө авчихаад зориулалтаар нь зарцуулна гэж бараг байхгүй дээ. Сүүлдээ бидний энэ заль мэхийг бараг бүгдээрээ мэддэг болж байна.
Монгол хэлээр “хүндээ хөнгөнөөс өгнө” гэдэг болж байгаа юм. Ингээд жижигрээд явчихдаг юм. Өөрийн “том” мөн чанарт огт зохихгүй жижиг сэтгэлгээгээр хандах явдал Монгол төрийн дээд түвшинд нэн элбэг бөгөөд түгээмэл.
Наад зах нь худал хэлэх, хууран мэхлэх. Үүнд би жишээ авахгүй. Яагаад гэвэл би болон бусад олон хүн залхтал бичсэнээс гадна монголчууд ч сайн мэдэж байгаа. Дараа нь хүн ичиж үхмээр адал явдлууд. Ухаандаа Орост төлөх өр дарсан явдлыг Н.Энхбаяр дарга орос хэл сайн мэддэг тулдаа хэдхэн “юм” яриад хоёрхон хоногт шийдчихсэн гэх суртал нэвтрүүлэг хэнд хэрэгтэй юм ?! Монголчуудад тусламж болгосон олон удаагийн мөнгийг нь харсаар байтал авч идчихээд өөдөөс нь байнга хараах Хятадад хэрэгтэй гэж бодож байна уу ?! Өөрсдөө тэнэг болохоороо бусдыг тэнэг гэж бодож болохгүй ш дээ.
Гадаадынхан уур нь хүрсэн ч ил гаргаж чаддаггүй шиг байгаам. Лав л хоёр хөрш сүүлийн үед манайхыг илт тойруулан гэрээ хэлэлцээр хийх болсон. Манай баруун талд торгоны зам ид цэцэглэж байна. Зүүн талд хамаг улс хөгжиж байна. Харин манайх өргөн төмөр зам баривал Орос цэрэг ороод ирнэ, нарийнийг баривал Хятад цэрэг ороод ирнэ гээд балайраад сууж байна. Түүгээр ч үл барам манайхыг хавчин хяхаж байна, эдийн засгийн ваакумд оруулж байна гэсэн явцгүй суртал нэвтрүүлэг хар чадлаараа хийх.
Сүүлдээ Монголыг бүх улс аргадаж байх ёстой мэт ойлгодог болж. Харин энэ бол аюул юм. Айлын эрх хүүхэд хэн нэгэнд уурлангуутаа нөгөөдүүл рүү нь очоод өвөр дээр нь гараад суучихдаг шиг юм болж байна. Ингэж “дэлхийн гэр бүл” хэрэлдэхийг монголын асуудал гэнэ. Манайхны зарим олон улсын хэмжээнд хулхидахыгаа хүртэл “улс төрийн урлаг” гэж хэлэх болтлоо эрээ цээрээ алдсан луйварчин болсон байна. Ийм эргүү тэнэг байж болохгүй л дээ…
Уг нь Монголын асуудал их өргөн хүрээтэй, их гүнзгий, их том асуудал байсан бол буруу эрхэлснээс болоод том гэгчийн алт барьсан эрхийн тэнэг хүүхдээс тэрийг нь яаж салгаж авахав гэсэн шал тэнэг асуудал болон хувирч байна. Алтаа өөрөө хэрэглэж чадахгүй, түүгээрээ юм хийж чадахгүй, хүн болгонд өгнө гэнэ, тэгсэн мөртлөө өгөхгүй, авах гэхээр уйлна, бусад хүн харж байхад зодож болохгүй, аргадаж болохгүй, хуурагдахгүй үнэн муу ёрын “ардчилсан хүүхэд” монгол болж. Тэгсэн мөртлөө “том хүний” паспорттой, том хүн шиг ярина, харин жижиг хүүхэд шиг үйлдэнэ.
Ингээд Монголын том жижгийг олон улсад байтугай өөрөө ч мэдэхээ больж байгаа юм.
Сүүлийн үед Монголын хамаг юм дандаа буруу явж байна. Тухайлбал : “Ухаалаг төр” гээд хамгийн тэнэг юм бодож олох жишээний. Өөрөөр хэлбэл томрох газар жижигрээд, жижигрэх газар томроод байгаа улсуудыг юу гэж хэлэх монгол үг би одоохондоо олж чадаагүй байна…
Том байхын тулд
Одоо надаас асуух гээд хэл нь загатнаж байгаа. Чи муу тэгээд чаддаг юм бол Монгол Улс том уу, жижиг үү гэдгийг хэлчих л дээ, чадахгүй байж дандаа худлаа чалчина аа гээд надад “томорч” өгнө. Харж л байгаарай. Дэлхийн бүх хүн алив юмыг “хэрэгтэй хэрэггүй” гэж ангилдаг байхад монголчууд “таалагдсан таалагдаагүй” гэж ангилдаг юм. Хэрэв монгол хүнд таалагдахгүй бол тэр толгойдоо орсноороо эсэргүүцэн хүн “загнаж” томордог бөгөөд үүнийг монголчуудын “томрох” өвчин гэдэг. Төрөлхийн унаган өвчин юм. Уг нь ингэж “томрох” ямар ч шаардлага түүнд байхгүй л дээ. Тэглээ ч гэсэн “томрохгүй” бол монгол хүн яагаад ч болохгүй. Уг нь бол том юм чинь томорч бололгүй яахав, гэхдээ мэддэг, чаддаг байж томордог гэдгийг Монголчууд мартаад олон зуун жил болж байна. Монголыгоо мэдэхгүй бол монгол судлаач байсны хэрэг юун. За асуудалдаа оръё.
Энд өгөх хариулт нөхцөлөөсөө шалтгаалдаг юм. Жижиг байх үед нь жижиг байж, том байх үед нь том байх ёстой. Буруу үед буюу тохирохгүй нөхцөлд томрох буюу жижгэрвэл тэнэг буюу усан тэнэг болдог юм.
Энд сайн муу олон зүйл ярьж болно. Х.Чойбалсан тусгаар тогтнолын асуудлаар Сталинаар зарим буулт хийлгэж байсан. Ю.Цэдэнбал ухаан, зөн билгээрээ Оросын улс төрийн бодлогод зарим үед хүчтэй нөлөө үзүүлж байсан, тухайлбал ЗХУКН-ыг хэн даргалах вэ гэсэн асуудлыг шийдэхэд хүртэл нөлөөлж чадаж байсан. Лав л Л.И.Брежневээр дамжуулан Монголын асуудлыг түүний байнгын анхааралд байлгаж, хүссэн юмаа авдаг байсан. Ийм жишээ олон бий. Албаар жижиг харагдаж байгаад юм салгах ч олон тохиолдол байсан. Нөхцөл байдал ч тун олон янз л даа…
Одоо болохоор манайх ардчилсан, эрх чөлөөтэй улс, иймээс Та нарт дээрэлхүүлж чадахгүй маягийн юм яриад шууд “томроод” өгөхөөр чинь маниас айдаг амьтан гэж байхгүй л дээ. Бараг л хоёр хөршдөө “ардчиллын хичээл” заана гэдэг юм биш үү. Манай аваргуудаар “ардчилал” заалгаж байдаг, дүүрчихсэн тэнэг гэж байхгүй л дээ. Сүүлийн үед дэвэн дэлхийгээр нэг шинэ найзуудтай болж байх шиг. Олон найз сайн ч гэсэн яав ч “томын” шинж биш л дээ…
Дүгнэлтийн оронд
Энд гүн ухааны шинжтэй нэгэн дилемм өгүүлж үүнийг эрэгцүүлэн бодохыг хүсч байна. Энэ бол чоно туулайн үзэгдэл (эффект) юм. Энэ талаар бүхэл бүтэн гүн ухааны сургааль маягийн юм байх. Товчилвол: Чоно том, туулай жижиг. Чоно туулайг барина, түүгээр хооллоно. Гэхдээ хүссэн зоргоороо барьж чадахгүй. Чоно туулайг хөөвөл гагцхүү туулайн явсан замаар явна. Туулай хаашаа ч эргэж, бултаж болно. Хаашаа зугтах нь ганцхан түүний мэдэх хэрэг. Гэнэт бултаж эргэвэл чоно хүзүүгээ хугалж ч болно. Мөн туулай гахай, баавгайн үүр рүү давхиад орчихож ч болно. Тэгвэл бүр баларсан юм болно. Туулайнаас болж чоно өөрөө ч үхэж болно. Гэхдээ энэ нь туулай санаа амар яваад байна гэсэн үг биш. Хэтэрхий бардвал мэдээж гарцаагүй үхнэ. Тэр цаг ямагт аюул занал дор байна. Энэ мэтээр цаашаа яаж ч фантаазалж болно. Гэхдээ миний ойлгож байгаагаар өнөөгийн Монгол бол “бардам туулай” мөнөөсөө мөн.
Эртний Грекийн үеэс энэ дэлхийн хамгийн ухаантай үг болон утга бол “хэмжээ” байдаг гэж үзсээр ирсэн юм. Манай гүн ухаанд ч тэгж үздэг. Бүх юманд хэмжээ байх ба тэрхүү хэмжээгээ ихдүүлэх буюу багадуулбал хамаг юм дуусах. Харин энэ хэмжээгээ мэдэх, мэдрэх нь хамгийн гол асуудал байх бөлгөө.
Сүүлийн үед ярихаараа бүх хэмжээгээ алддаг Ерөнхийлөгчтэй болж авав. Амлах, худал хэлэхээс өөрийг үл мэдэх Ерөнхий сайдуудтай (Засгийн Газар) болов. Сонгуулийн өмнө ба хойно гэсэн зөрчилт болон хөнөөлт үйлдэл хийдэг “олон хэмжээст” нам төртэй болов. Бараг бүх улс төрч, бизнесүүд нь хэзээ үнэн ярьж, хэзээ худал ярьж байгаагаа өөрсдөө ч мэдэхээ байв. Үүнийгээ дагаад Монголын бүх юм хэмжээ дамжаагаа бүрэн алдав. Өөрөөр хэлбэл том жижгээ бараг бүгдээрээ мэдэхээ байв. Энд би физик буюу биет утга ерөөсөө яриагүй зүгээр л хөл толгойгоо алдсаныг ярьж байна.
Асуудал “том жижигтээ” байгаа юм биш, харин: 1. Бид хаанаас ирсэн бэ ? (түүхэн гүн ухааны асуудал), 2. Бид хэн бэ ? (танин мэдэхүйн ерөнхий шинжилгээний буюу үндэстний гүн ухааны асуудал), 3. Бид хаашаа явахаар зорьж байна вэ ? (ирээдүй судлал, үндэсний үзэл санааны асуудал) гэсэн үндэстний өмнө тулгарсан зарчмын асуудлуудад байдаг. Яг нарийндаа бол эндээс зорилтоо гаргаж аваад бүх үндэстнээрээ зорин тэмүүлэхэд оршдог юм.
Ахиад л даанч, даанч…тэр нь алга. Түүнийг хийхгүй, хийлгэхгүй байна. Бүр санаатайгаар шүү…Тэгэхээр юу хийхээ, хаашаа явахаа мэдэхгүй улс чинь жижиг байхгүй яахийм ???
Түүхэн болон оршихуйн утгаар бид том үндэстэн юм. Тийм ахул бидний хамаг юм, нэн тэргүүн бидний оюун сэтгэлгээ хамгийн том бөгөөд тэргүүний байх ёстой. Энэ бол зарчим, яагаад гэвэл бид оюун ухааны болон мэдээллийн шинэ зуунд амьдарч байна.
Иймээс дэлхийн “ардчиллын дарга” болох, “ухаалаг төртэй” болох гэх мэт хачин балай юм хийхийн оронд дээр дурдсан асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг ярихаар бараагүй хол, хаа хамаагүй, хэт хийсвэр, онол номын мэт ойлгодог мунхаг харанхуй зангаа тат. Бусад улс оронд ийм ажил бүх нийтийн өдөр тутмын үйлс болоод их удаж байгаа.
Монгол Улс эсвэл томорч давхиад, эсвэл жижгэрч үхээнц царайлаад байлгүй, зүгээр л үндэсний язгуур эрх ашгаа илэрхийлээд түүнийгээ хамгаалаад аятайхан яваад байхад нэр хүнд, хүч чадал тэр дороо л сэргээд ирэх нь гарцаагүй.
Энэ үгийг хэн нэгэн “заавал ойлгохгүй” гэдгийг би монгол судлаачийн хувьд сайн мэдэж байна. Иймээс жинхэнэ ардын монгол хэлэндээ буулгаж бас болж байна.
Хулгай хийхгүй, худал хэлэхгүй, хов хутгахгүй, хэлсэн үгэндээ эзэн болоод идсэн хоолондоо сав болоод, эдийн шуналаа татаж, олив долив хийгээд байлгүй хүн шиг төв шулуун, цэгц шударга яв гэж байна. Ингэж чадвал “ухаантай” болчихлоо л гээд бодчих…
Энд чинь хүн зовж үхчих гээд, сүрхий онол ном зохиогоод “томрох” гээд солиороод байх ямар ч хэрэг байхгүй. Тэртэй тэргүй өнөөгийн монголын “том” дарга нарын дунд ном эрдмээрээ “томорчихмоор” олигтой амьтан байх биш…
Монгол хүн эрх мэдэл, мөнгө их хөөхөөр хүнээ байж, толгойгоо “алдаж” байснаас биш, ухаан сууж байсан ганц ч тохиолдол Монголын бүх үеийн түүхэнд байхгүй. Иймээс “том” байхын тулд толгойдоо “юм” хийж, толгойгоо ажиллуулах нь Монголчуудын цорын ганц зам мөн…
Судлаач Х.Д.Ганхуяг.
URL: