Хурган дарга нарын ашиг олдог тусгай зөвшөөрлийн лицензийг багасгах ёстой гэв

c6c4960c48d696bcoriginalМАН, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, манай улсын нийгэм эдийн засгийн байдал сүүлийн жил гаруйн хугацаанд эрс хүндэрч, монгол төгрөгийн ханш огцом унаж, бизнесийн таагүй орчин аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хүндээр тусч байна.  Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэлийн гүйцэтгэх үүргийг өндөржүүлэх, баялаг бүтээгчдэд ирж буй шахалт дарамтыг багасгах, тэдний төрд итгэх итгэлийг сэргээх эрх, зүй эдийн засгийн орчин нөхцлийг цогцоор нь бүрдүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгаа юм.  Тиймээс МАН, УИХ дахь намын бүлгээс баялаг бүтээгч ажил олгогчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэвлүүлэхээр хэрэгжүүлж буй ажлыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм.  Тиймээс ч дээрх санамж бичигт гарын үсэг зурах ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.  Ерөнхийдөө санамж бичигт дурдахдаа таван зүйлийг онцлон тэмдэглэжээ.

Тухайлбал, Бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртлыг багасгах үүднээс лиценз, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, баялаг бүтээгчдэд төрийн байгууллагуудаас үзүүлж буй элдэв шахалт дарамтыг багасгах; импортыг орлох үйлдвэрлэл эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, өөрийн зардлаар мэргэжлийн сургалт явуулсан, шинээр ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн энэ зориулалтаар гаргасан хөрөнгийг татвараас чөлөөлөх хууль эрх зүйн орчинг бий болгох; цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэн нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бий болгох; хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны бие даан хараат бусаар ажиллах боломж нөхцлийг сайжруулах, эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг одоо тулгамдаж буй асуудлаар хамтарч ажиллахаар боллоо.  Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдөр Монгол Улсад хамгийн сүүлийн судалгаагаар 1100 гаруй тусгай зөвшөөрөл лиценз байна.  Энэ тусгай зөвшөөрлийн 70-80 хувь нь бараг шаарлагагүй гэж хэлэхэд болохоор байгаа юм.  Хамгийн гол нь энэ олон тусгай зөвшөөрөл юунд хэрэглэгдэж байна вэ гэхээр дунд шатны хурган дарга нарын амьдрах оршин тогтнох эх үндэс болж байна.

Өөрөөр хэлбэл, тэдний амьдрах арга хэрэгсэл болж хувирсан. Мөн энэ тусгай зөвшөөрлийн лиценз байгаа цагт Монголд дунд шатны болон дээд шатны авлигалууд дуусахгүй.  Ерөөс Монголд төрийн хүнд суртал, төрийн дарамт хэрээс хэтэрлээ гэж яриад байгаа.  Шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдаад хоёр жил болж байна. Бүрэн эрхийнхээ 50 хувийг туулчихаад байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр хүнд суртал, төрөөс дарамтлах энэ үзэгдэл улам л нэмэгдсэн. 2012 онд 11 яамтай байсан бол өнөөдөр 17 яамтай. Энэ яам, сайдууд, дарга нар нэмэгдэхийн хэрээр хувиараа бизнес эрхлэгчдэд  төрөөс үзүүлж байгаа дарамт тусгай зөвшөөрлийн тоо улам нэмэгдэж байна”хэмээн онцоллоо.

Д.Ангараг


URL:

Сэтгэгдэл бичих