Улаанбаатар банкны хувьчлал хэний шүлсийг гоожуулж байна вэ
Гэтэл нийслэлийн үе, үеийн удирдлагууд ашигтай ажиллаж байсан Улаанбаатар банкинд хөрөнгө оруулалт хийхээс удаа дараа татгалзаж байсан нь сонин. Түүх сөхье.
Улаанбаатар сангийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын хөгжлийн банк” байгуулах саналыг Нийслэлийн Засаг дарга 1997 онд гаргаж, НИТХ 1998 оны нэгдүгээр сард дэмжсэнээр Улаанбаатар банк байгуулагдах нөхцөл бүрджээ.
Энэ шийдвэрийн дагуу ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд Улаанбаатар сангийн Удирдах зөвлөл 1998 оны нэгдүгээр сарын 28-нд хуралдаж, “Нэг тэрбум төгрөгийн дүрмийн сан бүхий, төр ба хувийг өмч оролцсон ХХК байх Улаанбаатар банкийг байгуулах шийдвэрийг гаргасан байдаг.
Дараа нь 2001 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатар хотын банкны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гарч, банкны дүрмийн санг хоёр тэрбум болгох Монголбанкны шаардлагын дагуу Улаанбаатар сан 500 саяыг тодорхой гурван иргэнийг нийлээд 500 сая төг нэмж хийхийг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ хүртэл банкны төрийн мэдлийн хувь 51 хувь хэвээрээ яваад байсан.
Харин 2003 онд банкны хувь нийлүүлэгчид хуралдаад дүрмийн санг таван тэрбум болгож, 20 хувийг Улаанбаатар сан, үлдэгч 80 хувийг хувь нийлүүлэгч иргэдийн хөрөнгө болгох шийдвэр гаргасан байдаг. Энэ үед нэр бүхий дөрвөн иргэн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байдаг. Ингээд л төрийн хөрөнгөөр байгуулагдсан банк бусдын мэдэлд шилжих нь тэр. Төрийн эрх мэдэлтнүүд төсвийн хөрөнгөөр аж ахуйн нэгж байгуулаад дараа нь ашиггүй болгож, хямдхан хувьчилж авдаг жишээг Улаанбаатар банк үргэлжлүүлэх нь.
Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар банкны дүрмийн санг нэмэгдүүлэхээс яагаад татгалздаг байсныг хуулийн байгууллагаар шалгуулсан ч гэмгүй. Тухайн үед нийслэлийн төсвийн орлогын талаас илүү хувийг аймгуудын төсөв рүү шилжүүлдэг байсан нь үнэн ч, ашигтай ажилладаг өмчөө аваад үлдчих боломж байсан. Гэвч тэгээгүй. Энэ удаа ч гэсэн тэгэхгүй нь. Хэвлэлд гарч байгаа мэдээллээс үзвэл эрх баригч намынхан Улаанбаатар банкны 20 хувийг хямдхан хувьчилж авахаар комбинаци зохион байгуулж байгаа бололтой. Бодит үнэлгээнээсээ дэндүү хямд зарагдах юм бол энэ үнэн болно. Гэвч одоогоор үнэлгээ хийх ажил эхлээгүй байна.
Төр өөрийн мэдлийн хувь эзэмшилтай банкуудыг өмнө нь хувьчилж байсан ч дандаа ашиггүй болсон үед нь хувьчилж байв. Тийм ч учраас Банкны хувьчлалын талаар баримтлах үндсэн чиглэлд хувьчлахаасаа өмнө гадны менежментийн багт даатгах зэргээр үр ашгийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг эхний ээлжинд авч хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн байдаг. Тэгвэл Улаанбаатар хотын банк 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, ашигтай ажилладаг банк учир урьд өмнө явагдаж байсан Сэргээн босголтын банк, Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банк, Хөдөө аж ахуйн банк, Экспорт Импорт банкны хувьчлалаас өөрөөр явагдах учиртай. Миний ойлгож байгаагаар бол нийслэлийн данс Улаанбаатар банкинд төвлөрдөг /анх байгуулагдах үед тийм байсан одоо ч хэвээрээ байх/.
Тиймээс энэ давуу талыг нь бодолцож, үндсэн үнээс нь бүр илүү ч үнэ өгөх боломжтой юм. Нийслэл төсвөө өөрсдөө хянаж зарцуулдаг болсон өнөө үед ашигтай ажилладаг ганц банкиндаа хөрөнгө оруулах боломжгүй гээд байгааг бодохоор “Ардчиллынхан Улаанбаатар банкийг хямдхан авах гээд байна” гэдэг яриа үнэн ч юм шиг.
Нийт төсөв, гүйлгээ нь ганцхан банкинд төвлөрч байх нь эрх баригчид, эрх мэдлээ урвуулан ашиглагчдад унацгүй ч байж болно шүү дээ. Үүний оронд банкийг татан буулгачихаад арилжааны олон банкуудтай харьцах нь тэдэнд ашигтай. Улаанбаатар банкийг хувьчлах гээд байгаагийн жинхэнэ шалтгаан үүнд ч байж болох юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: