Нефть импортлогчдын алдааг үүрсэн гажиг Засгийн газар
Н.Алтанхуяг: Цаанаас авдаг үнэд өөрчлөлт орж, 10 юм уу 20 төгрөгөөр нэмэгдсэн байх
-Шатахууны үнийг Засгийн газраас нэг жилийн хугацаанд тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үнийг тогтвортой барьж чадсан бөгөөд 50 төгрөгөөр бууруулсан.
Шинэ он гарснаар шатахууны үнэ огцом өсөх шалтгаан байхгүй. Гэхдээ хэдэн жилийн хугацаанд Засгийн газар 10, 20 төгрөгөөр нэмэхэд хяналт тавихгүй явж ирсэн. Харин 90 төгрөгөөр өсөх шалтгаан байхгүй. Тэгэхээр шатахуун импортолдог компаниудын цаанаас авдаг үнэд өөрчлөлт орж, 10 юм уу 20 төгрөгөөр нэмэгдсэн байх. Энэ талаар тодруулна.
А.Ариунболд: Үнэ нэмэгдсэн асуудлын учир шалтгаан нь юу байсан талаар судалж үзнэ
Аж ахуйн нэгжүүд үнэ нэмэх асуудлаар манайд мэдэгдэх, зөвшөөрөл авах үүрэг хүлээгээгүй
-Ямар нэгэн мэдээлэл шатахуун импортлогч компаниуд болон Газрын тосны газраас ирээгүй байна. Одоогоор хэвлэлийн мэдээтэй л байна. Аж ахуйн нэгжүүд үнэ нэмэх асуудлаар манайд мэдэгдэх, зөвшөөрөл авах үүрэг хүлээгээгүй. Ерөнхийдөө Газрын тосны газар дээр асуудлыг ярьж шийдсэн байх гэж ойлгож байна.
ШӨХТГ Газрын тосны газраас мэдээлэл авна. Тэндээс ямар нэгэн байдлаар нөөцийн бүрдүүлэлт ч гэдэг юм уу, зохицуулалттай холбоотой асуудлаа тодруулах байх.
Үүний дараа шаардлагатай гэж үзвэл бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн асуудлын учир шалтгаан нь юу байсан талаар судалж үзнэ.
Г.Өлзийбүрэн: Тогтворжуулна гэдэг чинь шатахууны үнийг огт нэмэхгүй гэсэн үг биш
-Тогтворжуулна гэдэг чинь шатахууны үнийг огт нэмэхгүй гэсэн үг биш. Том савлагаанаас урьдчилан сэргийлж байгаа юм.
Шатахуун импортлогч компаниудад нийтдээ 192 тэрбум төгрөгийн зээлийн арилжааны банкуудаар дамжуулан, 3.9 хувийн хүүтэйгээр олгосон. Өмнө нь компаниуд 7-8 хувийн хүүтэй зээлийг банкуудаас авдаг байсан.
Ер нь шатахуун импортлогчдод зээл олгосноор 5-6 төгрөгийн нөлөө л үзүүлж байна. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сараас хойш валютын ханш огцом өсч, маш том хэлбэлзэл гарахад “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн дүнд үнэ харин ч тогтвортой байсан.
Өнгөрсөн оны зарим саруудад шатахуун 50 төгрөгөөр буурсан тохиолдол ч бий. Мөн шатахууны нөөц хоёр дахин нэмэгдсэн. Шатахуун импортлогч компаниудад нийтдээ 192 тэрбум төгрөгийн зээлийн арилжааны банкуудаар дамжуулан, 3.9 хувийн хүүтэйгээр олгосон. Өмнө нь компаниуд 7-8 хувийн хүүтэй зээлийг банкуудаас авдаг байсан. Гэхдээ хөнгөлөлттэй зээл гэдэг чинь зүгээр өгчихөж байгаа зүйл биш.
Компаниуд эрсдлээ үүрээд, зээлээ эргэн төлж байгаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд компаниуд арилжааны банктай валютын ханшийн огцом өсөлтийн эрсдлийг бууруулах форвард хэлцэл хийсэн. Идэвхтэй байгаа болон төлбөр тооцоо хийгдсэн нийт 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийсэн байна.
Түүнчлэн “Жаст ойл” ХХК-ийн өмнөх удирдлагууд нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т зарцуулах мөнгөө өр төлбөр төлөх зэргээр өөр зүйлд зарцуулсан асуудал гарсан. Иймээс Монголбанк 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татсан. Одоо тус компанийн менежментийн зохицуулалтыг “Магнай трейд” хариуцаж байгаа юм.
Өнгөрсөн онд шатахууны үнэ өссөн ч тогтворжсон. Одоогийн байдлаар улсын хэмжээнд дунджаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байгаа. Үүнээс А-80 шатахуун 51, АИ-92 автобензин 42, ДТ 47, ТС-1 16 хоногийн нөөцтэй байна.
Сэтгүүлчийн дүгнэлт: Орвол орсон шиг ор, эсвэл боль
Хоёр жилийн өмнө нефть бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэхэд УИ Х, Засгийн газар, холбогдох албан тушаалтнууд Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ.
“Яагаа вэ, Б.Ариунсан үнэ хөөрөгддөг” гэвэл хүмүүс илүү санах байх. Төр нефть импортлогчдыг орлогын албан татвар, НӨАТ-аас чөлөөлчихсөн, онцгой албан татвар л үлдчихсэн байсан үе.
Тэр хэлэлцүүлэг дээр Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар “10 тэрбумын торгууль төлж чадахгүй шүү. Авах юм бол ардуудаас чинь буцааж авна шүү” хэмээн илт заналхийлсэн өнгөөр ярьж, УИХ, Засгийн газрын гишүүд ч “ер нь онцгой албан татвараас нь чөлөөлчихвөл яасан юм бэ” гэлцээд эхэлсэн байлаа. Ард түмэнд таалагдах гэсэн зарим нь “татаас өгсөн ч болохгүй юмгүй, ард түмний амьдрал хүнд байна” хэмээн цээжээ дэлдээд ч амжсан юм даг.
Тэгвэл яг энэ үеэр “Нефтийн импортод төрийн монополийг тогтоох” гэсэн анхаарал маш татсан асуудлыг Б.Батбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд санаачлан гаргаж ирсэн билээ.
Нефть импортыг төр мэдэлдээ авч, хувийн хэвшлийнхнээр жижиглэн худалдааг нэг үнээр хийлгэдэг болох утга санаатай энэ хуулийг санаачилсны дараа нефть импортлогчдын толгойг илэхээр завдаж байсан Засгийн газар татаас өгөх санаанаасаа буцсан юм. Тухайн үедээ үнийн нэмэгдэл ард түмний нуруун дээр үлдсэн ч гэсэн нефть импортлогчдыг “та нарыг мэддэг газар бас байдаг юм шүү” гэдгийг сануулснаараа энэ хуулийн төсөл үр дүнгээ өгсөн гэж боддог. Энэ бол одоо эрхн баригч болсон Ардчилсан нам “төр нефть импортод оролцвол оролцсон шиг оролцъё, боливол болье” гэсэн сонголтыг хийсэн явдал байсан гэж тухайн үедээ ойлгогдож байв.
Сонгуульд Ардчилсан нам ялбал нефть импортлогчдын ханд хага дарагдах юм байна гэсэн ойлголтыг сонгогчид эндээс баттай авсан юм. Гэтэл сонгуульд ялсныхаа дараа 2012 оноос эхлэн Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр гэсэн өөх ч биш, булчирхай ч биш ажил хийж эхэлсэн нь өмнөх зарчмаасаа ухарсан хэрэг болсон. Тэд нефть импортлогчдод зээл олгосноороо атгандаа оруулж авна гэж тооцсон ч үнэн хэрэгтээ өөрсдөө нефть импортлогчдын аманд багтчихсан.
Ард түмний мөнгийг хувийн компаниудад тарааж өгөөд ард түмний халааснаас гарах мөнгийг хэмнэнэ гэдэг бол үнэндээ явцгүй арга юм. Тиймээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосон ч болохоор.
Уул уурхайн том хэрэглэгчид жижиглэнгийн үнээс хамаагүй хямд бензин, шатахуун хэрэглэдэг дутагдал арилсангүй. Нефть импортлогчид уг нь жижиглэнгийн зах зээлд үнээрээ өрсөлдөх ёстой. Гэтэл жижиг хэрэглэгчдэд үнээ хямдруулахгүй том худалдан авагчдыг татахын тулд хоорондоо өрсөлдөөд үнээ буулгаж байна. Том хэрэглэгчдэд бөөнөөр нь хямдхан зарсан ч ашиг олж байна гэдэг чинь жижиг хэрэглэгчдэд ч үнээ хямдруулж зарах боломж байна л гэсэн үг шүү дээ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн эсэхийг одоо дэнслэхэд учир дутагдалтай ч байж мэднэ. Гэхдээ л энэ хөтөлбөр хэзээ нэгэн цагт зогсох нь үнэн. Ард түмний мөнгийг хувийн компаниудад тарааж өгөөд ард түмний халааснаас гарах мөнгийг хэмнэнэ гэдэг бол үнэндээ явцгүй арга юм. Тиймээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосон ч болохоор.
Засгийн газрын байр суурь хэврэг, унагахад амархан байсан үед бол энэ хөтөлбөр эрх баригчдад улс төрийн ашиг хонжоо өгсөн байхыг үгүйсгэхгүй. Төр тогтвортой байснаараа ард түмэн ч хожсон. Харин одоо шатахууны үнэ жаахан хөдлөхөд л иргэд нь нефть импортлогчидоо алгасан Ерөнхий сайд руугаа “Нөгөө үнэ тогтворжуулна гээд байсан аль вэ” гэж асууж байна. Энэ бол гажуудал.
Х.Батсайхан
Монголын мэдээ
URL: